Улсын Их Хурлын дарга гэр хорооллын дахин төлөвлөлттэй танилцав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.06.20/ Баянзүрх дүүргийн 8 болон 16 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт болон барилгын ажлын явц байдалтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо батлан хамгаалах их сургууль орчим “А” хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компанийн барьж буй юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг хангах зарчмыг баримталж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын 8 дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа талаар УИХ-ын даргад танилцуулав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ оны эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК-ийн 144 айлын орон сууц ашиглалтад орох юм. Тус байршил нв 51 га газар нутагтай, нийт 275 нэгж талбарыг хамарч байгаа бөгөөд одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК нь 120 айлын 6 га газрыг чөлөөлж, инженерийн дэд бүтцийн болон автозамын угсралтын ажил болон нийт 288 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг мөн 21 га ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол энд сүндэрлэх юм. Цогцолбор хороолол бүрдсэнээр иргэдийн эрэлт нэмэгдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар буурахын зэрэгцээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ажиллах бүхий л бололцоо бүрдэх ач холбогдолтой гэж “Баганат өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв.

УИХ-ын дарга З.Энхболд Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороонд ажиллаж үеэрээ шинээр баригдаж буй барилгын явц болон “Баганат” хорооллын эхний ээлжийн ашиглалтад орсон орон сууцыг үзэж сонирхов.

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өчигдөр /2015.06.19/-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хуулийн төслөөр гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа компаниуд, иргэд хоёрын хооронд маргаантай байгаа болон үүсч болзошгүй асуудлыг хуульчилж өгч байгаа. Ингэснээр дахин маргаан гарахгүйгээр бүх зүйл ойлгомжтой болно. Мөн “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төслийг Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэхүү хуулийн төслөөр хашаатай иргэд өөрсдөө зээлээ аваад өөрсдөө байшингаа бариад, барилгын компани ирж төсөл хэрэгжүүлэхийг хүлээхгүйгээр өөрөө өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэх боломж бүрдэж байгаа юм. Хэдэн байшин бариад хэдийг нь өөрөө аваад, хэдээр зээлээ төлөх үү гээд санхүүгийн эрх чөлөөг нь иргэдэд өөрт зорилготой хуулийн төсөл юм. Өөрөөр хэлбэл иргэдийн газар нь эдийн өөрөө засгийн эргэлтэд орно гэсэн үг. Өмчийн эзэн бол өмчдөө хамгийн зөв ханддаг. 1990 онд мал хувьчилсан, 1996 онд орон сууц хувьчилснаар одоо малтай, орон сууцтай иргэд зээл авахад ямар ч хүндрэл үүсэхгүй байхаар эрхзүйн суурь үндэс бүрдсэн. Харин хашааны газартай иргэд зээл авахад маш их хүндрэлтэй, ер нь бол зээл олгогдохгүй байгаа. “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төсөлд зааснаар газартай иргэд зээл авдаг байх эдийн засгийн эрх чөлөөг өгөх бусад боломжийг бүрдүүлэх зорилготой. Ард иргэдийн эрх ашгийг хөндсөн, тэдний өмчдөө эзэн байх асуудлыг хөндсөн аливаа асуудал улс төржилтөөс ангид байх ёстой гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянзүрх дүүргийн 8 болон 16 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт болон барилгын ажлын явц байдалтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин, Барилга хот байгуулалтын дэд сайд Г. Байгальмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин