Ипотекийн зээлийг зогсоосон уу

Найман хувийн хүүтэй зээлийг өнөөдрийн байдлаар арилжааны 11 банкаар олгож байгаа бөгөөд эдгээр банк зээлээ зогсоосон, Монголын ипотекийн корпораци /МИК/ эргүүлж татсан гэх зэрэг мэдээлэл гарах болсон. Харин энэ мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байна.

Найман хувийн хүүтэй зээл зогсоогүй ба Монголын ипотекийн корпораци арилжааны банкуудаас зээлээ татаж авсан зүйл ч байхгүй аж. Гэвч үндэсний хөрөнгө оруулалтын банк болох харьцангуй жижиг Капитрон, “Чингис хаан” зэрэг банкны санхүүгийн эх үүсвэр дууссан учраас зээлээ зогсоогоод байгаа гэнэ.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн жил баталсан билээ. Хөтөлбөр эхэлснээс хойш өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийг нийт 40537 зээлдэгч авсан байна гэсэн тооцоог Монголбанкнаас гаргасан юм.

Мөн зээлдэгчийн тоог авч үзвэл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад нийт зээлдэгчийн тоо 1.8 дахин өсч, орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 60 мянгад хүрснээс 40 мянган зээлдэгч нь найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрөөс, үлдсэн нь банкны өөрийн эх үүсвэр болон бусад эх үүсвэрээс санхүүждэг юм байна.

Зээл олголтын хурдац ерөнхийдөө буурсан нь зээл хүсэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тэр хэрээр тавигдах шаардлага нь өндөр болж байгаатай холбоотой гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ