Б.Энхбаяр: “Урлаг ямар үнэтэй вэ” гэж асуумаар байна

“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд15 жилийн өмнө дуулж байсан Соёлын тэргүүний ажилтан Б.Энхбаяртай ярилцлаа. 80 жилийн настай, дахин давтагдашгүй дуурийг орчин үеийн хэлбэрт оруулаад ахмадуудаасаа шүүмж сонсч явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлч болжээ. Дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшээд багагүй хугацаа өнгөрсөн ч одоо тэр нийтийн дууны урлагт дурлаж явна.

-Монголчууд Юндэнтэй танилцаад 80 жил өнгөрчээ. Тиймээс энэхүү түүхэн бүтээлийг дуурийн театрын тайзнаа амилуулсны ойн баярыг нижгэр тэмдэглэхээр зэхэж байна уу?

-Уг түүхэн бүтээлийг тайзан дээр амилуулсны80 жилийн ой энэ онд тохиож байна. Ер нь баритон хоолойтой хүн бүр Юндэнгийн дүрд дуулах сонирхолтой байдаг. Миний хувьд яг хэд дэх Юндэн болсноо сайн мэдэхгүй юм. Долоон жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан Д.Сарангуатай “Учиртай гурван толгой” дуурийн клипийг хийлгэсэн. Түүнээс өмнө Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа Филармонийн оркестрын тайлан тоглолтод оролцож анх Юндэнгийн дүрд дуулснаас хойш15 жил өнгөрчээ.

-“Учиртай гурван толгой” дуурийг анх удаа дүрсжүүлээд олон хүнээс шүүмж сонссон гэсэн. Юунаас болоод шүүмжилсэн юм бол?

-Энэ дуурийг анх удаа дүрсжүүлэхдээ арай өөр хэлбэрээр хийсэн. Тэр үед Д.Сарангуа бид хоёр сонгодог урлагийг залуучуудад ойртуулъя гэж бодсон. “Залуус дуурийн театрт орохгүй байна. Монголын анхны сор болсон бүтээл бол“Учиртай гурван толгой” дуурь. Энэ дуурийн Юндэн, Нансалмаа хоёрын хоршлын хөгжмийн хэмнэлийг өөрчлөөд эстрад маягийн болгоод хийе” гэж яриад хийсэн. Дуулалтын хувьд анх бичигдсэн нотоор нь дуулсан ч хөгжмийг нь бага зэрэг өөрчилсөн. Дээрээс нь клипнийх нь зураг авалт хүртэл хөгжимтэй өмнөхөөсөө өөр болсон. Тэгээд л мастерууд маань намайг “Чи ямар эрх мэдэлтэй хүн бэ, түүхэн бүтээлийг ингэж өөрчилдөг юм уу” гэж шүүмжилсэн хэрэг. Гэхдээ дандаа шүүмжлээд байна ч гэж юу байх вэ. Магтаал, сайшаалын үг ч сонссон.

-Түүхэн бүтээлийг шинэчлэн тоглоход үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ бүтээлийг хийсэн жил телевизээр олон удаа цацагдсан. Тэр үед телевизүүд одоогийнх шиг уран бүтээлийг цацахдаа мөнгө авдаггүй байсан. Тийм байсан болоод ч тэр үү өдөрт бараг 10 удаа “Учиртай гурван толгой”-г гаргадаг байсан болов уу. Харин одоо бидний бүтээлийг нэг их цацахаа больжээ. Мөнгөгүй бол телевизээр хэр баргийн бүтээлийг цацахаа больж дээ.

-Одоогоос15 жилийн өмнө тэгж хүлээж авч байсан юм чинь өнөө үед цацвал цаг хугацаа нь яг таарах юм биш үү?

-Болохгүй зүйлгүй. Төрийн соёрхолт дуучин Д.Болд“Монгол поп”-ыг санаачиллаа гээд ярьдаг. Гэхдээ миний бодлоор жинхэнэ“Монгол поп” урсгалыг дуучин Д.Сарангуа анх гаргасан гэж боддог юм. Тухайн үед хамт бүтээл хийсэн гээд зусардаж байгаа юм биш. Үүнийг өнөөгийн 40 орчим насныхан мэдэж байгаа байх. Одоо шинэ хамтлагууд гарч ирээд“Бид ардын дууг этник болгон дууллаа” гэж ярьдаг. Гэхдээ эдгээр шинэчлэлийн эхлэлийг Д.Сарангуа тавьсан гэж бодож байна. Үүн дээр нэмээд хэлэхэд нийтийн дууны зөөлөн аялгуу, хүнд хүрдэг мэдрэмж, таашаал алга болжээ. Нийтийн дууны тоглолтыг үзэхээр поп, эстрад дуу зонхилох болсон байна. Сүүлийн үеийн дуунууд дандаа тийм байна. Ая, үг нь алга, мэдрэгдэхгүй байна. Энэ шүүмж баймаар юм шиг санагддаг. Хэн дуртай нь дууны үг бичдэг, дараа нь ноот гадарладаг хүнд өгчихдөг. Дуучид ч гэсэн юу ч хамаагүй дуулдаг болжээ. Нэг хүний тухай, морины тухай дуулдаг байснаа болиод хиамны чанарын тухай дуулдаг болж. Арай ч дээ. Би ийм зүйл дээр эсрэг байр суурьтай байна. Одоо бид хуучны нийтийн дууны урлагаа сэргээмээр байна шүү дээ. Нийтийн дууны холбооныхон энэ талаар бодох цаг нь болсон.

-Дуучид хөрөнгө, мөнгөгүй бол уран бүтээлээ хэрхэн бичүүлж, дүрсжүүлэх вэ гээд асуудал тулгардаг. Ийм шалтгаанаас болоод магадгүй таны хэлдэг хиамны дуу төрсөн болов уу?

-Тийм зүйл ч байгаа. Гэхдээ уран бүтээлч хүний ёс зүй, ямар дууг хүнд хүргэх вэ гэдгийг бодож байх нь чухал. Ний нуугүй хэлэхэд урлагийн салбарт олон жил ажилласан би өөрөө ч үүнийг сайн ойлгохгүй байгаа юм. Тиймээс хуучны сайхан аялгуунуудаа сэргээмээр байна. Сайн ажиллаж чадвал болсон болоогүй дуу хийгээд байгаа нөхөд чинь аяндаа шахагдаад гарна биз дээ. Тэгэхэд жинхэнэ дуучид нь хаа байгаа нь сонин л сэдэв болно.

-Таны бодлоор жинхэнэ дуучид хаана байна вэ?

-Театр чуулгад л байна шүү дээ. Бас олонхи нь чөлөөт уран бүтээлч болоод уран бүтээлээ туурвиж байна. Эдгээр уран бүтээлч мэргэжлийн дуучин болохын төлөө цаг хугацаа зарцуулан байж гарч ирэхэд45 хоногийн дуулаачийн курс төгссөн нь тэдний байр суурийг эзэлж байна. Мэргэжлийн уран бүтээлчдийг орох зайгүй болтол нь нөгөө хэсэг нь чихчихээд байна шүү дээ. Монголчууд дуучин ард түмэн. Тэр зэргийн ур чадвараар захын монгол хүн дуулчихна. Мэргэжлийн уран бүтээлчид нь шахагдаад хялбар арга хайгчид нь дууны урлагийн байр суурийг эзлээд байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ