Ёс зүйг "уучлаарай"-гаар хахуульдах уу?

Саяхан манай бараг бүх л телевизүүдээр цаг дараалан “Ёс зүй” нэвтрүүлэг бөмбөгдлөө. Сайхан нэвтрүүлэг болсон тэр ч утгаараа хот хөдөөгийн олон хүний сонорт хүржээ.

Үнэхээр монгол оронд хэн ёс зүйтэй байгаа юм. Хээл хахуулиар тэтгэлэг авсан шинэ үеийнхэнд алга, өөрсдийг нь сонгож гаргасан ард түмнээ өр, хямралд унагасан их хурлын гишүүдэд алга, Монгол гэж цээжээ дэлдэх залууст алга. Гэхдээ тус нэвтрүүлгийг үзээд ёс зүйг уучлаарай гэдэг үгээр “хахууль”-дчихаж байгаа юм шиг санагдсанаа нуугаад яахав.

Ард түмний дургүйцлийг хийсэн “гавьяа”, гаргасан үйлдлээрээ хангалттай хүргэсэн гишүүд маань бороонд норсон болжморыг хараад ухаажсан бололтой. Манайхан тэгээд хэт туйлшрамтгай юм гэдгийг телевизийн нэг нэвтрүүлгээс л харагдаж байна.

Монголчууд нэгнийгээ “үлгэрлэн” даган дууриахдаа сайн улс. Тэр зангаараа хүн бүрийг л хэмжих гээд байдаг болсон мэт. Сүүлдээ бүр хэн нэгний хувийн орон зайг хүртэл ёс зүйгээр үнэлээд эхэллээ. Тухайлбал, сүүлийн үед засгийн газар сүлжээ биш хэмээн суулт зарлаад байгаа Зоригт гишүүн твиттер хуудаснаа +18 зургийг шэйрлэхэд түүний ёс зүй яригдаж эхэллээ. Урьд нь ч бас иймэрхүү ганц нэг зураг хийж л байсан. УИХ-ын гишүүн хүн ийм юм үзэж, шэйрлэж үл болно. Ёс зүйд үл нийцнэ. УИХ-ын гишүүн байж ийм юм шэйрлэлээ гэх мэтээр хэлнэ. Ингэж хувийн орон зай, сонирхлыг нь хүртэл ёс зүйгээр хэмжинэ.

Харин сүүлийн үед хамгийн их анхаарал татсан үйл явдал бол уурын мунхагаар нэгнийхээ дээрээс халуун асгасан жүжигчдийн шүүхийн шийдвэр. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олны танил жүжигчид олны булай болтлоо л хэвлэл мэдээллээр явсан. Тэгвэл мөн тэдний шүүхийн шийдвэр дээр ч айхтар “ёс зүй” маань гараад ирэв. Нэгнийхээ дээрээс халуун цацаж, гэмтэл учруулахад 7,1 жил өгч байхад барилгын төмөр нь унаж хүний амь бүрэлгэхэд 2 жил өгч байх юм. Энэ ёс зүйтэй үйлдэл үү гэхчилэн иргэд ёс зүйжсээр л. Үнэндээ энэ бол дуугарах хэлэх л асуудал мөнөөс мөн. Энэ нэвтрүүлэг олон хүнд ухаарал, бодрол, эргэцүүлэл, эр зоригийг харуулсан бололтой. Гэтэл манайханд асуудлыг гаргаж ирэхээр бүгдээрээ шуугиж шуугиж байснаа тэгээд л орхичихдог. Үнэхээр тэр асуудлынхаа араас бариад, үр дүн гаргах нь ховор. Үнэхээр хүний амь бүрэлгэсэн нь хоёрхон жил аваад явж байхад хоёр хүний маргаан, нэгнээ уучилсан гээд байхад 7 жил өгч байгаа юм. Эргээд иргэн танд ч ийм асуудал гарвал иймэрхүү байдлаар л шийдэгдэнэ шүү дээ. Гэтэл үүнийг ёс зүй ярьсаар ямар үр дүнд хүрэв?

Харин энгийн ард түмний амьдралд ёс зүй ил далд байсаар л байна. Өнөөдрийн нийгмийг дорой, соёлгүй бүдүүлгээр нь дуудах хүмүүс бишгүйтэй л байна. Харин түүнийхээ сайхныг харах нүд нь хаалттай шиг. Саяхан ажлаа тараад автобусанд явж байлаа. Гэтэл тэтгэврийн насны бололтой нэг согтуу өвөө хаалга таглаад зогсчих юм. Зорчигчид буухад ч, суухад ч хэцүү, саад болно. Кондуктор нь өвөө та ийм байхаар залуучууд юунаас үлгэрлэх юм? гэж асууж байна. Өвөө хэсэг чимээгүй зогссоноо уучлал хүсэн урагш зогсон, хаалга чөлөөлж өглөө. Энэ л ёс зүй мэт, ингэж л уучлал хүсэж, алдаагаа засах хэрэгтэй мэт.

Шударга зан ёс зүйн үндсэн хэмжүүр болдог. Тиймээс олны өмнө онцгойрч, хүний нүдэн дээр хувирах нь ёс зүй биш гэдгийг ч мөн уг нэвтрүүлэг харуулах шиг.

Биенийхээ эзэн нь та өөрөө л шүү дээ. Хэн нэгэн биднийг удирдаад, аваад яваад байгаа зүйл огтоосоо байхгүй. Тиймээс л хүн хүнээрээ бай, чи өөрийнхөөрөө бай гэдэг шиг шударга байх нь л "хүн" гэдэг ойлголтыг бий болгож байгаа мэт.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин