“Захчин хошууны ноён, жанжин гүн Б.Самбуу ноён” эрдэм шинжлгээний хурал

“Захчин хошууны ноён, жанжин гүн Б.Самбуу ноён” эрдэм шинжлгээний хурал

Захчин хошууны ноён, жанжин гүн Боокийн Самбуугийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал судлаач, МЗЭ-мйн шагналт зохиолч Д.Жүгдэрбарамын санаачилгад үндэслэн Ховд аймгийн МАН-ын хороо, ЗДТ-ын газар, Ховд их сургууль хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондог нээж “Захчин, жанжин гүнгийн хошуу ноён Б.Самбуу ноёны намтар, амьдрал үйл ажиллагаа” хэмээсэн голлох илтгэлийг Манхан сумын түүхийн багш, судлаач, магистр Ч.Энхтөр тавьсан бол аймгийн ЗДТГ-ын дарга доктор Б.Батмөнх “ Захчин угсааны гарал, түүхийн асуудалд илтгэл, Угсаатны зүй судлаач МУСГЗ А.Баасанхүү “ Захчин хувцас, эдийн соёл” илтгэл, Ховд Их сургуулийн дэд захирал, доктор Г.Жаргал “Захчины соёлын өв уламжлал” аймгийн ОНС-лах музейн эрдэм шинжилгээний ажилтан магистр Х.Бямбасүрэн “Захчин хошууны хил, хязгаар. Б.Самбуу ноёнтой холбоотой түүхэн дурсгалт газрууд” илтгэлийг тавьж хэлэлцүүлэв.

Манж чингийн үед Захчины Бүгдийн даргын хошууны үхэрида үе залгамжилдаггүй, хошууны ард олон хэлэлцэн шийдэж өргөмжилдөг уламжлалтай байжээ.Сүүлчийнх буюу 11 дэх хошуу ноён Б.Самбуугийнмэндлэсний 150 жилийн ой 2014 онд тохиоосон байна.

Захчин хошууны 10 дахь Да ноён Нямдэлэг өвчний учир нас барсан тул 1901 онд хошууны ноёд түшмэд, лам хар бүгд нэгэн дуугаар ядуу ард Б.Самбуугхошуу ноёноор өргөмжилжээ. Тэр үед Б.Самбуу нас намба тогтсон, эрдэм номд тэгширсэн 37 настай байлаа. Да ноён Б.Самбуу захчины төдийгүй өөлд, дөрвөд, урианхай ястануудын дунд нэр хүнд олж итгэл хүлээх болсон аж. Б,Самбуу да жилийн аль ч улиралд Тамгын зис өргөөндөө өөрөө ажиллахын зэрэгцээтүшмэд, занги, залан мээрэн,тамга баригч, дэмч. тахар нарыг чалбаа сайн хашихыг даалгаж шахаж шаарддаг байжээ.Да ноён Б.Самбуу нь 1864 онд одоогийн Манхан сумын нутагт Хуурай сэнхэр хэмээх газарт төржээ. Эцэг Боок нь ядуулаг давхарлагаас гаралтай ч төвд, тод бичигтэй, бариа засал хийж, эм тан барьдаг нэгэн байжээ. Мал ахуй цөөтэй ч нутаг усаа сайн мэддэг, олонд хүндэтлэгддэг нэгэн байсан байна. Тэр Самбууг арван настай байхад нь хошууны ес дэх да ноён Далайд хадаг барин очиж шавь оруулжээ. Самбуу сэргэлэн, махруу хүү байсан тул бичиг үсэгамархан сурч, бас өвгөн ноёноос төрт ёсны дэг жаягийг эзэмшжээ. Да ноён Далай ч түүний төлөв томоотой,номч байдлыг ажиглан төрт ёсны учир начир, ноёд хаадын ажил үйлс, нутаг орны нарийн ширийнийг зааж ухаажуулж нилээд хожим болтол гарынхаа үзүүрт зарж, амин хувийн данс бичиг, ном судраа янзлуулдагболсон байна.Самбуу бас ах нараа даган төвд, тод бичгээр ном судар уншин цээжлэх болж, аавыгаа даган бариа хийж, түүний зааварын дор эмийн өвс ургамал, эрдэс бодисцуглуулж,эм тан найруулж сурчээ. Тэр манай нутагт хар гэртэй айл байж болохгүй, халаастай дээлтэй хүн байж болохгүй гэж сургамжилж үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

Б.Самбуу ноён цэрэг засч Ховд хотыг чөлөөлөх дайнд болон Цагаантүнгийн дайнд баатарлаж, хасагийндээрэмтэй дайтаж ард олныхоо амийг аварч, эд хөрөнгийг хамгаалж, тэднийг улсын гүнд нэвтрэх замыг хааж байлаа. Захчин эр яаж өвгөрч өтлөсөн ч гэлээ дайн тулаанд оролцвоос дэргүй үхэх нь үгүй гэсэн яриа нь захчидын эрэлхэг зоригтойг илтгэдэг билээ

Захчин бүгдийн даргын хошууны Б.Самбуу ноёнд 1914 оны зун Богд хаанаас олгосон шар торгон өргөмжлөл бичигМонгол улсын Төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Шар торгон өргөмжлөл нь 77х73 см- ийн хэмжээтэй, зузаан зөөлөн, элдэв хээгүй шар торгон дээр хичээнгүй тигээр уйгаржин монгол бичгээр бичжээ. Тэр өргөмжлөлд “ Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст Богд гэгээн хааны зарлиг, шар торгон өргөмжлөл олгосны учир: Захчины бүгдийн дарга Самбуу шар шашинаас ангижирахгүйг хичээн Монголын язгуураа бодож манай төрийг дагаар ирсэн нь сайшаалтай учир би бээр хэтэрхий хөхүүлэхийг үзүүлж Самбуу чамд үе улиран засаг улсад тушаагч гүнгийн хэргэм шагнаж Дөрвөдийн үнэн зоригт хан аймагт хавсарган захируулсан ба дараагаар мөн аймгийн цэргийг захируулж жажинд тохоон тавьж үе улиран цэцэн цол шагнасны тулд хойч өдөр цэцэн цол засаг төрд туслагч гүнгийн хэргэмийг үе улиран тасрал үгүй залгамжлагтун. Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он, зуны сүүл сарын хорин найман” гэсэн буй. Үүнэс хойш хошууг Захчин жанжин гүний хошуу хэмээн нэрлэх болжээ, Б. Самбуу ноёнд хошуугзахирах тамга, гүнгийн тамга, жанжины тамгатай байжээ.Олноо өргөгдсөний 4 дүгээр онд баруун хязгаарын цэргийн хэрэглэлд мөнгө хоёр зуун лан, гүү гучийг өргөн барьж,бас цэргийг биеэрзахиран зүтгэсэн учир хөх өнгийн цэмбэн олбог түшлэг, зүтгэлт цол хоёр нэмсэн зэрэг, хоёр тэмдэглэсэн зэрэг олгожээ.

Б.Самбуу ноён хувьсгалын эхний жилүүд 1921-1925 онд хошуу ноёны албаа хашиж байсан агаад ямар нэг буруу зөрүү үйл ажиллагаа явуулаагүй, шинэ засаг, төрийн бодлогыг дэмжиж байсаны дээр суманд нь багийн бүлгэм сургууль, хоршоо, эмнэлэгийн эхлэл тавигджээ.Тэр цол хэргэмээ 1925 онд хураалгасан боловч Аах ноён хэмээн хүндлэгдсээр 1937 онд 73 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг зон олон гүн хүндэтгэлтэйгээр Их Цахирын үзүүрт нутаглуулсан байна.

Хурлаас Б.Самбуу ноёны гэрэлт хөшөөг Манхан сумын нутаг Толь хад хэмээх газар 2015 онд багтаан босгож, “Захчин судлал” цуврал номыг бүтээж, эхний ботид энэ хуралд тавигдсан илтгэлийг нийтлэхээр болсон байна.

Яруу найрагч Буд овогт Г.Бямбаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин