Д.Мандах: Охиныгоо ийм хүнд ял авна гэж огт бодоогүй
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаад бусдын бие махбодод хүнд гэмт санаатай учруулсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 7 жил 10 хоногийн хорих ял оноогоод байгаа юм. Тэгвэл шүүх хурал болсны маргааш буюу энэ сарын 17-нд жүжигчин Ц.Алдармаагийн ар гэрийнхэн болох ээж, эгч, ах нар нь манай редакц дээр ирж, албан ёсоор байр сууриа илэрхийллээ. Ингээд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ээж Д.Мандахтай ярилцсанаа хүргэе.
-Анхан шатны шүүх хурал болж шүүхээс танай охинд 7.1 жилийн хорих ял оноолоо. Анхан шатны шүүхийн шийдвэр та бүхэнд их хүндээр туссан байх. Давж заалдах гомдлоо шүүхэд гаргасан уу?
-Манай Алдармаа болон Оюунтуул нарын хооронд үүссэн асуудлаар өнгөрсөн хугацаанд бид ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагад байр сууриа илэрхийлэлгүй өнөөдрийг хүрлээ. Мөрдөн байцаалтын явцад буюу хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл янз бүрийн зүйл ярьж болохгүй гэдэг үүднээс бид дуугүй явсан гэж ойлгож болно. Харин өчигдөр /уржигдар/ шүүх хурал болж миний охинд 7 жил 10 хоногийн хорих ял оноочихлоо. Эцсийн эцэст эгч дүү хоёр шиг байсан хүмүүс ийм байдалд хүрнэ гэж бид огт бодоогүй /уйлав/. Алдармаагийн хувьд бол Туулдаа итгэж явдаг байсан. Тэд олон жил үерхсэн. Охиныгоо би ийм хүнд ял авна гэж огт бодоогүй. Шүүхийн ял их хүндэдлээ дээ л гэж бодож байна. Бид давж заалдана. Манай өмгөөлөгч ирэх долоо хоногт давж заалдах гомдлоо өгнө.
-Өмгөөлөгчид болон ар гэрийнхнийх нь зүгээс энэ хэргийг хэрхэн шийдвэрлэнэ гэж бодож байсан бэ. Танай охинд Эрүүгийн хуулийн 96.2.6 гэдэг зүйл ангиар шүүхээс ял оноосон. Хуульд зааснаар энэ зүйл анги их өндөр санкцтай буюу 5-7 жилийн хорих ялтай юм байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар саналаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан уу?
-Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болж байсан юм. Гэтэл хууль яагаад гэнэт ингэж эргэснийг ойлгохгүй байна.
-Танай охин Оюунтуултай төрсөн эгч дүү шиг байсан гэсэн. Тэд хэзээнээс нөхөрлөж эхэлсэн бэ?
-Миний охин оюутан байхдаа “Шинэ үе” продакшинд туслах жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс буюу 2005-2006 оноос Оюунтуултай дотно нөхөрлөсөн. Хэнд ч хэлдэггүй зүйлээ Оюунтуулд л итгэж ярьдаг, төрсөн эгчээсээ илүү түүнтэй л дотно байсан.
-Тэд Орхон аймагт томилолтоор явж байхдаа маргалдан улмаар бие биенээ халуун усаар түлсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн үед яг юу болсон юм бэ. Охин тань танд энэ талаараа юу гэж тайлбарласан бэ?
-“Шинэ үе” продакшныхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөдөө орон нутгаар тоглолтоор явсан юм. Тухайн үед тэд Орхон аймагт тоглолттой байсан юм билээ. Ингээд тоглолтынхоо дараа зочид буудалдаа ирээд л хоорондоо маргаад ийм зүйл болсонгэсэн. Охин маань хотод ирэхдээ энэ тухайгаа надад хэлээгүй, эгч нар нь тосч аваад л эмнэлэгт үзүүлсэн байсан. Би энэ хэргийг хоёр хоногийн дараа охиноосоо сонссон.
-Алдармаа танд Оюунтуултай маргалдсан талаараа ямар нэг зүйл хэлсэн үү?
-Хэн хэнийх нь буруу. Залуу хүмүүс омголон зантай, хоорондоо үл ойлголцох байдлаасаа улбаалан ийм асуудалд хүрсэн юм болов уу л гэж бодож байна.
Миний охиныг хаалгаар гарах гэж байхад нь Оюунтуул араас нь халуун ус хийчихсэн гэсэн. Тэгээд охины маань нуруу нь түлэгдээд шөнөжин халуурч хоносон гэсэн. Ингээд өглөө нь Оюунтуулын өрөөнд ороод “Туул эгч ээ, та намайг ингээд түлчихлээ, яаж байгаа юм бэ” гэтэл Оюунтуул худлаа хэлээд бай, би ингээгүй гээд огт хүлээн зөвшөөрөхгүй байсан шиг байгаа юм. Тэгэхээр нь л охин маань уурандаа ус буцалгагчтай халуун ус байхаар нь аваад цацчихсан юм шиг байна лээ. Тэр үед охин маань шөнөжин халуураад шоконд орчихсон байсан гэсэн. Энэ хэрэгт миний охин ч гэсэн буруутай. Би хүний хүүхдийг ганцааранг нь буруутгахгүй ээ, хэн хэнд л нь байсан асуудал.
-Алдармааг түлэгдсэн, түлэгдээгүй гэх янз бүрийн мэдээлэл гарч байсан. Түүний биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Нуруу нь нэлээд түлэгдсэн. Түлэгдэлтийнх нь зэрэг 18 хувь гэж гарч байсан. Хэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан, одоо сорвитой. Туулыг яаж зовж, шаналж байсныг эх хүнийхээ хувьд би мэдэрч байсан.
-Та бүхэн Оюунтуултай уулзсан уу. Эмчилгээнийх нь зардал мөнгөний тал дээр тусалж дэмжсэн зүйл бий юү?
-Манай талаас бол Туулыг эмчлүүлээд өгье гэдэг хүсэлтээ удаа дараа тавьсаар ирсэн. Би хүртэл Туултай очиж уулзсан. Эмчилгээнийх нь бүх зардлыг бид өгнө. Хамгийн гол нь хэдүүлээ шүүх хурлаа буцааж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгая. Энэ хооронд Солонгос руу эмчилгээндээ яваад ир гэж байсан юм. Манай Алдармаа хүртэл “Туул эгч ээ, би тантай хамт Солонгос явъя” гэж байсан. Нэгэнт л эмчилгээнд явж байгаа юм чинь хамгийн сайн эмнэлэгт нь хандаад, сайхан эмчлүүлээд ирээрэй гэж би зөвлөсөн. Тэр үедээ Туул “Тэгье, тэгье” гэж байсан ч шүүх хурал болоход байдал эсрэгээрээ эргэж, миний охин хэрэгтэн болоод л үлдлээ. Үүнд бид маш их харамсаж байна. Охиныг минь хэрэгтэн болгож, ийм өндөр ял онооно гэж огт бодоогүй. Өчигдөр /уржигдар/ бид үнэхээр шоконд орсон. Ямар ч бэлтгэлгүй байсан. Ажлын цаг тарсан гэдэг үндэслэлээр биднийг охинтой маань ч уулзуулалгүй, шууд л аваад явсан. Бид охиныхоо барааг ч хараагүй үлдсэн. Зузаан хувцсыг нь ч өгч чадаагүй. Туулыг энд эмчлүүлсэн зардалд нь эхлээд 2.5 сая төгрөг, дараа нь 1.5 сая төгрөг өгсөн. Цаашид бүх эмчилгээг нь манай талаас бүрэн хариуцна гэдгээ хэлсэн байгаа. Туулыг эрүүл болгохын төлөө бид эмчилгээнийх нь зардлыг эрвийх дэрвийхээрээ л цуглуулаад өгнө шүү дээ.
-Шүүх хурал болохоос өмнө Алдармаа, Оюунтуул нарын хоорондын харилцаа ямар байсан бэ. Бие биенээсээ уучлал гуйж, эв зүйгээ ололцсон уу?
-Ойлголцох гэж оролдсон. Бооёо ах нь хүртэл “Анка миний дүү ухаантай шүү, Туулаасаа очоод уучлал гуй” гэдэг байсан. Миний охин Туул дээр зөндөө очдог байсан. Тэр бүхэнд нь Туул “Шүүх л шийднэ биз, шүүх л мэднэ биз” гэдэг зүйл хэлж байсан. Гэхдээ бид Туулыг шүүх дээр очоод нааштай хандах байх, эмчилгээндээ яваад хэн хэн нь эрүүл болоод нэр төрөө ч гэсэн сэргээж авна л гэж бодож байсан.
-Шүүх хурлыг хаалттай хэлэлцсэн. Тэр ч бүү хэл шүүх бүрэлдэхүүнийг шийдвэрээ танилцуулахад гаднаас нэг ч хүнийг оруулаагүй шүү дээ. Шүүх хурлын уур амьсгал ямар болсон юм бол. Энэ талаар танай өмгөөлөгчид ямар нэгэн зүйл ярьж байна уу?
-Шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг манай өмгөөлөгчид тавьсан л даа.
Шүүх хуралдаан завсарлахад хоёр талын өмгөөлөгчид “Энэ хэргийг шүүх нааштайгаар шийдэх байх, уур амьсгал эерэг байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байх” хэмээн хоорондоо ярилцаж байсан. Тэгээд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулахад гаднаас нэг ч хүнийг оруулаагүйд ихэд гайхаж байна. Уг нь ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийнхнийг оруулах гэж байгаад гэнэт л больсон. Тийм учраас шүүх хурал ямар уур амьсгалтай болсныг хэлж мэдэхгүй л юм.
-Оюунтуулын хувьд шүүх хуралд дээр ямар байр суурьтай байсан бол?
-Өмгөөлөгчөөсөө сонсоход Туул “гомдолтой” гэж хэлсэн гэсэн. Уг нь бол бид Туулыг эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэчихвэл Алдармааг заавал яллуулах албагүй гэж хэлнэ гэж бодож байсан. Тэгэж ч ярьж орсон. “Би Анкагаа хэзээ ч зүйл анги уншуулж, яллуулахгүй” гэж хэлж байсан хүн шүү дээ уг нь.
Гэтэл яагаад гомдолтой гэснийг нь сайн ойлгохгүй л байна. Эсвэл тэр үедээ шоконд орчихсон байсан юм болов уу гэж бодох юм. Нялх хүүхэдтэй хүнд долоон жилийн ял гэдэг чинь үнэхээр хүнд . Шүүх хурал дээр хүүгийнхээ нэрийг хэлж чадахгүй, хоолой нь зангирч байсан хүн шүү дээ. Манай Анка харахад ширүүн мэт боловч их өрөвч, зөөлөн хүн. Хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг, ямар нэгэн бялдууч зангүй.
-Алдармаагийн хүүхэд хэдэн настай вэ?
-Таван настай хүүтэй. Өчигдөр /уржигдар/ шүүх хурал болоод бид хүүг нь цэцэрлэгээс нь их орой авсан юм. Уг нь ээж нь дандаа авдаг. Гэтэл зээ хүү маань цэцэрлэгээсээ ирээд ээжийгээ асуугаад байсан. Тэгэхээр нь хэлэх үг олдохгүй “Ээж нь эмнэлэгт хэвтчихсэн, 7 хоноод гэртээ ирнэ” гээд хэлчихсэн.
Тэгсэн хүү нь “Ээжийн бие муу байгаа юм уу, дахиад л эмнэлэгт хэвтчихсэн үү” гэж байсан. Одоо ээжийгээ эмнэлгээс гарахыг хоног тоолоод л хүлээж сууна.
“Эмнэлэг рүү ээжийгээ эргэж очмоор байна” гэж хэлэх вий дээ гэж эмээх юм. /уйлав/
-Алдармаа эхээс хэдүүлээ вэ?
-Манай охин уг нь эхээс дөрвүүлээ байсан ч хэдэн жилийн өмнө нэг эгч нь өөд болж, одоо гурвуулаа болсон. Өөд болсон эгчийнх нь хоёр хүүхэд 3 болон 6 настай ээжээсээ өнчирч хоцорсон. Манай Алдармаа эгчийгээ бурхан болсноос хойш хоёр хүүхдийг нь өөрийнхөө халамжинд асарч, тэжээж тэтгэн хүүтэйгээ хамт 4-үүлээ байр түрээсэлж амьдардаг. Хоёр хүүхэд нь жаахан болохоор хичээл, сургуульд нь холоос явуулаад яахав гээд тэднийхээ сургуулийн хажууханд байр түрээсэлсэн.
-Та өнөөдөр /10-р сарын 17-нд/ охин дээрээ очсон уу?
-Охин маань Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа. Өнөөдөр охин дээрээ очсон ч уулзах ямар ч боломж байсангүй. Эргэлтийн өдөр нь мягмар, лхагва гараг гэсэн. Илгээмжээр л бага сага зүйл оруулсан. Охины маань сэтгэл санаа ямар хэцүү байгаа бол гэхээс зүрх шимширч байна.
-Танд нэмж хэлэх зүйл бий юу, асуугаасай гэж бодсон ч юм уу?
-Туул маань миний охиноос ялгаа юу байхав. Би охин шигээ л бодож явдаг. Ямартай ч энэ хоёр маань эв түнжингээ олж, Туул маань эрүүл мэндээ сайхан болгож аваад хоёулаа ажил төрлөө хийгээд яваасайгэж хүсэж байна. Бид давж заалдах шатны шүүхэд хандаж, охиныгоо бас ял эдлүүлчихгүй гаргаад авъя гэж бодож байна.
Дашрамд дурдахад Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний торгох ялаар шийтгүүлсэн "Шинэ үе" продакшны жүжигчин Д.Оюунтуул манай "Eagle news" агентлагт мөн албан ёсоор байр сууриа илэрхийлж, өөрийн хуурай дүү болох Ц.Алдармаатайгаа ямар учраас муудалцсан болоод шүүхийн шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Түүний ярилцлагыг "Eagle news" телевиз ням гарагийн /19-нд/ "7 хоногийн тойм" хөтөлбөрөөр хүргэх бөгөөд даваа /20-нд/ гарагт Eagle.mn сайт дээр бүрэн эхээр нь нийтлэх болно.
Эх сурвалж :Eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ