Н.Баттулга: Сагсан бөмбөгт авьяастай 15 хүүхдэд их сургуульд үнэгүй суралцах боломж олгоно…
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын нэг бол Нямбалын Баттулга. Түүнийг залуус “Дурсамж” хамтлагийн дуучин болон сагсан бөмбөгийн “ПАНАСОНИК” багийн дасгалжуулагч гэдгээр нь сайн мэддэг. Тэрбээр төсөлд “Жолоочийн үнэлгээний систем” шийдлийг санал болгож орж ирсэн.
- “Жолоочийн үнэлгээний систем” таны санаа юу?
- Миний хувьд сүүлийн долоон жил бизнесийн салбарт ажиллаж байна. Тэр тусмаа хотын соёлыг хэрэгжүүлэхэд дөхөм болох болов уу гээд авто машины хар хайрцаг, камер гэсэн төслийн бизнес дээр ажиллаж байгаа. Энэ ажилтай холбогдуулан “Жолоочийн үнэлгээний систем” төслөө бичсэн.Тэгээд үүнийгээ хэрэгжүүлэх боломж хайж байх үед “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төсөл эхэлсэн.Төсөлд “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичиж шалгуулах нь таалагдсан. Учир нь надад шийдэл байсан.
- Шийдлийн агуулга нь?
-Жолооч нар өөрсдийн гэсэн үнэлгээтэй, үнэлгээний оноотой байна. Дүрэм зөрчлөө гэхэд оноо нь хасагддаг байх, 100 оноо нь 60 болоход эрх нь хасагддаг байх жишээтэйгээр жолоочийн замын хөдөлгөөнд оролцох соёлыг эзэмшүүлэхэд анхаарч байгаа юм.Өнөөдөр өдөрт 10 000 төгрөгөөр 10 удаа торгуулаад явж байгаа жолооч нар бий. Сүүлийн үед нийтийн тээвэр болоодприус машины жолооч нарт маш их асуудал тулгарч байна. Тухайлбал “Приусийн жолооч бол мангас”, “Нийтийн тээврийн жолооч бол увайгүй” гэж айж болгоомжлох нийтлэг үзэл бий болсон. Гэтэл олон хүн сайнтай, муутай л байдаг. Тэгэхээр жолооч нарт үнэлгээний оноо л хэрэгтэй.
-Төсөл танаас юуг шаардаж байна вэ?
- Хувь хүний зүгээс маш хурдтай сэтгэх,бусадтай зохицож ажиллах чадвар шаардаж байна, Өөрөөр хэлбэл зөвхөн танхимын сургалтаас гадна өөрийгөө хөгжүүлэх олон чиглэлд суралцаж байна шүү.
-Төсөлд реппер ТJ, “Татар”-ын Мөөгий, “Дурсамж”-ийн Тулгаа байна. Эндээс харахад танай үеийн залуус нийгмийн өөр салбарт хүчтэй түрж орж байх шиг?
-Тухайн хүний боловсрол, зорилго, хүсэл мөрөөдлөөс хамаарна л даа. Түүнээс гадна хүний нас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Тухайлбал би одоо 33 настай, өдийд өмнөх шигээдуулаад явах нь зохимжтой юу, үгүй юу. Тийм ч учраас сүүлийн долоон жил урлагаас нилээн хөндийрч бизнесийн салбарт ажиллалаа. Бидний цаг болсон юмуу даа. /инээв/
-Чиний хувьд өөрийгөө олон нийтийн өмнө илэрхийлж камертай харьцаад сурчихсан зэргээр олон давуу тал байна уу?
- Таны хэлдэг зөв л дөө. Бусдыг бодвол илүү нээлттэй байж чаддаг, бусадтай ажиллаж чаддаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд манай сагсны багаар 50-60 тамирчин залуус бэлтгэгдэж гарсан. Тэгэхээр олон хүнийг удирдаж, багаар ажиллаж, уур амьсгалыг мэдрээд сурчихсан болохоор энэ бүхэн давуу тал маань болж байна.
- Шилдэг 90 оролцогч эхний хасалтыг өөрсдөө хийсэн. Айдас байсан уу?
- Сэтгэл зүй бэлэн байсан. Гэхдээ багийхантайгаа хамтран хэрэгжүүлж байгаа төсөл маань амжилттай хэрэгжиж үр дүн нь тодорхой болсон, мөн тэдэнтэйгээ нээлттэй, нийтэч харьцдаг болохоор айдас байгаагүй. Хасалтыг багийн ажиллагаанд хэрхэн оролцдогоор нь дүгнэж шийдвэрлэсэн. Манай баг энэ зарчмыг баримталж байгаа.
-“Тэтгэлэгтэй тамирчин” хөтөлбөрийг танай баг хэрэгжүүлж байгаа. Хамрагдах залуусыг хэрхэн сонгож байна вэ?
-Шалгаруулалтыг орон даяар эхлүүлсэн. Аль болох олон хүүхдийг хамруулах хүсэлтэй. Олон хүүхдээс илүү авъяастай 15 нь сонгогдож дотоодын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцана. Ер нь энэ бол энэ төсөл цаашаа тогтмолжижзөвхөн сагсан бөмбөг бус спортын бүхий л амжилт гаргаж байгаа зорилго тэмүүлэлтэй залуусыг хамруулах юмаа.
-Та нар эхлээд сагсан бөмбөгийн холбоодыг нэгтгэх тухай ярьж байсан шүү дээ?
- Сагсан бөмбөгийн хоёр холбооны өнөөгийн нөхцөл байдал ахуйн шинжтэй болчихсон байна. Муудалцсан эхнэр нөхрийг хоёрыг хөндлөнгийн нэг хүн гарч ирж гар бариулан эвлэрүүлнэ гэдэг хүндрэлтэй асуудал. Нөхцөл байдал яг ийм байна. Нэгэнт хууль шүүхийн шатанд очсон учраас л тэр.
- Манлайлах чадварт хэр суралцаж байна?
- Манлайллын хөтөлбөрүүд шинэ мэдээлэл, мэдлэг болж байгаа. Өмнө хэдий баг хамт олонтой ажиллаж байсан ч манлайлагч залуустай хамтран нэг баг болж ажиллана гэдэг огт өөр юм байна. Өөрөөр хэлбэл зарим хойш суух болдог бол зарим тохиолдолдманлайлж оролцох шаардлага гарна. Хэзээ нь яаж оролцох вэ гэдгээ маш сайн мэдэрч ажиллах хэрэгтэй болж байна.
-Төслийн оролцогч нар бол өндөр боловсролтой, нийгэмд тодорхой байр сууриа эзэлсэн залуус учраас өрсөлдөөн маш хүчтэй явагдана. Тэгэхээр энэ өрсөлдөөнд яг юу чухал байна вэ?
- Чадвар. Тухайн хүний нийгэмд ажиллах, баг дотор ажиллах хувь хүний соёл нь чухал байгаасай гэж бодож байна. Тэр улс төрд байдаг бүлэглэл, фракц хэлбэр, хүсээгүй байсан ч хэн нэгний төлөө бодлогын хүрээнд санал өгдөг, гар өргөдөг тийм байдал энэ төсөлд битгий байгаасай гэж бодож байна. Мөн нийтийн хүч гэдэг аугаа зүйл. Тийм учраас олны хүчийг зөв ашиглаж сурах хэрэгтэй, нийтийн эрх ашгийн төлөө, багаар ажиллаж сурах хэрэгтэй.
- Төслийн бусад оролцогч нартаа юу гэж хэлэх вэ?
- Бид бүгд энэ төсөлд цаг зав, ажил амьдралаа зохицуулаад хүч үзэж бас сурч мэдэж явна. Хамгийн гол нь анх төсөлд оролцох үед ямар байсан түүнийгээ санаад олон зүйлд суралцах хэрэгтэй, мөн хувь хүнгэдэг хүнээрээ л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Учир нь биднийг маш олон хүн харж байна, амьдрал дээр чи ямар байдаг тэр хэвээрээ л байгаасай, бид насаараа энэ шоунд амьдрахгүй. Тийм болохоор хиймэл дүр битгий бүтээгээсэй, төсөл дуусаад эргээд чи амьдралдаа ороход чиний ярьж байсан бүх худлаа битгий байгаасай.
- Өөрийн тань санал болгож орж ирсэн нөгөө төсөл хэдийд хэрэгжих вэ?
- Төслөө хэрэгжүүлэхээр өөрөө бие дааж хөөцөлдөж байна. Замын цагдаагийн газар болоод бусад холбогдох хэд хэдэн газар дэмжинэ гэсэн. Нийслэлийн удирдлагадхүргэхийн тулд НИТХ-ын гишүүн, Ц.Ганхүү ахтай ярилцсан.Ер нь бол нийслэлийн удирдлагууд хүлээж авбал энэ төсөл хэрэгжих боломжтой. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардагдахгүй, зөвхөн зохицуулалтын ажил хийгдэх төсөл учраас дэмжигдэнэ гэж найдаж байгаа. Ямар ч байсан “Улс төрд шинэ манлайлагч” төсөл дуусах үед миний төсөл биелэлээ олчих байх шүү.
- Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ