"Шинэ сум" гэдэг шиг л юм хороонд хэрэгтэй байна даа

{!!!right!!!}Төр засаг, нийслэлээс хороодод авч хэрэгжүүлж буй ажлууд итгэл үнэмшилгүй байдлын үндсэн дээр эцэс төгсгөлгүй маргаан үл олйголцол үүсгэдэг. Энэ тухай бид өчүүхэн жишээ болгож нэгэн хороог зорьсон юм.

Энэ бол БЗД-ийн 23-р хороо бөгөөд нийт 14157 хүн амтай, томоохон хороодын нэг. Төр захиргааны анхан шатны нэгж болох хорооны үйл ажиллагааны талаар иргэдийн санаа бодлыг сонслоо.

Тус хорооны оршин суугч Б.Баярхүү хорооны хэмжээнд дутагдалтай байгаа зүйлсийн талаар ярилцлаа. Тэрээр энд 1980-аад оны сүүлчээс амьдарч ирсэн ажээ.

-Та бүхэнд хэрэгцээтэй зүйл танай хороонд хангалттай байна гэж боддог уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач.

-Манай энд маш их айлтай болсон. Урьд ийм байгаагүй л дээ. Тиймээс бидэнд дутагдаж байгаа зүйл олон байна. Наад зах нь манай хорооны хэмжээнд ердөө ганцхан сургууль, цэцэрлэг байдаг.

Урьд нь хүн цөөтэй байхад болдог л байсан. Харин одоо яаж хүрэлцэх вэ дээ. Бас хорооны хэмжээнд ганц сагсан бөмбөгийн талбайгаас өөр нэг ч тоглоомын талбай байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ямаршуухан байдалтай байдаг нь ойлгомжтой биз дээ. Бас нэг чухал хэрэгцээтэй зүйл бол банк.

Энд хуучин эцэс гэдэг газар ганцхан Хас банкны АТМ бий. Бид банкны үйлчилгээ авахын тулд хамгийн ойрдоо 4 буудал газар явдаг. Ядаж хэд хэдэн банкны АТМ байрлуулвал иргэд бидэнд их хэрэгтэй л байх юм. Хорооны ажил ер нь иргэдээс их хол хөндий байдаг шүү дээ, шинэ сум төсөл гэдэг шиг "Шинэ хороо" төсөл хэрэгжүлнэ гэсэн сураг байсан. Тэр нь хэзээ юм болдоо. Ингээд бодоод байхаар хэрэгтэй юм гарч ирээд л байна. Хэлэх юм ч дуусахгүй нь бололтой гээд явж одов.

Хорооны Засаг дарга болон хорооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан нэгэн иргэний яриаг мөн энд дурдъя. Энэ хүн нэрээ нууцлахыг хүссэн. Тэрээр хэлэхдээ “Би энд амьдардаг, хойшид ч амьдрах учраас ямар нэгэн хэл амнаас сэргийлэх үүднээс нэрээ хэлмээргүй байна” гэв. Түүнийг Н гэдэг.

"Нийслэлийн захын хороодод илүү их хэл ам гардаг байх. Учир нь энд халамжийн чиглэлээр илүү ажил хийгддэг болохоор тэр биз. Миний хувьд ямар хүмүүс нь халамж авах ёстой тухай тодорхой мэдээлэл байхгүй. Хороон дээр янз бүрийн үйл ажиллагаа хэрэгждэг гэдэг. Гэхдээ ихэнхдээ өнгөрсөн хойно нь сонсдог. Тэгээд танил, танилаараа хуваалцаад авсан гэж дуулдах юм байна шүү дээ.

-Та тодорхой жишээ хэлж болох уу?

-Хороон дээр мод тараагддаг гэсэн. Тэр модыг сайн ургуулж байгаа хүнд тодорхой хэмжээний урамшууллын мөнгө өгдөг гэж дуулсан. Гэтэл хэзээ тэр мод ирээд, хэн нь авчихдаг нь мэдэгддэггүй. Бас иргэдээ дэмжих зорилготой 100 сая төгрөг ирсэн сурагтай. Ямар хүн авсан юм бэ бүү мэд. Танилаараа тараагдаад дууссан гэх юм билээ. Энэ мэтээр тодорхойгүй асуудлууд мэр сэр дуулдах юм байна шүү дээ.

-Ямар нэг ялгаварлал танай хороонд гардаг болов уу?

-Намын ялгаа гаргадаг гэж боддог. Манай хороон дарга чинь Ардчилсан намын хүн. Гэхдээ би ч бас энэ намыг л дэмжиж гаргасан нэгэн. Гэтэл намайг нам бус болохоор ч тэр үү, аливаа юманд хамрагдах гээд очихоор дандаа хойш тавьдаг. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй. Эсвэл хамаатан нь биш болохоор тэгж хойш тавиад байдаг юм уу ойлгодоггүй юм. Өөрийнхөө тухай тодорхой ярихаар намайг мэдчих байх. Тэгэхээр ингэсгээд орхичихъё, тэгэх үү?

-Таныг шантаажилна гэж үү?

-Тэгэх вий гэж болгоомжилж байна. Цаашид эндээ амьдрах юм чинь ямар нэг зөрчил үүсгэмээргүй байна.

Эдгээр иргэдийн эргэлзээг тайлахаар, асуултад нь хариулт авахаар тус хорооны Засаг даргыг зорилоо.

-Ирэх жилээс бүх төрийн байгууллагууд шилэн данстай болохоор шийдвэрлэсэн байгаа. Юун түрүүнд энэ талаар тодруулъя.

-Хороонд ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө орж ирдэггүй. Тэгэхээр одоогийн байдлаар бид дансаа шилэн болгох шаардлагагүй. Ер нь хороонд нягтлан, нярав гэж байдаггүй шүү дээ. Ямар нэгэн мөнгөтэй холбоотой ажлыг дүүргээс шийддэг юм. Тендер зарлагдаад, ялсан компанийн дансанд тухайн санхүүжилт шууд ордог. Өөрөөр хэлбэл, бидний гар дээр бэлэн мөнгө орж ирэхгүй гэсэн үг.

-Хороонд иргэдэд зориулагдсан 100 сая төгрөг ирдэг гэж дууллаа. Энэ мөнгийг хэнд өгч, хэрхэн зарцуулах ёстой вэ?

-Бүх хороодын дэргэд хадгаламж, зээлийн хоршоо гэж байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хуралд энэ мөнгө орж ирнэ. Бид зөвхөн хяналт тавих үүрэгтэй оролцоно. Мөнгийг иргэдээс ирсэн саналын дагуу, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээл хэлбэрээр олгох юм. Одоохондоо хоршоогоо байгуулах шатандаа явж байна. Мөнгө ирээгүй байх. Үүнийг иргэдийн хурлын даргаас лавлах боломжтой.

-Урамшуулалтай мод тарьдаг гэсэн. Хорооныхон түүнийг нь авчихаад урамшууллыг нь хүртдэг гэх юм. Энэ үнэн үү?

-Ийм үйл ажиллагаа байхгүй. Дүүрэгт мод ирснийг хороодод тараадаг. Энэ нь хороонд өгч тариулах мод. Түүнээс иргэдэд өгч байгаа юм биш. Буруу ойлгосон байна. Харин хашаандаа өөрсдөө мод суулгаж ургуулсан хүмүүсийг баталгаажуулж уламжилсны үндсэн дээр тодорхой урамшууллыг олгодог юм.

-Танайхыг иргэдэд намын ялгаварлал гаргадаг гэсэн шүүмж байна. Үүнд тайлбар хэлэх үү?

-Би намын харьяалалтай байлаа гээд иргэдэд үйлчлэхдээ улс төрийн ажлаа хольж, хутгаж болохгүй шүү дээ. Манайхан аливаа асуудлаа шийдүүлэх гээд ирэхдээ заавал санасандаа хүрэх гэдэг.

Түүнийхээр болохгүй, өөрөөр хэлбэл, материал нь дутуу, эсвэл шаардлага хангахгүй гэдгийг нь тайлбарлахаар намтай холбох тал бий. Энэ бол иргэдийн л санаа бодол. Бидэнд ялгаварлах асуудал байхгүй. Ер нь хүмүүс биднийг идэж, уудаг гэж их ярьдаг. Тэр бүү хэл, хогны уутыг хүртэл идүүлнэ гээч. Дахин хэлэхэд, хороонд нэг ч төгрөгийн төсөв орж ирдэггүй юм. Бид ердөө санал болгоно, дүүрэг шийдэж өгдөг.

-Иргэдийн хардалт хаанаас үүсээд байна гэж та бодож байна вэ?

-Мэдэхгүй юм байна. Иргэд хардах эрхтэй. Гэвч бидний гар дээр нэг ч төгрөг орж ирдэггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Дашрамд нэгэн зүйлийг тодруулахад, төслийн зуухыг өөр хороогоор буюу автобусаар долоон буудал явж очих газарт тараана гэсэн?

-Хаагуур хэзээ тараахыг бид мэдэхгүй. Үүнийг Агаарын чанарын алба буюу “Цэвэр агаар сан” шийддэг. Энэ жилийн хувьд Улаанбаатарт 28 цэг байгуулан түгээлтийн ажлыг хийнэ гэж байсан. Түүгээр дамжуулан иргэд захиалан авах боломжтой. Бид нэрсээ өгөх үүрэгтэй. Үүргийнхээ дагуу 8-р хороонд бүх бүртгэлээ өгчихсөн байгаа. Тиймээс манай иргэд тэндээс очиж нэрээ тулгаад зуухаа захиалж авах юм.

Ийнхүү иргэдэд тулгамдаад байгаа болон эргэлзээтэй асуудалд бага ч гэсэн хариулт олж чадсан гэж бодож байна.

Энэ мэтээр нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа ажил хороон дээрээ тодорхой хэмжээгээр маргаан, итгэл үнэмшилгүй байдал үүсгэдэг явдал их байдаг. Мөн дээр дурдсан иргэний ярианд гарсан "Шинэ хороо" төслийг Ардчилсан хүчний холбооноос санаачлан хэрэгжүүлэхээр болсныг иргэдэд дуулгах хэрэгтай болов уу.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин