Авто ослын мэдээллийг нисгэгчгүй онгоц цуглуулна

Япон даатгалын компани автомашины ослын мэдээллийг цуглуулахын тулд бага оврын нисгэгчгүй онгоц ашигладаг байна. “Sompo Japan Nipponkoa” даатгалын компани уг үйлчилгээг гуравдугаар сараас явуулж эхэлсэн аж.

Уулын энгэр, далайн гадарга зэрэг хүн хүрэхэд хэцүү газруудын бичлэгийг энэхүү онгоцоор хийх бүрэн боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Уг нисгэгчгүй онгоцыг хоёр хүнээс бүрдэх баг удирдан ажиллуулдаг байна.

Осол гарсан газрыг илүү нарийн судлах боломжийг уг төхөөрөмжөөр хийсэн бичлэг олгож байгаа юм. Мөн байгалийн томоохон гамшгаас үүдэлтэй хохирлын хэмжээг тогтооход нисгэгчгүй онгоцыг ашиглах талаар компани судалж байна.

Осол болсон газрын зургийг бүрэн авах асуудал ажилтнуудад тулгардаг бөгөөд уг төхөөрөмжийг ашигласнаар богино хугацаанд бүх мэдээллийг цуглуулах боломжтой болсон гэж тус компанийн инженерийн хэлтсийн дарга Ёшихито Такахаши мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ