Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Гондурасын миссийг эцсийн замд нь үдлээ
Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох гэж байсан Гондурасын мисс өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон. 19 настай мисс Мариа Хосе Альварадо эгч София Тринидадын хамт үдэшлэгт оролцохоор яваад эргэж ирээгүй нь олон нийтийг цочирдуулаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт хоёр бүсгүйн цогцосыг Санта Барбара хотын ойролцоох голын хажуугаас олсон аж.
Харин Мариа болон Софиа Тринидад нарыг өнөөдөр сүүлчийн замд үдсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Охидын ээж Тереса Монзе “Яах гэж охидын минь аминд хүрсэн юм бэ. Мариа Дэлхийн мисс тэмцээнд оролцоно хэмээн ямар их баярлаж байлаа. Охин минь мөрөөдлөө биелүүлж чадаагүй хорвоогоос явлаа. Дэндүү их гомдолтой байна” гэж хэлжээ.
Одоогоор София Тринидадын найз залуу Плутарко Руйзыг өөр нэг эрийн хамт хүн амины хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. София Тринидадын найз залуу түүнийг өөр эртэй бүжиглэсний төлөө хардаж, эцэст нь тэдний амийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн цагдаагийн алба хаагчид хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ