Хайран цаг! (76-д хаягласан иргэний захидал)
Бодох нээ гомдмоор. 2012 оны намраас “за даа, гэрэл ирлээ дээ. Улс орон ингээд хөгжиж эхлэх нь” гэж үнэхээр нэг бодогдоод ирж билээ. Эргэн тойрон өнгө орж, эрчимтэй шинэлэг аяс давалж байлаа. Иргэн рүү төр ирж байна гэж итгэж эхлэв. Гэтэл өнгөрсөн оноос эхлээд өнөө хэд (өнөө 76!) дээгүүр улиг хэрүүлээ үүсгэв. Уг нь хэрүүлийн шалтагийг ойлгож ядах юмгүй. Эмзэг, бие даан ядаж байгаа ЭЗ-т ялигүй нөлөө гарахад л савлаж эхлэнэ.
Үүнийг молхи би хүртэл ойлгож дөнгөх атал өнөө хэд ойлгосонгүй, үүгээр далимдуулж яг л ном ёсоороо хэрүүл өдөцгөөв. Хэрүүл одоо өрнөсөөр яг нэг ой хүрлээ. Хийх хүсэл оргилж байсан АН ч одоо цөхөрч, МАН-ын бах ханаж байх шиг. Хөрөнгө оруулалтын хууль батлуутаа л бүтэн жил ингэж заамдалцав.
Хэрүүлтэй айлд хэн хөрөнгөө бариад ирэхэв. Тэд зодолдоод байхаар үрс бид нар чинь бүр өрвийж гүйцэх юм. Уг нь эрүүл хүчтэй ЭЗ-т ч хэлбэлзэл үүсэж л байдаг хойно доо. Хэлбэлзэх бүрд өөрийн улсаа ингэж хэрүүлээр “шатаагаад” байвал цаашид яахав. Үргэлжид шатаасаар л байх уу. Эсвэл энэ хөөрхий монгол минь тэдэнд хамаагүй юмуу. Тэр МАН-ынханы шүүмжлээд байгаа аргументуудыг над шиг гөлөг ч гоншигноод байж чадна. Яагаад тэд ийн гэнэт сарнаас буусан мэт хахир муухай, гаж царайлна вэ. Юу шүглэв, тэдэнд…
Өнгөрсөн хоёр жилд Монголын эдийн засагт нааштай зүйлс зөндөө, тэгэхдээ бүр хурдтайгаар үзэгдэх болов. Гэтэл улиг шалтгаантай, гадны нөлөөтэй сөрөг үзүүлэлтийг голдуу ялын баримт болгоод Эрх баригчдыг шархалтал улангасан маажиж байна. АН-ыг самардсан цустай хумсны чинь цаанаас одоо бид улс орноо олж харахад бэрх боллоо. Сүйрсэн эдийн засаг, арчаагүй АН, хурц хумстай МАН л үзэгдээд, бүр иргэн бидний зүүдэнд орох болоод байна. Одоо болоо юм биш үү.
Уул нь маш энгийн. ЭЗ-ийн өнөөгийн буурсан тал нь уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалт завсарлах тохиол. Өсөлт гарч буй салбаруудад “Чингис бонд” тусалж байгаа. Бусад нарийн шалтгаанууд бол туслах чанартай нөлөө юм. Засаглалын чадавхи, боломж ч үүнд орно.
Хайрт 76 минь, эргэн тойроноо хар. Тэлж буй ЭЗ-ийн бүслэлтэд биднийгээ арал мэт үлдээх гээд байна уу даа. Дөнгөөд та нар минь интеграцийн шинэ дохионуудыг бариад аваач. Гэтэл яг нэг жил үргүй бөөллөө, хайран цаг!.
Сөрөг намыг Монголд цамнах хооронд ASEM, “Талын зам” гээд сайхан сайхан юм сонсдоод баяр төрүүлэх юм. Нэг бодлын Монгол минь их эргэлтийн өмнө ирээд байгаа болохоор л сөрөг нам ийм сүртэй цамнах болов уу. Яасан багтардаггүй лүд гээч вэ.
Ирээдүйн Монгол улс 900 тэрбумын (ам.доллар) орлоготой гэх тооцоо бий гэнэ. Бас чадвал 30-40 тэрбумын хөрөнгө орох нигууртай гэнэ. ДНБ 60 тэрбумд хүрэх боломжтой гэнэ. Энэ бүхний сургаас мятаршгүй цамнах эрч аваад байна уу, чөтгөр бүү мэд. Ирээдүйд Монгол улс муужирна гэж тэдний ёрлосон мэдээг тэгвэл өөдөөс нь тараагаад эхэлбэл итгээд унтрах юм болов уу.
Юутай ч нэг жил амсхийлгүй төвөг удлаа, Монголын хөгжилд! Урагшлах нэг жил ийнхүү манай түүхээс сох дутах болж байна. АН ч иймхэнд түүртэж байдаг, ёстой л ангаахай юмдаа… Бүр гомдмоор!!
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Г.Уламбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ