Залуужуулах шидэт жор
Сармисны ид шид, давуу тал маш их. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармистай холбоотой олон жоруудаас өвлийн улирал ирж байгаа болохоор сармис, нимбэгийн шүүсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх аргыг сонгон хүргэе.
Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн бөгөөд биед эрч хүч нэмж, залуужуулах ид шидтэй гэж үздэг.
Бэлтгэх арга: Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.Ингээд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгэнэ. Нимбэг харьцангуй том бол10 ширхэг орж болно. Нимбэгний шүүсийг шахахдаа зориулалтын хэрэгсэл ашиглавал илүү хялбар. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь шахна.
Нимбэгний шүүсийг шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээр нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүү таглаагаар таглалгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалахын тулд дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (хөргөгчинд биш) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног дарна. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж, өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхлээрэй.
Хэрэглэх арга: Хэрэглэхдээ өдөрт нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууна. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй.
Энэхүү хандыг өвлийн турш хэрэглэвэл томуу, томуу төст өвчнөөс сэргийлж чадна.
Хэрэглэх хориотой заалтууд: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй. Мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ