Моди Samsung, LG-гийн захирлуудад цахилгаан бараа, гар утасны үйлдвэр бариулах хүсэлт тавьжээ
Солонгос улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Солонгос улсын "Hyundai" группийн ерөнхий захирал Жонг Мүнг Жүн-тэй уулзаж, Энэтхэг улсад гурав дахь автомашины үйлдвэрээ барих хүсэлтийг тавин, нааштай хариу сонссон билээ.
Харин тэрээр өчигдөр орой Солонгос улсын "Samsung", "LG" компанийн ерөнхий захирлуудтай уулзаж Энэтхэг улсад цахилгаан бараа, гар утасны үйлдвэрүүдээ барьж байгуулан, энэ салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг хүссэн байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хийж буй Солонгосын компаниудад татвар болон эдийн засгийн олон хөнгөлөлт үзүүлж, хөрөнгө оруулалтын таатай нөхцлөөр хангахаа амлажээ.
Одоогийн байдлаар "Samsung" компани Энэтхэг улсад гар утасны нэг үйлдвэртэй бөгөөд эдүгээ тус улсын гар утасны зах зээлийг тэргүүлж байгаа юм. Харин "LG" компани Энэтхэг улсын зах зээлд нэвтрээгүй ч цахилгаан бараа, гар утасны эд ангиуд үйлдвэрлэх үйлдвэр барих боломжийг судлана гэдгээ мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ