Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих үү?
Ардчилсан намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, зөвшилцөх саналаа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлэг “Өмнөх Засгийн газрын сайдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжихгүй” гэдэг байр сууриа илэрхийлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрсдийн байр сууринаас хандаж дэмжих эсэхээ шийдэх болж буй юм. Иймд бид УИХ-ын гишүүдэд хандан “Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих үү” гэсэн асуулт тавьж, байр суурийг нь сонирхлоо.
“ҮЗХ-ны шийдвэрээ хүндэтгэж байгаа”
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:
-Эдийн засгийн хямралаас сайн эдийн засагч гаргаж чадна гэж үзэж, би анх УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшихийг дэмжиж, бүлгийн хуралдаанд саналаа өгсөн. Гэхдээ Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас олонхи нь Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Дараа нь намын бүлэг хуралдахад олонхи нь мөн Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг дэвшүүлэхийг дэмжсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээ хүндэтгээд саналаа өгсөн. Асуудал харин шийдвэрлэгдэхгүй удаж байна. Өвөл ирж байна, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор олон асуудлыг шийдэх шаардлагатай болж байна.
“Эерэг кноп дарна”
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва:
-Би анхнаасаа Шинэчлэлийн Засгийн газрыг, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг эсэргүүцдэг байсан. Ханилж явж нөхрөө гэж үг бий, тийм болохоор Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг дэмжинэ. Эерэг кноп дарна.
“Өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх ёстой”
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
-Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын танхимд гол сайдын нэг байсан учраас энэ эдийн засгийн хямралтай үед ямар ажлыг тэргүүнд хийх нь чухал вэ гэдгээ илүү сайн мэдэж байгаа болов уу. Мөн өмнөх Засгийн газрын ажлын эрчийг сулруулахгүй үргэлжлүүлэх ёстой гэдэг агуулгаар эерэг талаас нь хандаж байна.
Цаг алдалгүй Ерөнхий сайдыг батлах ёстой
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
-Ерөнхий сайдгүй, Засгийн газаргүй удаан явж болохгүй. Улс орны эрх ашгийг тэргүүнд тавих ёстой, тийм учраас “Болно, итгэл дааж ажиллана” гээд оруулаад ирсэн хүнийг УИХ дэмжээд Ерөнхий сайдаар батлах ёстой. Цаг алдах аргагүй болчихоод байна.
“Бүх нам дэмжих албагүй”
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намын бүлэг, ҮЗХ-гоор хэлэлцэхэд дэмжих хэсэгбайхад шүүмжлэлтэй хандах хэсэг байсан.Ингээд намын удирдах дээд байгууллагаар асуудлыг оруулахад олонх нь дэмжээд явсан. МАН-ынгаргасан шийдвэрийн тухайдөөрсдийнх нь эрхийн асуудал.Аль нэгнамын гаргасан шийдвэрт дүгнэлт хийх нь зохимжгүй. Заавал бүх нам дэмжих албагүй. Ерөнхий сайдын асуудлыг УИХ дээр хэлэлцэх үед л бүх зүйл тодорхой болно.
“Либераль байр суурьтайг нь дэмжинэ”
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:
-Миний хувьд либерал байр суурьтайг нь дэмжинэ гэсэн. Надад Ч.Сайханбилэгийн саналууд илүү либерал санагдсан. Гэвч би бүлгээр Р.Амаржаргал гишүүнийг дэмжиж санал өгсөн. Нэгэнт өрсөлдөөн чөлөөтэй болж нэг нь ялагдан, нөгөө нь ялсан. Ардчилсан нам дотроо хагаралтай, Засгийн газраа арай гэж байгуулах гэж байгаа дээр нь унагаад өгье, эдийн засгийн хямрал дээр илүү тоглолт хийе гэсэн бодол сөрөг хүчинд байхгүй болов уу. Манай намаас бүх нам, эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах урилга өгсөн.
“Ерөнхий сайдын асуудлаар зөвлөлдөнө”
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
- Ерөнхий сайдын асуудлаар АН-ын зүгээс бие даагчдад хандсан зүйл одоогоор алга. Бие даагчдын зөвлөлийндарга С.Ганбаатар гишүүн гадаадад ажиллаж байгаа. С.Ганбаатар гишүүнийг эх орондоо ирэхээр Ерөнхий сайдын асуудлаар зөвлөлдөнө. Ер нь Ерөнхий сайд болох хүн хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг, эх оронч үзэлтэй хүн байх ёстой. Түүнээс хэнийг ч Ерөнхий сайдаар томилсон ялгаагүй гэж ойлгох нь учир дутагдалтай юм. Засгийн газраа аль болох хурдан хугацаанд бүрдүүлээд явах ньзөв. Гэхдээ энэ ньбие даагчдаас хамаарахгүй байна л даа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг сайдуудын сайдгэж ярьдаг. Энэ утгаараа МАН дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлсэн болов уу.
Г.ДАРЬ, С.ОТГОН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ