Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумаас олдлоо

Монгол-Германы хамтарсан экспидицийн 2014 оны малтлага судалгаагаар XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт боллоо.

Энэ талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” олджээ.Үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд Хархорум хотод Монгол, Герман археологичдын малтан судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өглөө.

1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил анх гүйцэтгэсэн С.Киселев ахлагчтай Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны ангийн судлаачид энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгөдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон нь олон жилийн турш монгол судлалын хүрээнд нийтээр хөтөлбөргүй дагаж мөрдөх цорын ганц үзэл баримтлал болж ирсэн билээ.
Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235- 1236 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд эзэн хааны зарлигаар “Юань улсыг мандуулах асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээн нэр хайрлаж дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотлогдоод байна.
2014 онд ёслон тэмдэглэж байгаа ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм.


Энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Герда-Хенкель сан, Германы Археологийн Хүрээлэнгээс санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын ССАЖЯ-наас зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж хоёр орны мэргэжлийн археологич, архитекторуудын удирдлагаар Монголын “Ордгео” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
Эзэн хааны ордон болон мөн түүнтэй нэгэн зэрэг баригдсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор 1346 оноос “Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэгдэх болсон бурханы шашны асар том сүм суваргыг “Юань улсын судар” болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү язгуурын таван бурхны ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон сүмийн довжоо суурин дороос Монголын түүхийн нандин ховор дурсгалууд олдлоо.

эх сурвалж: ugluu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ