Өргөгч тавцангийн боолт суларсаныг анзааралгүй талийгаачдыг ажилд гаргажээ

Талийгаачид 8 давхрын гадна өнгөлгөөн дээр ажиллаж байжээ

Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хороолол дээр ажиллаж байсан гурван иргэн өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 07-ны өдрийн 11.00 цагийн үед унаж, нас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “River stone-2” орон сууцны хорооллын 26А блокын 10 давхар барилгын найман давхараас Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суух туслах ажилтан 22 настай эрэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд ошин суух туслах ажилтан, 18 настай, эрэгтэй О нар унаж газар дээрээ амиа алдсан бол Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд оршин суух, 23 настай О нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас баржээ. Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байсан аж.

Эх сурвалжууд тус барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагддаггүй бөгөөд тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байдаггүй байсныг хэллээ. Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан аж. Гэтэлдүүжин шатны бэхэлгээ тасарч, талийгаачид найман давхараас доош унажээ.

osolХОХИРОГЧИЙН АХ Ч.БААСАНСҮРЭН: ХАРАМСААД ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА

Хохирогчдын ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа бөгөөд талийгаач хоёр залуугийн ар гэрийнхэн Архангай, Баянхонгор аймгаас нийслэл рүү ирж яваа гэсэн мэдээллийг өчигдөр бид олсон. Эмнэлэгт хүргэгдээд нас барсан залуугийн ар гэрийнхэнтэй холбогдож хэдэн зүйл тодрууллаа.

-Танай дүү эмнэлэгт очоод амиа алдсан гэсэн. Амьд байхад нь уулзаж амжаагүй юу?

-Осол бараг 11 цагийн үед гарсан байхад барилгын компаниас нь бидэнд 13.30 цагийн үед утасдаж хэлсэн. Ингэхдээ биеийг нь тийм муу байгаа талаар хэлээгүй. Барилга дээрээс унасан, ГССҮТ руу явж байна гэж хэлсэн. Бид тэр дор нь гарсан ч дүүтэйгээ амьд байхад нь уулзаж чадаагүй. Эмнэлэг явж байх замд дахин утасдаад, дүү чинь өнгөрчихлөө гэж хэлсэн. Хамгийн гол нь бидэнд бараг хоёр цагийн дараа мэдэгдсэнд маш их гомдолтой байна. Осол болсны дараа манай дүү ухаантай байсан гэсэн. Тэгээд ослын газраас ГССҮТ рүү хүргэгдэх замдаа энэ миний ахын утас яриарай гээд өгсөн байгаа юм.

-Дүүгээ харахад ямар байсан бэ?

-Гаднаа ямар ч шалбарч, няцарсан шарх байгаагүй. Дотуур цус алдсан нь үхэлд хүргэсэн болов уу. Миний дүүг газар дээр нь арга хэмжээ авч, эмч дуудсан бол амьд үлдэх байсан ч юм бил үү. Машинаар тээвэрлэж болох байсан ч юм уу, үгүй ч юм уу. Барилга хот байгуулалтын яамны сайдад нь би үг даймаар байна. Хариуцлага хаана байна вэ. Ажлаа яаж хийдэг дарга нар юм бэ. Миний дүүгээс гадна амиа алдсан хоёр хүүхэд гэрээтэй ажиллаж байсан эсэхийг ч мэдэхгүй байна. Хоёулаа хөдөөний хүүхдүүд юм билээ.

-Тус барилгад ямар ч хөдөлмөр хамгааллын ажилтан байгаагүй гэсэн, үнэн үү?

-Үнэн. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгах хэрэгтэй. Би маш их гомдолтой байна. Хаа хаанаа хариуцлагагүй, улсын байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн жишээ энэ. Мэргэжлийн хяналтын газар нь ч бараг ямар ч мэдээлэлгүй шахам байж байна. Ямар ч дүрэм журамгүй ийм барилга яагаад өдий хүртэл баригдаад байж байсан байх вэ. Бидэнтэй барилгын компанийн захирлын хамаатнууд гээд гурван хүн ирж уулзсан. Захирлынх нь авга ах гээд нэг залуу ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Манай дүүг сая цагдаагийн байгууллагынхан аваад явлаа. Гадна фасадны ажил хийж байхад сууж явсан тавцангийнх нь роликны утас тасарч унасан юм байна гэж ярьсан. Тросны боолт суларсаныг шалгалгүй, хүүхдүүдийг гаргаж ажиллуулсан байгаа юм. Гүйцэтгэгч компанийн нэг инженер ирээд “Осол гарсныг бид мэдээгүй. Бид ажлаа хийх гэж ирээд сая л юу болсныг мэдлээ” гэж байгаа юм. Хэрэг явдал өчигдөр(09.07) болсон байхад энэ компанид ажиллаж байсан ажилчид нь хүртэл мэдээгүй байна. Багаж хэрэгслээ барьсан ажилчид өнөөдөр өглөө ирж байна. Мэдээллийг нуухыг оролдсон биз. Бидэнд хандах ч хүн алга. Хаашаа ч хандахаа мэдэхгүй байна.

-Талийгаач энэ барилгын ажил дээр хэр удаан ажиллаж байсан бэ?

-Манай дүү Их засаг их сургуульд Эдийн засгийн чиглэлээр дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байсан. Дадлага хийж байх хугацаандаа төлбөртөө л нэмэр болох гэж барилгын ажил түр хийе гээд энэ сарын 5-нд энд орсон юм. Тэгээд 6-нд бороотой гэж амраад, 7-нд буюу хоёр дахь өдрөө ажиллаж байгаад ийн золгүйгээр амиа алдлаа. Харамсаад нээрээ хэлэх ч үг олдохгүй байна. Бид эхээс гурвуулаа. Миний дүү айлын бага нь байсан.

osol-НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС АКТ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ ГЭВ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилгад 2014 оны тавдугаар сарын 21-нд Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай акт гаргаж өгсөн байна. Түүнд “Эс дэвэлопмент” ХХК-ийн “River stone-2” орон сууцны хоёрдугаар ээлжийн барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үгэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2 дахь “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6 дахь “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дугаар заалтыг үндэслэн акт тогтоох нь: Барилгын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2,16.6 дах заалтуудыг зөрчсөн тул 2014 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн холбогдох баримт бичгүүдийн бүрдүүлэлтийг бүрэн хангуулах хүртэл хугацаагаар барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэв” гэжээ.

Тус барилгын захиалагч болох “S development” компанийн эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн Э.Сүнжидмаа үүнийг эрс үгүйсгэсэн хариулт өгсөн. Тэрээр “Шүүх, цагдаа гээд холбогдох мэргэжлийн бүх байгууллагад хандсан. Зохих ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна. Манайд барилгын үйл ажиллагааг зогсоох ямар ч акт ирээгүй” хэмээх хариулт өгсөн.

Аль нь үнэн, аль нь худлаа ярьж байгааг лавлахаар бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүнтэй утсаар холбогдож мэдээлэл авахыг хичээсэн ч чадсангүй. Учир нь Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрынхан яг энэ асуудлаар шуурхай хуралдаж байна гэсэн юм. Ямартаа ч тун удахгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор мэдээлэл хийнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.

Б.ЦЭЛМЭГ

osol

osol

osol

osol

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин