Д.Болдбаатар: Чангаар уншихын ач тус

Уран зохиолын орчуулгад сэтгэл зүрхээ зориулж Тан улсын яруу найраг, Сүн улсын дуулал шүлгүүд, “Цаст уулын нисдэг үнэг”, “Сюэкө бүсгүйн хувь заяа”, “Хуаньжу гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонууд болон “Чонон сүлд”, “Чингис хаан”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Журамт бүсгүй Лү Би Лянь”, “Бэлтрэгхэн” зэрэг олон арван бүтээлүүдийг орчуулж үзэгч уншигчдын хүртээл болгосон эрхэм багш бээр 2001 оноос хувийн “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулж, өдгөө хэл сурах аргын мэдлэг туршлагыг зааж сургасаар байна.

Дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргаж байсан эртний монголын гэрийн сургалтын аргыг мэдээллийн эрин зуунд улаачлан авчирлаа гэсэн уриатай “Гэгээ” цогцолбор сургуулийн захирал, Монголын алдарт орчуулагч, /нэрт дуун хөрвүүлэгч/, хүндэт багш,судлаач, хэл шинжлэлийн доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатар эрхэмтэй уншигч та бүхнийг уулзуулъя.

- Сайн байна уу, та сайхан намаржиж байна уу?Давын өмнө "Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилохуйн гүр дууллууд" ном тань хэвлэгдсэн байна. Шинэ бүтээлээ өлгийдэн авсанд тань баяр хүргье.

- Сайн. Сайхан намаржиж байна уу? Юуны өмнө “Солонго” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигчидтайгаа дахин уулзах боломж тохиосонд маш их баяртай байна.

-Шинэ номынхоо талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү, ер нь сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцвал?

- Ер нь сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. 2010 онд “Чонон сүлд” романыг хэвлүүлснээс хойш өдий болтол “Чингис хаан”, “Дияан”, “Сюэкө бүсгүй”, “Төвд банхар”, “Гурван улсын үлгэр”, “Цаасан шувуу наадуулагч”, “Мянган нарны цацраг”, “Уулсын цууриа”, “Гурван улсын үлгэр” болон саяхан хэвлэгдэж уншигч олны хүртээл болсон “Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилохуйн гүр дууллууд” зэрэг нэрт бүтээлүүдийг орчуулжээ. Товчоор хэлэхэд өргөн олон уншигчид маань миний орчуулж хэвлүүлсэн бүтээл болгоныг маш сайн уншиж байгаа нь худалдан авалт борлуулалтын байдлаас харагдаж байна л даа. “Мила Богдын тууж зохионгуй” –н тухайд гэвэл харьцангуй шинэ бүтээл гэхэд маш богино хугацаанд уншигчдын дуртай бүтээл болон хувирлаа. “Гурван улс” роман бол хятад уншигчдын сэтгэл зүрхэнд манай Монголын нууц товчоотой дүйцэхүйц том зохиол гэдэг нь тодорхой.XIV дүгээр зууны дундуур тухайн үеийн нангиадын их бичгийн хүмүүн Луо Гуань Жун авгай бээр энэ зохиолыг бичсэн. Манай сэцэн билигт өвөг дээдэс бүр эрт дээр үед манж хэлнээс уг алдартай зохиолыг хэд хэдэн янзаар хөрвүүлсний дотор 1927 онд Тэмгэтийн Бээжин хотод хэвлүүлсэн хувилбарыг хамгийн сайн орчуулга хэмээн тооцдог л доо. Гэхдээ хэдийгээр эртний сайн орчуулга байлаа ч гэсэн хэл найруулга, үгийн оноолтын хувьд орчин цагийн уншигчид тэр болгон ойлгохооргүй хэсэг цөөнгүй байдаг болохоор би шинээр орчуулах явцдаа дээрх хүндрэлүүдийг шийдье гэдэг амаргүй зорилго тавин ажилласан. Миний хувьд 21 настай байхдаа анх удаа “Гурван улсын үлгэр” түүхэн романы амтанд ороод жилдээ нэгээс хоёр удаа уншчихдаг байсан болохоор шинээр хөрвүүлэхэд бас ч гэж түшигтэй байсныг нуух юун.

Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

- Саяхан би “Муухай хятад хүн” гэдэг номыг худалдаанд гаргасан маань уншигчдын сонирхлыг их татаж байх шиг байна. Намайг “Гурван улсын үлгэр” романыг гаргахад зарим найз нөхөд маань “Ийм том эртний хэлний зохиолыг хэн унших билээ? Чи дэмий юм хийж байна.” гэж шүүмжлэх тохиолдол цөөнгүй байсан. Гэвч янз бүрийн хүрээний хүмүүс чамгүй олноор худалдан аваад уншиж байгаад би орчуулагчийн хувьд их баяртай байгаа. Би сая нэг шинэ туршилт хийж үзлээ л дээ. Тэр нь юу гэвэл орчин үеийн мэдээллийн хэрэгслийн шинэ ололт болсон фэйсбүүкээр дамжуулан уншигч олонтойгоо тухайлсан нэг сэдвээр өргөн хэлэлцүүлэг зохион байгуулаад түүнийгээ эмхэтгэж ном болгоод хэвлүүлэх гэж байгаа нь манай улсын ном хэвлэлийн түүхэнд гарч байгаа шинэ үзэгдэл хэмээн үзэж болох юм. “Монгол ухааны жимээр бэдрэхүй” гэсэн нэрнээс нь ямар утга учиртай ном болох нь уншигчдад бараг ойлгогдож байгаа байх аа гэж бодож байна.

-Цаашид шинээр ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна даа?

-Миний ажил төрөл сургалт, эрдэм шинжилгээ, уран зохиолын орчуулга, синхрон орчуулга гээд чамгүй олон чиглэлээр өрнөдгийг чи өөрөө юу эс андах билээ...Одоогийн байдлаар өглөө, оройн сургалтыг удирдан явуулж байгаа болохоор нэг хэсэгтээ тулхтай орчуулгын бүтээл барьж авах боломж хомс. Ер нь ч миний орчуулгын ажлын гол боломжтой үе гэвэл өвөл, зуны амралтаар тохиох нь олон байдаг.


САЙН ОРЧУУЛАГЧ БОЛОХОД УНАГАН АВЪЯАСААС ГАДНА

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ

Орчуулагч хүн ямар мэдлэг чадварыг эзэмшсэн байх учиртай вэ?

“Орчуулагч хүн ур чадварын хувьд тухайн эх зохиолын зохиогчтой уралдаж орчуулах учиртай” гэх буюу “Орчуулагч хүн ганц нэг үг нэмж хасах бага хэрэг. Харин утга санааг нэмж хасна гэдэг гэмт хэрэг” гэсэн академич Ц.Дамдинсүрэн гуайнайлдсан хоёр алдартай үг орчуулах эрдэмд суралцагсдын хандахчиг зүгийг бараг заагаад өгчихсөн гэлтэй.
Орчуулга гэдэг амар хялбар ажил огтоос биш ээ. Манай оюутнуудын дотор хоёр гуравдугаар курсдээ нэг жилийн дотор 25 роман хятад хэл дээр уншчихсан оюутан байж л байсан. Нэгдүгээр курсдээ гэхэд л “Гурван улсын үлгэр” түүхэн романыг хятад хэл дээр уншаад амтанд нь орсон оюутан гэвэл ер нь олон доо. Тэгсэн атлаа л гайгүй сайн орчуулагч бэлдэн гаргая гэхэд бас л хэд хэдэн айхтар гүн ангал хавцлыг даван гарах хэрэгтэй мэт санагддаг байсныг хэлэх юун.

Ер нь сайн орчуулагч болохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ, мөн кино орчуулгын чиглэлээр оюутан бэлтгэж байгаа байх?

-Сайн орчуулагч болоход байгалийн унаган авьяас, хувь хүний дур сонирхол, хичээл зүтгэл, төөрөг тавилан гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байж таарна. Тэр болгон бүрэлдээд сайн орчуулагч төрөх гэдэг өөрөө маш гүн ангалыг даван гарч байгаатай адил хэрэг юм. Энэ үүднээс би “БАГШИЙН ЭРДЭМ ХАРАГДАХААС БИШ БАРИГДАХГҮЙ БАЙВАЛ САЙХАН” гэж хэлдэг нь нэг бодлын сэтгэлээ тайтгаруулах утгатай үг байсан ч юм болов уу даа. Харин одоо нөхцөл бололцоо гайгүй нааштай бүрэлдээд ирж байгаа болохоор кино орчуулгын чиглэлээр хэдэн гайгүй шавь бэлдээдэхье гэж шийдсэн маань нэлээд урагштай байгаад их баяртай байна. Тэднийхээ орчуулсан бүтээл хэр зэрэг чансаатай болох бол гэж сэтгэл түгших, хөөрөх мэдрэмж зэрэг зэрэг төрөх нь наадмын урд шөнө нойр сэрвэлзэн хонох уяачийг өөрийн эрхгүй санагдуулна.

Ер нь уран зохиолын орчуулга руу орсон шавь нар олон байх л даа, тэднийхээ тухай танилцуулвал?

- Манай төгсөх курсийн оюутнууд болох н.Чойдорж, н.Өлзийням, н.Номинтөгс зэрэг сайн шавь нар маань кино орчуулгын амаргүй салбар руу багшдаа нэгэн мөрийн хүчээр туслахаар шамдан ороод байгааг хэлэхэд баяртай байна. Тэд нар маань энэ эрчээрээ яваад байвал “Алсдаа монголын уран зохиолын орчуулгын орд цагаан өргөөний хойморт хөл мах, хөхүүр айраг тавьчихсан суудаг сайн дуун хөрвүүлэгч” нар болох байх гэдэгт би багшийн хувиар итгэлтэй байдаг даа.

Орчуулгын явцад тохиолдсон сонирхолтой дурсамжаасаа дурдвал?

- Саяхан Э.Номинтөгс шавь маань “Гэгээн саран илд” киног орчуулж байх явцдаа хятадаар “你骂我是落花吗?»,«我已经知道你是残花。” гэсэн хоёр харилцан яриа маягтай өгүүлбэрийг бичиж ирээд юу гэсэн утгатай болохыг ойлгосонгүй хэмээн асуулаа. Яг үгчилбэл: “Чи намайг унасан цэцэг гэж загнаад байна уу?”, “Үгүй дээ, би чиний хагдарсан цэцэг гэдгийг мэдэлгүй яахав” гэсэн утгатай юм л даа. Энэ хоёр өгүүлбэрт гол нь унасан цэцэг, хагдарсан цэцэг гэж юу хэлээдбайгаагийн цаад учрыг ухаж ойлгох асуудал орчуулагч хүнд тулгарч байгаа юм. Унасан цэцэг гэдэг үгийн үүсэл хөгжил эртний Тан улсын нэгэн яруу найрагчийн шүлгээс үүдэлтэй гэдгийг мэдэж байж сая утгыг төгс сайн гаргах боломжтой.
Тэр шүлгийн гол санааг сийрүүлбэл: Нэгэн үзэсгэлэнт бүсгүй тагтан дээрээ зогсож байтал гудамжаар хөлхилдөх олон хүмүүсийн дунд эрэмгий гоо төрхтэй залуу эр явж байхыг хараад сэтгэл алдарсан нь горхийн хөвөөний цэцэгсийн дэлбээ усанд унах лугаа адил хэмээн яруу найрагч дүрсэлсэн байдаг. Харин нөгөө гоо төрхтэй залуу эр хөлхилдөх олны дунд өөрт нь нүд, сэтгэл алдрах гоо бүсгүйг тоосон шинжгүй яваад өнгөрч байгаа ньгорхийн түргэн урсгал эргийн зулгарсан цэцгийн дэлбээг урсган авч одохтой адил юм гэсэн санааг шүлэгч өөрийн бүтээлдээ дүрслэсэн байдаг л даа.
"Унасан цэцгийн дэлбээ сэтгэл алдрахуй дор
Урсгал ус энэрэлгүй түүнийг хаман оджухуй" хэмээх уламжлалт орчуулга ч байдаг.
Харин дээрх өгүүлбэрт хагдарсан цэцэг гэж юу хэлээд байгааг уншигч та бүхэн бараг гадарласан байх аа. Тэгээд би шавьдаа тэр домгийг тайлбарлаж өгөөд явуултал удалгүй “Чи намайг тэр залууд сэтгэл алдарсан гэх гээд байна уу?”, “Үгүй дээ, би урьд нь чамайг хүн хартай байсныг мэднэ.” гэж орчуулаад хүрч ирнэ лээ. Уншигч та миний оронд байсан бол тийм орчуулга хийсэн оюутанд яадаг ч байсан тааруу дүн тавихгүй байх гэдэгт итгэлтэй байна.


Ингэхэд та хичнээн кино зохиол орчуулсан бэ. Ер нь утга, уран зохиолын орчуулгын онцлог юу вэ. Тэр тусмаа хятад хэлнээс орчуулна гэдэг амаргүй ажил байх?

-Би нэлээд дээхэн тооцож үзэхэд 1300 гаруй (кино) анги орчуулсан. Саяхан “Хубилай хаан”, “Тэнгэрийн луугийн найман аймаг” гэдэг киног орчуулж үзэгчдийн хүртээл болголоо. Одоо кино орчуулгын амар албыг манай сайн шавь нар үүрэлцэж эхлээд байна. Тэд нар маань саяхан “Гэгээн саран илд” киног амжилттай орчуулсан бол одоо “Ээж ээ гэж дуудаач” нэртэй олон ангит уянгын сэдэвт киног орчуулахаар шамдан ажиллаж байна.Ойрдоо “Монгол ухааны жимээр бэдрэхүй” номоо хэвлэлд өгөөд, манай “Гэгээ”-гийн өдөр оройн ангийнхны хичээл шамдал жигдэрсэний зэрэгцээ кино орчуулгын чиглэлээр бэлдэж байгаа хэдэн шавь нар маань овоо эв дүйтэй болсныг үзээд бага сага зүйл бичих боломжтой боллоо. Манай залуус хүүхэд ахуй цагтаа “Хуаньжу гэг” киног үзсэн байх аа гэж бодож байна. Тэр кинон дээр “Эрчлэх салхи нь чи гэвэл элсэн ширхэг нь би бөлгөө” гэсэн дуу байдаг шүү дээ. Үнэндээ хятадаар"你是风儿,我是沙" буюу “Чи бол салхи. Би бол элс” гэсэн энгийн хоёр өгүүлбэр байгаа юм. Хэрвээ хадмал утгыг нь үг үгээр зөөж тавиад орчуулга болчихдог бол энэ үүргийг хятад сургуульд сурч байгаа нэг хоёрдугаар ангийн хүүхдүүд ч төвөггүй гүйцэтгэж чадах буй за.

МОНГОЛЧУУД ХЯТАДАД СУРАЛЦАГСДЫН ТООГООР ТОЛГОЙ ЦОХИДОГ

Орчуулгыг уншигчид янз бүрээр хүлээж авах, тэр байтугай шүүмжлэх ч тохиолдол гардаг л байх, уншигчдад маань жишээ болгон сонирхуулж болох болов уу?

-Саяхан даа,фэйспүүк сонирхогчдын уулзалтан дээр Хятадад сурдаг нэг оюутан охин босоод “Надтай урд хамт суралцдаг нэг найз маань “Чонон сүлд” романыг хятад хэл дээр нь уншчихаад бүр биширч гүйцсэн. Харин монгол орчуулга нь түүний сэтгэлд нэг л хүрээгүй гэсэн. Та тэр талаар юу гэж хэлмээр байна даа...” гэж асууж байх жишээтэй. Сайнтай муутай дүүрдэг хорвоо гэдэг шиг орчуулгын чанар чансаа хүн болгонд өөр өөр санагдах нь зүй ёсны хэрэг. Гол нь тухайн хүний төлөвшил, сэтгэн бодох чадвар, боловсролын түвшин зэрэг нь л хэрхин яаж дүгнэхийг шийдэх болов уу гэж олон юм ярьж болохоор байсан боловч тэр оюутанд хятад хэлээ улам сайн сурахыг ерөөгөөд орхиж билээ.

Сүүлийн үед хүүхэд залуучууд хятад хэл сурахын тулд янз бүрээр хичээх болсон, хятадын их дээд сургуулиудад чочиж суралцаж байна,ялангуяа өнөө үед хятад хэл сурахын ач холбогдлын талаар таны бодол?

-Би саяхан Бээжин хотноо “Монгол хятадын харилцаанд тулгарч байгаа сорилт ба шинэ боломжууд” гэсэн эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон. Тэнд тавьсан илтгэлүүдээс сонсож байхад одоогийн байдлаар найман мянга шахам оюутан Хятад улсын янз бүрийн хотод суралцаж байгаа бол 12 мянган оюутан сурагч дотоодод хятад хэл сурч байгаа ажээ. Ер нь хүн амын тоотой харьцуулах юм бол Монгол улс хятадад суралцагсдын тоогоор толгой цохидог болсон аж. Мэдээжийн хэрэг хятад хэлийг сайн сурсан хүнд ажлын байр найдвартай олдохын зэрэгцээ, цалин хангамж ч сайн байх нь ойлгомжтой. Хувиараа арилжаа наймаа хийхэд ч хятад хэл сайтай хүний хувьд бүр илүү амар байж таарна гэдгийг манай хүмүүс бодолцдог болсон байж таарна.

Ингэхэд Хятад хэл сурахын тулд юунд анхаарах вэ. Зөвхөн хятад хэл ч гэлтгүй гадаад хэл сурахад чухам юуг анхаарвал зохих тал дээр зөвлөнө үү?

- 1990 оны намар шиг санагдаж байна. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид олон жилийн дараа хятад улсад айлчлах болсон юм. Би хоёр гурван ном бүтээл гаргачихсан хамгийн залуу тэргүүлэгч гишүүний зэрэгцээ орчуулга хийхээр явлаа. Эхний албан ёсны хэлэлцээр дээр залуусын хэлдгээр ёстой “Будаа болох нь холгүй” дууссан юмдаг. Миний үеийн залуу хятад орчуулагч орчуулна гэж ёстой тачигнаад л явчих юм. Би байдаггүй дээ.
Орой нь Бээжин зочид буудлын өрөөнд хятадын талын орчуулагч залуутай уулзаж жаахан хууч хөөрлөө.
“Би өнөөдөр яасан бэ? Паактласан уу?” гэж би мэндийн зөрүүгүй асуулаа.
Гэтэл өөдөөс “Үгүй ээ, чи харин сайн байсан. Нэгдүгээрт: Чиний дуудлага маш сайн байна. Хоёрдугаарт: Даргынхаа хэлэх гэсэн санааг орчуулах эрмэлзэл мэдрэгдээд байна. Гол нь туршлага байхгүй юм даа. Хэн ч байсан анхны орчуулга дээр иймэрхүү л байдаг” гэж байна шүү.
Би түүнээс “Чи надаас нэг жилийн сүүлд монгол хэл сурч эхэлсэн. Гэтэл яахаараа ийм хурдан сайжирсан байдаг билээ?” гэж асуув.
Түүний хариуд: "Би өдөр болгон 30 минут танай Ардын эрх сонинг чанга дуугаар уншдаг. Өөр юу ч хийдэггүй. Түүний үр дүнд надад одоо танай ардын эрх сонин дээр мэдэхгүй үг байхгүй болсон." гэсэн нь надад маш том ухаарал бэлэглэсэн юмдаг. Би тэгвэл яагаад хятадын Жэньминь Жибао сонинг гучин минут уншаад байж болохгүй байх билээ гэсэн бодол ёстой орой руу орох шиг болоод тийм зуршлыг хэвшүүлсэн дээ.
Өөртөө тохирсон хөнгөн бичвэрийг чанга дуугаар уншаад бай. Би Чихироо гэдэг нэртэй нэг япон оюутанд энэ аргыг зааж өгөөд “Тунгалаг тамир” романы эхний хуудсыг 50 удаа уншуулсан. Дараачийн өдөр 49 удаа, түүний удаах өдөр гуравдугаар хуудсыг 48 удаа гэх мэт. Долоохон өдөр уншаад хэл яриа нь жигүүртэй болсон мэт асар хурдан цэгцэрсэн дээ.
Гадаад хэлний суурь тавигдсан тохиолдолд чанга дуугаар унших шиг сайн арга үгүй мэт санагддаг.

Өвөр Монголчууд монгол бичгээ сайн хадгалан үлдэж чадсан ард түмэн. Харин манай залуучууд төдийлэн сайн биш ч, суралцсаар байгаа нь ажиглагдаж байна. Таны хувьдэнэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Миний хувьд Монголчууд бид ар, өвөр монгол гэлтгүй үндэсний монгол бичгээ өргөн хэрэглэх хэрэгтэй гэдэг тал дээр би эрдэмтэн хүний хувьд баттай зогсдог. Саяхан “Чонон сүлд” романыг би монгол бичиг дээр хөрвүүлэх талаар Бээжингийн үндэсний хэвлэлийн хороотой холбогдох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь манай хоёр орны соёлын солилцоонд тохиож байгаа нэгэн чухал үйл явдал гэж би хувьдаа их баяртай байгаа шүү.

Солонго сэтгүүлийг /сайтыг/ хэр уншдаг вэ, ямар ойлголттой явдаг бол, уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?

- Би танай “Солонго” сэтгүүлийг бүр анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн идэвхтэй уншигч нь байсаар ирсэн. Сүүлийн үед өнгө дизайн, утга агуулга, хамгийн гол нь хэл найруулгын хувьд илт сайжирч байгаа нь тун сайн хэрэг гэсэн сэтгэгдэлтэй явдаг даа. Жирийн уншигчийн хувиар хэлэхэд “Солонго” сэтгүүл нь манай хоёр орны харилцан ойлголцолд чухал үүрэг гүйцэтгэж байгаа мэдээллийн чухал хэрэгсэл гэсэн үнэлэлт дүгнэлттэй явдаг.

Бидний урилгыг хүлээн авч халуун яриа өрнүүлсэн танд уншигчдынхаа болон хамт олныхоо өмнөөс баярлалаа. Цаашдын ажил үйлс бүхэн тань хаврын цэцэг шиг дэлгэрч, намрын наран шиг гэрэлтэж байхын дээдийн ерөөл өргье.

Бэлтгэсэн:Э.Үржинханд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ