Амиа хамгаалж сурья л даа монголчуудаа

Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд осол аваар ихээр гарах боллоо. Замын цагдаагийнхан судлаж үзээд өнгөрсөн жилүүдийнхээс хавьгүй ихээр хөнөөлт осол нэмэгдэж байгааг тогтоожээ. Учир нь сүүлийн жилүүдэд Монгол орны зам харгуй харьцангуй сайжирч хөдөөгийн аль ч замууд дэржигнүүр шороон байдлаасаа салж хурдны гэмээр асфальтан замаар солигдсонтой холбоотой.

Гэхдээ тавьсан замд буруу байхгүй ээ. Энд мэдээж хэрэг жолооны ард сууж яваа хүмүүсийн хариуцлага, ухамсар нөлөөлж байгааг дурдах гэсэн юм.

Монголчууд дэржигнүүр шороон замаараа туучиж сурсан хүмүүс. Харин гялайсан тэгш сайхан замаар хурдаа тохируулж явж сураагүй байгааг орон нутгийн замд байсгээд л хэд хэдээрээ таарах онхолдсон, осолдсон машинууд гэрчилнэ.

Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдэж, 423 эрдэнэт хүний амь сүйджээ. 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан байна. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсныг тооцвол хот суурин газрынхыг бодвол харьцангуй бага гэмээр.

Гэвч хөнөөлт байдлаараа орон нутгийн замд гарсан ослууд аймшигтай. Ослоор нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны эхний таван сартай харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус огцом өссөн дүнтэй байна.

Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцөлийг судалгаанаас үзэхэд 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн байна. Хөдөөгийн ард иргэд бүрэн бус мотоцикл согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их байдаг аж. Автомашинаар зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна.

Ялангуяа 6, 7, 8 саруудад орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсдэг. Энэ нь урин дулаан болж хот суурингийн иргэд хөдөө орон нутагт амарч аялж зугаалахаар зорих нь ихэсдэгтэй холбоотой. Наадмын өмнөхөн орон нутгийн замд осол аваар ихэслээ гэж Замын цагдаагаас мэдээлэл хийхэд үүнд анхаарлаа хандуулсан нь хэд юм бол доо.

Эндээс л монгол хүний хайхрамжгүй зангийн илрэл ажиглагдана. Учир нь өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 хүн амь насаа алдсан байна. Иракт алан хядагчийн дэлбэлсэн томоохон бөмбөгний хохиролтой дүйцэхээр тоо байгаа биз. Амь насаа алдсан хүмүүсийн 4 нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгсээр зорчиж явсан мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар байна.

Үүний зэрэгцээ 236 согтуу жолоочийг илрүүлсэн нь төдий тооны хүний аминд хүрэх хариуцлага, ухамсраа гээсэн явдлыг таслан зогсоосон хэрэг юм.

Ингээд сэрэмжлүүлэг болох үүднээс наадмын өдрүүдэд гарсан ослын хураангуй мэдээллийг хүргэе.

- Хөвсгөл аймгийн нутагт Ландкрузер-200 маркийн авто машин Марк-2 маркийн авто машинтай мөргөлдөж 4 хүн нас барсан

- Төв аймгийн Борнуур сумын нутагт Тоёота Айриус маркийн авто машины араас Даевоо маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г нь мөргөж амь насаа алдсан

- Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан

- Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан

- Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон

- Багануур дүүргийн нутаг дэвсгэрд Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан.

- Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан

- ХУД-н нутаг яармагийн замд Старекс маркийн авто машины жолооч Э-нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон.

- БЗД-н нутаг нарантуулын арын зам 86 дугаар байрны зогсоолд марк дугаар нь тодорхойгүй авто машин явган зорчигч 60 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зуртсан хэрэг гарсаныг шуурхай эрэн сурвалжилж МУССО маркийн авто машины жолооч Ц-г үйлдсэн болохыг тогтоож ажилласан.

- Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Королла маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан

- Налайх дүүрэг Тэрэлжийн замд Приүс маркийн авто машины жолооч нь явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин