Монголын сэтгэлгээг патентжуулъя

Дээдчүүд нь хийснээ үгүйсгэж, доодчууд нь хуучныг сэргээдэг Монгол ухаан бас байх. Шинээр хийснээ буцааж нураадаг сэтгэлгээг монголчууд Дэлхийн оюуны өмчийн байгуулагад бүртгүүлж патентлан авах хэрэгтэй. Ялангуяа манай эрх мэдэлтнүүд үүнийг гарамгай хэрэгжүүлэгчид болохоор тэд онцгойлон анхааралдаа авбал зохино.

Сонгуулиар гарч ирэх тоолондоо “бүгдийг тэг”-ээс эхэлж байна гээд л өмнө хийгдсэн бүхнийг үгүйсгэдэг нь тэдний гэм биш зан болсон. Монголын хууль гурав хоног гэдэг үнэн. Нэг юм хийхээр санаачилж өнөөх нь сүр дуулиантайхан хэрэгжээд дуусангуут “үүнийг ингэсэн нь дээр юм байна” гэж суурин дээрээ хэд эргэлдэх нь яг л нялх хүүхэд шиг. Би энэ тоглоомыг авмаар байна гээд авсан хойно нь голж шидчихээд өөр нэгийг авдаг. Ард түмэн ч хүүхдээ эрхлүүлж байгаа эцэг эх шиг тэднийг хараад ингэж л байдаг юм гэсэн шиг хүлцэнгүй болчихсон.

Хамгийн энгийн жишээ гэвэл авто замын дундах ногоон байгууламжийг жил бүр шахам шугам, сүлжээ засаж, шинэчилнэ гэсэн нэрээр ухаж төнхдөг. Замыг өргөтгөх нэрээр мод тайрах нь энүүхэнд. Хэчнээн их мөнгө урсаж байгааг хэн ч харахад тодорхой.

Саяхан Хүнсний I дэлгүүрийн зүүн талын хоёр ТҮЦ-ийг авч хаяад шороог нь плитагаар өнгөлсөн. Гэтэл нэг өдөр байшин угсарч байгаа харагдаж байснаа буцаагаад аваад мордсон. Харин сүүлд нь дөнгөж тавьсан плитагаа хагалж, цоолоод хэдэн модон хөл байрлуулжээ. Юу хийх учраа олохгүй байгаа болов уу гэтэл хүмүүс тухлах сүүдрэвч хийхээр болсон гэнэ. Замын дэргэд сандал, сүүдрэвч тавьдаг "мода" дэлгэрээд байгаа. Ийм газар хүнд тухтай санагдах уу гэдэг сонин.

Тухайн үедээ маш их мөнгөөр хийгдсэн ажил өнөөдөр аль нэг хогийн саванд хэвтэж байгаа гэхээр хайран хөрөнгө гэж харамсмаар. Хуучны юм ул болох нь мэдээж хэрэг ч хуучирч шалиагүй зүйлсийг устгаж үгүй хийгээд байгаа нь “но”-той. Манайхан шиг цамаан зантай улс дэлхийд үгүй. Анхнаас нь төлөвлөөд эвдэж сүйтгэлгүй, дэс дараатай ажил хийж сурмаар байна.

Энэ мэт хийж бүтээснээ үгүйсгэж устгадаг явдалд тохирсон хариуцлага байдаггүй гаж нийгэмд иргэд бид ч буруутай. Манайхан аливаа зүйлийг шүүмжлэхдээ сүр дуулиантайгаар гарч ирээд, хэсэг хугацааны дараа намжсаар түүнтэйгээ эвлэрчихдэг. Хувь заяатайгаа эвлэрнэ гэж энэ биз. Үүнийг нь мэдэрсэн эрх мэдэлтнүүд даам гарч, тоглоомын дүрмийг гартаа тас атгачихаад тэнгэрийн сэнтийд дураараа авирлаж сууна.

Тэгвэл цаана чинь юмханаар юм хийдэг ард түмэн чинь дэм дэмэндээ, дээс эрчиндээ амьдарч болоод байна. Монголчууд бүх талын авъяастай. Бид хуучныг сэргээж, шинийг ч сүйтгэх чадвартай агуу улс гэдгийг эндээс харж болно. Мууг сэргээн босгох нь буруу зүйл огт биш юм. Ялангуяа манайх шиг дорой нийгэмд яг тохирсон бизнесийн санаа.

Хэрэггүй болсон сэг зэмийг ч босгоод ирдэг сэтгэлгээ бас монголынх. Мөн л патентлаад авах хэрэгтэй зүйлсийн л нэг. Манай орон Япон машины оршуулга гэж нэрлэгдэх болсон нь инээдтэй боловч эмзэг сэдэв юм. Шинэ юм шиг өнгөлсөн төмөр хүлэг бидний халаасыг яаж хоосолж байгааг хэлэх хүн олон ч хэрэглээ болсон энэ зүйлийг хямд үнээр авах иргэдийнхээ эрэлтэд нийлүүлж байгаа “ченж”-үүдийг буруутгах аргагүй. Машин ч гэлтгүй гар утас, компьютер гээд бүх төрлийн эд зүйлсийг шинэчилж, монголчилж чаддаг нь бидний ховор авъяас.

Сүүлийн үед манайд нэгэн шинэ мэргэжил бий болсон нь утас засварчин. Тэд унтраад таг болсон утсыг салгаж, сэлбэж байгаад шинэ юм шиг л засчихна. Гэхдээ ажиллах хугацаа нь хязгаартай. Сэхээнээс гарч ирсэн цоо шинэ юм шиг утсыг шууд борлуулалтанд гаргана. Баталгаат хугацаа ердөө нэг сар. Тэр хуудсан дээр юу гэж заасан нь сонин биш, уншдаг хүн ч цөөн. Худалдан авагчийн гар дээр ирснээс хойш хэсэг хугацааны дараа ажиллагааны хугацаа дуусч, гэнэтунтраад дахин амь орох найдлага тасарна. Баталгаа гаргасан шүү дээ гээд очихоор механик эвдрэл тэдэнд хамаагүй болж зөвхөн батерейд хугацаа өгсөн гээд ам таглачихна. Баталгаат хугацааны хуудсыг дэлгэн уншвал энэ тухай тодоос тод тусгасан байдаг.

Ингээд л дахин утасны эрэлд гарах нь тэр. Өнөө маргаашийнхаа хоолоо арайхийн залгуулж яваа болохоор шинэ, чанартай утсанд голоо цохино. Дахиад л сэхээнээс гарч ирсэн утсаа авна. Харамч хүн олон төлдөг гэдэг үг бий. Үнэндээ харамласандаа бус хүрэлцэхгүйдээ ийм шийтгэл хүртэж яваа юм. Иймд Монголд шинээсээ хуучин утас эрэлт ихтэй, гүйлгээ сайтай байдаг. Энэ чиглэлээр бизнес эрхлэгчид ч цөөнгүй болж, амин зуулгаа залгуулах боломжтой болсон.

Ийнхүү дээдсүүд нь ард түмнийхээ мөнгөөр зугаацаж, хийснээ устгаж суухад доодос нь хуучин бүхнийг аргацаалж хэн хэнийхээ хэрэгцээг хангаж явна. Тэдний ажил шинийг үгүй хийснээс л зуу дахин дээр.

Сүүлийн үед Монголд гуравгүй юмгүй болж. Монголын ёс гурав. Шинээр хийснээ гурав буулгаж, босгоно. Монголын хууль гурав хоног хэрэгжинэ. Хуучныг сэргээн босгосон ч гурав хононо. Тэгэхээр туйлшрамтгай монголчууд бид эсрэгээрээ яагаад туйлширч болохгүй гэж. Сайн, сайхан үйлс бүхэн гурван гурвын есөн жил үргэлжлэх болтугай.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин