Хакухогийн үр удмаас үүдсэн давхар иргэншлийн яриа
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь удаагийн их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр “Хөдөлмөрийн баатар” цол олголоо. Ингэснээр аав, хүү хоёул “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулж байгаа анхны тохиолдол болж байгаа билээ.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн аваргын үр удмыг монголдоо үлдээх, генийг үргэлжлүүлэх тухай яриа өчигдрөөс газар авлаа. ”Будаг нь ханхалсан” Хөдөлмөрийн баатар маань япон гэргийгээ дагуулаад явж байхад түүнээр бахархсан олон нийт монгол эмэгтэйтэй суучихсан бол хэмээн шүүрс алдсанаас энэ яриа гарсан байх. Түүний эхнэрийг Саяако Вада гэдэг бөгөөд анх захидлаар танилцаж байсан.
Тухайн үед аварга 18 настай, Саяако 19 настай байлаа. Бүтэн зургаан сарын турш захидалаар харилцаад уулзаж, бие биедээ хайртай болсон гэдгээ Хакухо телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа ярьж байсан. “Хүний нутагт байхад үргэлж миний дэргэд байж, намайг сэтгэл санаагаар дэмжиж, халамжилдаг байсан хүн бол миний гэргий.
Анх намайг япон бүсгүйтэй гэрлэх шийдвэр гаргахад нутаг нэгтнүүд минь тийм ч таатай хүлээж аваагүй. Харин одоо бол тэдний бодол өөрчлөгдсөн. Саяако Вада бид одоо хоёр охин, нэг хүүтэй. Манай хүн монгол хоол хийхдээ их сайн. Тэр ч бүү хэл, хааяа жаахан уугаад шартсан үед бантан хийж өгдөг. Эхнэр маань надтай үерхэж эхлэхдээ монгол хэлийг шаргуу судалж, ёс заншлын зах зухаас суралцсан” хэмээн бахархдаг юм билээ.
Цахим ертөнцөд тэдний зурагны араас монгол иргэдийг давхар иргэншилтэй болгох тухай санал өрнөж байлаа. Нохойн орон киноны зохиолч Д.Төрмөнх хүртэл “Яагаад би давхар иргэншил Олон эхнэртэй байх хуулийн тухай яриад байдаг вэ гэвэл аварга Мөнхбатын дараагийн удам Японы иргэн болох учраас л бичээд байдаг юм даа. 18 хүрээд л Японы иргэн. Тэднийх бас дан иргэншилтэй. Япон якузона …Олон эхнэртэй байж болох хуультай бол монгол бага эхнэр авчихна. Тэгээд монгол гени монголдоо бас үлдэнэ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Манай улсын харъяатын тухай хуульд гадаадын иргэдийн хүүхэд 16 нас хүрээд өөрөө хүсвэл Монгол Улсын иргэн болох боломжтой. Тэгвэл Японд ч мөн үүнтэй адил юм байна. Тэгэхээр Хакухо аваргын үр удам Японы иргэн болчихвол манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй учраас иргэнээ хэмээн хүлээн авахгүй. Давхар иргэншлийг манай улс хуулиар зөвшөөрөх юм бол гадаадын олон хүн манай иргэд болж монгол цус үгүй болно гэж шүүмжлэх нь олон байдгаас энэ асуудал хол явж байгаагүй. Гадаадын орнуудын жишээг үзвэл Чех улс 2014 оноос эхлэн чөлөөт иргэншлийг зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн орны болон бусад хэдэн ч улс орны иргэншилтэй байж болно гэсэн үг. Манай улсын хувьд энэ асуудалд уян хатан хандаж, зөвхөн өөрийн орны иргэдэд давхар иргэншилтэй байхыг зөвшөөрөн зохицуулж болох юм. Гадны иргэнд давхар иргэншил олгохыг зөвшөөрөхгүйгээр шүү дээ.
Дэлхий дахинд доорхи орнууд давхар иргэншлийг зөвшөөрдөг ч зарим нь тухайлан улс орны нэр заадаг байна.
Ийм улсад Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Словен, Сири, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан,(16 улсаас бусад орныг) Португал, Турк орнууд харилцан адилгүй заалттайгаар давхар иргэншил олгодог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ