О.Чулуунбилэг: Н.Энхбаярын яриа бол өвгөн партизаны яриа, өөр юу ч биш
АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн өдрүүд улс төр бужигнаантай байна. Энэ үйл явц нь таны “Нүүрсний бүгд найрамдах улс” нийтлэлдээ хөндөж байсан аноми төлөв гэдэгтэй давхцах уу?
-Улс төр бужигнаантай байгаа нь хэнд ч тодорхой. Харин бид улс төрд өрнөж буй үйл явдалд нь илүү анхаарал тавиад түүнийг үүсгэж буй учир шалтгаанд нь бага ач холбогдол өгч байна. Учир шалтгааны тухай миний бодол хэвээрээ байгаа. Улстөрчид нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх чадвараа алдаад ирэхээр хүмүүс тэр шийдвэр гаргагчдын гаргаж буй хууль дүрэм, шийдлийг хүлээж авахгүй, биелүүлэхийг хүсэхгүй сөрөг байдалд орсноор нийгэм аноми төлөвт орж эхэлдэг. Үе үеийн эрх баригчид асуудлыг шийдэх бодлого гаргаж чадахгүй хомсдолд орохоороо сонгогчдыг худалдан авах буюу бэлэн мөнгө тараах ажлыг олон жил хийсний үр дүн одоо гарч байна. Учир нь бэлэн мөнгө тарааснаар нийгмийн суурь асуудлыг огт шийддэггүй.
-Улстөрчид бодлогын хомсдолтой байна гэлээ. Тийм жишээ та хэлж чадах уу?
-Заавал хэн нэгнийг нэрлүүлж намайг дарамтлуулж яах гээ вэ. Ер нь асуудал шийдэгдэхгүй, цаашид ч ийм хэвээрээ байгаад байх эрсдэлтэй болж байгаа учраас би хэлсэн нь зөв байх. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоёр хоногийн өмнөөс телевизүүдээр гарч эхлээд буй Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр сонгодог жишээ болсон хүн нь сууж байна лээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уу?
-Тиймээ. Чи бас л надтай адилхан тэр нэвтрүүлгийг нь хоёр цаг сууж үзсэн байлгүй. Н.Энхбаяр болБогд хаанаас хойшхи бүх лидерүүдээс Монголын бүх том албан тушаалыг дараалж хашсан цорын ганц лидер. Харамсалтай нь энэ хүний ярьж буй яриа нь монгол төрийн бодлогын тухай яриа гэхээсээ хувь улстөрчийн дурдатгал ярьсаар дууссан. Энэ юуг харуулж байна гэхээр Монголын улс төрд сүүлийн 15 жилд гол тоглогчдын нэг байсан лидер, парламентэд суудалтай намындаргад ямар ч бодлого байхгүй байгааг л илтгэж байгаа юм. Уг нэвтрүүлгээр өвгөн партизаны яриа хүүрнэсээр дуусгаж байна лээ. Улстөрчид хэзээ өвгөн партизаны яриагаа ярьдаг вэ гэхээр улс төрөөс бүрмөсөн гараад завтай болох үедээ дурдатгалаа бичдэг. Түүний үнэн зөв эсэхийг хожмын түүхчид судалж дүгнэдэг жамтай. Хачирхалтай нь Н.Энхбаяр энэ нэвтрүүлгээрээ улс төрд эргэн ирж улс орноо “хөгжүүлж” өшөө авна гэдгээ зарлаж байна лээ. Шуудхан хэлэхэд энэ хүн эргэж эрх мэдэлд хүрлээ гэхэд үеийнхээ хэдэн улстөрчдтэй ээлжилж хэрүүл хийсээр л дуусна. Гэтэл бидэнд цаг хугацаа үнэтэй байна. Хийх ёстой шийдэх ёстой хэтэрхий олон шинэчлэл хүлээгдээд байгаа. Энэ бүх асуудлыг өвгөн партизаны яриагаар шийдэхгүй. Өнгөрсөн түүхийн дурсамжид суурилсан хонзогнолоор одоогийн улс төрийн асуудлыг шийдэх гэдэг хэтэрхий ёс зүйгүйхарагдаж байна лээ.
-Яагаад ёс зүйгүй гэж.Тэр хүн чинь одоо ч намын дарга хэвээрээ байгаа. Улс төрийн талаар байр сууриа илэрхийлэх нь зөв биз дээ?
-Мэдээж улс төрийн байр суурь, зорилгоо илэрхийлэхийг нь хорьж болохгүй. Хамгийн муухай нь улс төрийн байр сууриа хэрхэн хэрэгжүүлэх арга зам нь түүнээс гарах үр дагавар нь ямар байхыг мэдсээр байж түүнийгээ хийхийг зарлаж буй нь л эгдүүцэл төрүүлсэн. Би улс төрийн мэргэжлийн менежер хүн. Одоо технологийн хувьд юу хийхийг нь багцаалж л байна. Удахгүй Н.Энхбаяр уучлал гуйх аяныг улс орон даяар өрнүүлж өөрөө “уучлал” гуйж лекц уншаад л явна. Үеийнх нь улстөрчид хэрхэн түүнийг хуурдаг байсан, түүний нэрийг хэрхэн “хэлмэгдүүлж” өмнөөс буруу шийдвэр гаргаж ард түмнийг хохироодог байсныг сүүлд нь мэдсэндээ уучлал гуйна. Одоо энэ алдаагаа засахын тулд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдоржзэрэг үеийнхээ улстөрчдийг хөөхийн тулд эрх мэдэл хэрэгтэй байна. Эрх мэдэлд хүрчихвэл дахиад хэзээ ч алдахгүй. Улс орноо гайхамшигтай хөгжүүлнэ. Тиймээс намайг дэмжээч ард түмэн минь. Бурханы шашинтан хүн би гэмээ цайруулах ёстой. Ийм л зүйлийг нэхсээр 2016 оны сонгуульдаа бэлтгэнэ. Үүнийг улс төрийн технологид “христ дахин мэндэлсэн нь” гэдэг. Албан ёсны ном сурах бичигт байхгүй. Амьдрал дээр олон улстөрч олон удаа амжилттай туршсан технологи. Христ чинь яг үнэндээ үхээд дахин амилсныхаа дараа л алдрын оргилд хүрсэн гэдэг.
Харин үүний үр дүн юу гээч. Арай гэж төлөвшиж байсан ардчилсан тогтолцоог, хуулийн шинэчлэлийг, парламентын зөвшилцөх соёлыг устгаж эхэлнэ. Зүгээр л хувийн өшөө авалтаа эхлүүлж улс төрийг бужигнуулна, хэрэлдүүлнэ. Өр төлөөсийг нь эдийн засгийн гүнзгий хямралаар баялаг бүтээгчид, орлогын хомсдолоор жирийн иргэд төлнө. Мань мэтийн залуу улстөрчид дахин мэндэлсэн шинэ дарангуйлагчтай тэмцлийг шинээр эхлүүлж тэмцсээр бодитой шинэчлэл юу ч хийж амжихгүй болно. Хэн хожих вэ. Монгол л лав биш. Өөрийнхөө төлөө эхнэр хүүхдээ бишнамынхаа олон эхчүүдийг өлсгөлөн зарлуулж байсан хүн шүү дээ.
-Өчигдөр Ц.Нямдорж гишүүн Н.Энхбаярт зориулж “ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй юм” гэж хэлсэн байсан. Энэ үнэхээр тийм үү?
-Уг нь энэ үг Ц.Нямдорж гуайд ч бас хамаарах үг. Гэхдээөнөөдрийн улс төрийн сэдэв Н.Энхбаяр гэдэг улстөрчид илүү хамааралтай болчихлоо.Н.Энхбаярт бүх эрх мэдэл байхад түүнд энэ улс орны төлөө хийх асар их боломж байсан. Тэр үүнийг өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхэд, нэр хүндийг өргөхөд, намынхаа санхүүжилтийг босгоходзарцуулаад дууссан гэж боддог. Манай сургууль дээр нэг удаа улстөрд байгаа хүн хэзээ өөрийгөө болон бусдыгаа цаг үеэс хоцрогдсон гэдгээ мэдэх вэ гэдэг мэтгэлцээн болоход тэр семинарын багш “Удирдaгчид бодлого санал болгохгүй хувийн мэдрэмжээ, хувийн асуудлаа нийтийн өмнө яриад эхлэвэл тэр улстөрчийн цэнэг дуусан гэсэн үг” гэж хэлж байсан юм. Н.Энхбаярын орсон монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг үзэж суухад тэр үг л бодогдож байна лээ. Н.Энхбаярыг одоо яаж чшавхаад шинэ зүйл гарахгүй. Тэтгэвэртээ гарсан Ерөнхийлөгчид санаачлах маш олон ажлууд бий. Ядаж л өөрийн нэр нөлөөг ашиглаж Удвал сайдтайгаа хамтраад төрөх эмнэлгүүдиг олноор байгуулахад дэмжих сан ажиллуулбал ийм том улстөрч дорхноо л бүтээчихнэ. Н.Энхбаяр гурван жил бодож бодож, зангирч зангирчулс төрд эргэн гарч ирлээ гэхэд үнэхээр цэнэг нь дуусчихсан, PR нь үнэхээр явцгүй, хонзогнолоос өөр юм алга байна. Өнөөдөр иргэдэд өнгөрсөн хувь лидерүүдийн хэрүүл биш яг одоо өвлийн хүйтэнд нүүрэн дээр нь харагдаж,тулгамдаж буй асуудлуудыг нь шийдэх шинэ шийдэл шинэ бодлого л хэрэгтэй. Тэд үүнийг л хүсэж байгаа нь хэд хоногийн өмнө хийсэн судалгаагаар харагдаж байна лээ. Иргэдийн олонх буюу 74 хувь нь асуудал шийддэг, бодитой ажил хийдэглидерийг л хүсэж буйгаа илэрхийлсэн байна лээ.
-Та улс төрийн PR талын хүн. Таны нүдээр харахад Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг улс төрд тодорхой нөлөө үзүүлж чадаж байна уу?
-Би тийм гэж хариулна. Харамсалтай нь энэ нэвтрүүлэгт өөрт нь сөрөг нөлөөтэй болж эхэлж байна. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг бол телевизийн гайхалтай төсөл. Ийм том төслийг урьд өмнө нь ингэж хийж байсныг мэдэхгүй юм. Би лав хувьдаа үзэх дуртай. Нөлөө бүхий нэвтрүүлэг болохоор нь сүүлийн сонгуулиудад хэвлэл мэдээллийн рейтингийн судалгаа гаргуулж үзэхэд өөрийн төрлийн нэвтрүүлэг дотроо үргэлж манлайлж ирсэн. Хүмүүс яагаад үзэх дуртайг тодруулахаар чанарын судалгаа хийж үзэхэд нэвтрүүлгийн үзэгчдийн ихэнх нь гэгээлэг сайхан зүйл, амжилтад хүрсэн хүмүүсийн бодит зүйл гардаг болохоор үзэж урам зориг авдаг гэж хариулсан байсан.
Яагаад харамсалтай байна гэхээр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг одоо улстөрчдийн зүгээсиргэдийн тархи угаах угаалгын машин болж хувирч байна. Н.Энхбаярын нэвтрүүлгийг үзээд л маргаашнаас нь нийгэм хагарч бөөн маргаан үүсэж байна шүү дээ. Үзэл суртлын зэвсэг болж байгаа нь энэ нэвтрүүлгийг өөрийг нь хугарлын цэг дээр аваачиж байна.Юу гэхээр өмнө үздэг байсан бүтэн үзэгчдээ хоёр хувааж нөгөө гэгээлэг сайхан үндсэн чанараа алдсанаар рейтинг нь унаж эхэлж байна гэж харж байна.
Хөтлөгчид нь ч мэргэжлийн сэтгүүлчид биш болохоор нэг гол дүр олж аваад түүнийхээ талаар дуу шүлэг зохиож магтаж суудаг 1990 оны өмнөх уран зохиол эргэн ирж байгаа нь харамсалтай. Ер нь манай хэвлэл мэдээллийнхэн мэргэшээгүй байдаг. Улс төрийг улс төрийн аналист, эдийн засгийг эдийн засгийн шинжээчийн хэмжээнд мэргэшсэн мэргэжлийг сэтгүүлчид хийдэг жам ёс уруу нь орохгүй бол болохгүй. Өглөө нь цай хоолтой нэвтрүүлэг хөтлөөд, өдөр нь тв дэлгүүр утсаар эфирт ажиллуулаад, орой нь улс төрийн мэдээ бэлдээд том дүгнэлт өгөөд суухаар үзэгчдэд хүрэх мэдээлэл ямар байх нь тодорхой. Түүн дээр улстөрчид тоглолт хийх нь гарцаагүй.
Тиймээс монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг маань талцуулдаг биш нэгдүүлдэг нэвтрүүлэг байгаасай. Эдийн засаг хүнд байна. Улс төр бохир байна. Ийм үед хагаралдуулах нэвтрүүлэг нь өөрөө нийтийн эрх ашигт нийцэхгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ