Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлт боллоо
Монгол Улсын Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны сургалт өнөөдөр /2015.06.20/ Баянхонгор аймагт эхэллээ.
Тус сургалтын нээлтэд УИХ-н гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар нар оролцов.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-аас Нутгийн өөрөө удирдах чадавхийг бэхжүүлэх тал дээр ихээхэн анхаарал тавьж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлж буй механизм нь Монгол Улсын Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төсөл юм гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар энэ төслийн онцлог нь ИТХ-ын үйл ажиллагааг бэхжүүлэх, төлөөлөгчдийн чадавхжуулах байнгын сургалтын механизм бүрдүүлсэн явдал гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн тэрээр төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, ИТХ-ын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулах зорилттой энэ төслийн анхан шатны сургалтад Монгол Улсын хэмжээнд иргэдийн төлөөлөл болон сонгогдсон 8000 гаруй төлөөлөгч ажилладаг. Тэдний 6500 гаруй төлөөлөгчийг хамруулсан.
Анхан шатны сургалт Иргэдийн төлөөлөгч ямар эрх, үүрэгтэй, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хэрхэн хангах сэдвээр явагдсан. Түүнчлэн ИТХ-ын дэг, төлөөлөгч хуралд хэрхэн оролцох, байгаль орчныг хамгаалах тал дээр хэрхэн анхаарч ажиллах болон авилгатай тэмцэх талаар сургалтууд явуулсан.
Анхан шатны сургалтад оролцсон төлөөлөгчдөөс ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь шатны сургалтын хөтөлбөрийн боловсруулсан. Энэ удаад Иргэдийн төлөөлөл ба Манлайлал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад байгууллагуудтай харилцан ажиллах хэлбэрүүд, Хяналт, шинжилгээ, үнэлгээний арга зүй, санал асуулга, судалгаа явуулах, нэгтгэх арга зүй сэдвүүдээр сургалт явуулах юм талаар УИХ-н Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.
Монгол Улсын Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд khural.mn вэб сайтыг ажиллуулж байгаа бөгөөд үүнийг иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан юм.
Баянхонгор аймаг, тус аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Төлөөлөгчдийн манлайлал” сэдэвт сургалт хоёр өдөр үргэлжлэх юм. Тус сургалтад хамрагдсан нийт төлөөлөгчид тус тусын сумандаа дээрх сэдвээр сумынхаа нийт ИТХ-ын төлөөлөгчдөд сургалт явуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ