Дуучид халтуургүй, хямарсан баяр

Шинэ жил бол дуучдын хувьд мөнгө олдог ганц баяр. Тийм ч учраас энэ баяраар ээлж дараалан урилга заллагад дараатай өнждөг нь манай их, бага одууд. Тухайлбал, УГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын хувьд энэхүү ханшийг тэргүүлдэг бол тэдний араас Т.Сэрчмаа нарын нөхөд тэргүүлдэг байна. Мөн “Киви” гэх мэт охидын хамтлаг ч хамгийн их захиалгатай, ханш өндөр байдаг гэнэ.

Харин нийтийн дуучдын хувьд УГЖ Д.Энхзул, Х.Болормаа, С.Жавхлан, А.Түмэн-Өлзий нар ханшаар тэргүүлж, залуус нь удаалдаг аж. Гэтэл энэ жил олон ААН үүдээ барьсан төдийгүй, зарим нэг байгууллага хямралтай учраас Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэжээ.

Тэр ч бүү хэл нийтийн дуучдын ханшийг тэргүүлдэг байсан С.Жавхлан хямралтай үед Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй хэмээн эхнэрийнхээ хамт мэдэгдэл хийсэн. Энэ нь магадгүй хямралтай үед олигтой халтуур байх биш гэсэн түүний ухааных ч байж болно. Нөгөө талаар хувийн хэвшлийн зарим байгууллагууд нэгдэж Шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа юм.

Тэгэхээр дуучид маань ч урилга заллагагүй, хаа нэг “буяны” үйл ажиллагаанд ганц нэг дуу дуулсан шиг л суугаа аж. Тэр тусмаа шинэ залуу уран бүтээлчдийн хувьд бол ямар ч урилага заллага байхгүй сууна.

Айл өрхийн баярын төсөв хүртэл танагдаж, тэр хэрээр бизнес эрхлэгчдийн орлого ч тун тааруу байгааг хаа хаанаа дуулгаж л байна. Ямар сайндаа өдөрт л хэд хэдэн баярт дуулдаг манай нэг нэртэй дуучин “Өчигдөр хоёр ч газар буяны замаар дуулчихаад ирлээ. Өнөөдөр бүр буяны дуудлага ч алга. Түүнээс өмнө жилүүдэд бол нэг баяраас нэг баяр руу цүнх дүүрэн мөнгөтэй л нисч явдаг байлаа” хэмээн шүүрс алдаж суух юм гэнэ.

Ч.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ