Баруун хязгаарыг тохинуулж, хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон Монголын анхны армийн генерал

Өнөө жил Халх голын түүхт ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэхүү тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн. Монгол улсын баатар, Армийн генерал, БХЯ-ны сайд асан Б.Дорж, Монгол улсын гарамгай баатар, хурандаа Л.Дандар, нэрт тагнуулч, Монгол улсын баатар Л.Гэлэгбаатар, Монгол улсын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ой мөн 2014 онд тохиож байгаа аж. Дээрх баатруудын эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гайхамшигт үйл хэргийн тухай манай сайт цувралаар хүргэж байна.

"Энэ биеэ Монгол төрийн сэлэмний ир, жадны үзүүр хэмээн сэтгэж гагцхүү Монгол төрийн төлөө үргэдэхэд харамсах гарзгүй" Ардын Хатанбаатар ван Магсаржав....

Монголын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр 15 настайгаасаа сумандаа адуу маллаж, тариа ногоо тарихаас авахуулаад сумынхаа захиргаанд зарлага хүртэл хийж байжээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлжээ.

Морьт дивизийн Бага даргын сургуульд элсэн суралцсанаасаа хойш дөрөвхөн жилийн дотор нэгдүгээр морьт хороонд сумангийн дарга болжээ. Харин 1939 оноос буюу 25 настайгаасаа Ардын цэргийн нэгдүгээр морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд дэвшин томилогджээ. Энэ үед Халх голын дайны хүндхэн сар өдрүүд тохиож байсан учраас тус дивиз цэрэгт шинээр татагдагсдыг богино хугацаанд цэргийн эрдэмд дадлагажуулахын сацуу Халхын голд байлдаж буй анги, салбаруудын бие бүрэлдэхүүнийг шинэчлэх үүрэг байлаа.

1940-1941 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, 1941-1948 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, орлогч сайд, 1952-1953 онд МАХЦ-ийн тавдугаар тусгай морьт бригадын дарга, 1953-1956 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байжээ. 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, 1959-1961 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1963 онд БНАСАУ-д, 1963-1966 онд БНАГУ-д, 1966-1968 онд ХБНСЮУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын албыг хашиж байжээ.

Эх орондоо буцаж ирүүтээ 1978 оныг хүртэл Батлан хамгаалах яамны сайд, 1978 оноос Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажилласан билээ. Эдгээр албан тушаалыг хаших хугацаанд түүнд БНМАУ-ын баатар цол, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Лениний одон, Эх орны дайны хоёрдугаар зэргийн одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр ч удаа тус тус шагнуулж байжээ. Хашсан албан тушаал, гавьяа шагналууд нь төр улсдаа хэр үр бүтээлтэй ажилласныг гэрчилнэ.

Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа ЗХУ-тай хамтарч, орчин үеийн мото буудлагын хэд хэдэн тусгай анги нэгтгэлүүдийг байгуулж, орчин үеийн техник хэрэгслээр хангах, анги нэгтгэлүүдийг байгуулан, олон улсын жишигт хүргэх нүсэр ажлыг Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсан гардан зохион байгуулж байжээ. Армийн генерал Б.Дорж Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа баруун хязгаарыг тохинуулж, Оспаны хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаан, улсынхаа дархан хилийг тэр хэвээр нь хадгалж үлдсэн гэдгээрээ баатар цолоор шагнагдсан.

Армийн генерал, хөдөлмөрийн баатар Б.Дорж агсны мэндэлсний 95 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд энэ үеэр түүний дурсамж үзэсгэлэнг олонд танилцуулсан юм. Тус үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, дүрэмт хувцас, гэрэл зургуудыг олны хүртээл болгож байсан. Энэ үеэр цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвай “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ.

Тодруулбал улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон гэдэг. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртлэх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-аад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай үндсэндээ нийцсэн.

Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн. 1940-1949 оны хооронд 1800-аад удаагийн хилийн зөрчил халдлага гарч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үед хил хамгаалах бодлогыг зайлшгүй шинэчлэн сайжруулах шаардлагын дагуу 1943 онд шинэ журам, дүрэм батлан гаргасан. Үүний дагуу хилийн цэргийн байгуулалтыг шинэчилж, хилийн манаа, пост, застав, бэлтгэл хүч, отряд хэмээх тогтолцоог бий болгож, шинэ техник хэрэгслийг нэвтрүүлсэн.

Б.Дорж сайдын хэрэгжүүлж, армийн түүхэнд ул мөрөө тод үлдээсэн, цэргийнхний дунд одоо ч сайнаар дурсан яригддаг нэг гол зүйл бол анги, салбарт ажиллаж бай­гаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ алхмуудыг хийсэн явдал. Үүнийг дараах үеийн сайд нар үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн билээ.

Чухамдаа Б.Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд эргэн сэргэж, офицер, ахлагч нарт удаан жилийн нэмэгдэл олгох, одон, медалиар шагнах журам боловсронгуй тодорхой болж, цалин хангамж мэдэгдэхүйц сайжран, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд хот, хөдөөд баригдаж эхлэн, олон зуун офицер, ахлагч нар өөрийн гэсэн тохилог орон сууцтай болж эхэлсний дээр анги, салбар болгон хугацаат албаны цэргийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх, түүний дотор тохилог гал зуух, соёлын төв гэх мэт цэрэг дайчдын ахуйг сайжруулахад чиглэсэн олон зүйл хийгджээ. Б.Дорж генерал дадлага, туршлагатай сайн зохион байгуулагч, жинхэнэ цэргийн жанжин байсны зэрэгцээ хүний төлөө ихээхэн анхаарал халамж тавьдаг, залуу хүмүүсийг ахиж дэвших, амьдрах ухаан, туршлага суухад нь бүх бололцоогоор тусалдаг хүн байсан нь цэргийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц болсон юм.” гэсэн юм.

Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсны ач хүү Б.Баяраа “Миний өвөө үймээн самуун, дайн дажинтай түүхийн эгзэгтэй цаг мөчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрхэт байдлыг хамгаалахын төлөө их хувь нэмэр оруулсан цэргийн гарамгай жанжин гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас Монгол Улсын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал хэмээх хүндэт цолыг олгосон гэж боддог.

Баруун хязгаарын хилийн зурвасыг шинэчлэн тогтооход монголын талын төлөөлөгчдийг ахалж байснаас гадна хасаг, гоминданчуудаас эх орноо хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргасан гэж би бахархдаг. Халхын голын дайнтай зэрэгцээд Гоминданы түрэмгийлэгч, Хасагийн дээрэмчид Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчин хилийн анги салбарууд руу довтолж, тэр хавийн иргэдийн мал хуй, эд хогшил зэргийг дээрэмдэн зарим тохиолдолд бүр амь насанд нь хүрдэг байсан гэдэг. Чухам энэ үед зүүн өмнө зүгт Японы эсрэг, баруун, баруун өмнөд чиглэлд гоминдан хасгийн дээрэмчдийн эсрэг нэгэн зэрэг тулалдаж, хүч тарамдах аюул нүүрлэжээ. Миний өвөө баруун хязгаарын асуудлыг шийдвэрлэхдээ улс төр дипломат аргыг, цэргийн ажиллагаатай амжилттай хослуулж чадсаны үр дүнд 1943 оны намар “Хасгуудтай БНМАУ-ын эсрэг дээрэм тонуул хийгүй байх” амлалт авснаас гадна гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг хүч хавсран тэмцэх хэлэлцээрт хүрсэн гэдэг.

Гэсэн хэдий ч гурав дөрөвхөн жилийн дараанаас хасгууд дахин гоминдантай нэгдэн дахин хил орчим халдан довтлох нь нэмэгдэж эхэлж. Гэсэн ч нөхцөл байдлыг зөв дүгнэж, халдлага бүрт нь хариу цохилт өгч, баруун хил орчмын газруудад сайтар бэлтгэгдсэн цэргүүдээр хамгаалуулсны үр дүнд хилийн зөрчлийг дайн болгочихолгүй намжаасан гэдэг. Өвөө маань үр ач бидэндээ “Чин үнэнээр байвал үхэр тэргээр туулай гүйцнэ. Эгэл үнэн, энгийн даруу амьдарвал аз жаргал чамд өөрөө ирнэ” гэж сургадаг байсан. Өөрөө зөв сайхны оргил, үлгэр жишээ байж дээ. Хэлэсэн үг, хийсэн үйлдэл бүр нь амьд домог болон үлдэж дээ” хэмээн өвөөгийнхөө тухай хүүрнэсэн юм.

Батлан хамгаалах яамны сайд Л.Болд “Харийн түрэмгийлэгчид, тэд­ний гар хөл болсон Оспаны дээрэмчидтэй хий­сэн цус асгаруулсан олон тулалдааныг гардан зохион байгуулж, домог болсон дуундаа гардагчлан цагийг товчлон тэнгэрээр ирж, техник хүрэхгүй бэрх газарт тэнгэрээр ч одож, цэрэг дайчдаа ялалт өөд удирдан залж, баруун хязгаарыг төвшитгөн бэхжүүлснээрээ 1930-1940 оны хүндхэн сорилын жилүүдэд түүхэн гавьяа байгуулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын баатар” цолоор шагна­жээ. Тийм ч учраар тэрээр Монголын зэвсэгт хүчний түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал байх бүрэн эрхтэй цэргийн нэрт зүтгэлтэн” хэмээн тодотгон хэлж байсан удаатай.

Түүний Монгол орны бүрэн эрхэт тусгаар тогтоноход оруулсан хувь нэм­рийг нь хойч үеийнхэнд үлгэрлэн сануулах үүднээс Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Ховд аймгийн Үенч сумдад хөшөө дурсгалыг нь босгон мөнхжүүлсэн гэдэг. Мөн нийслэлийн арван­гуравдугаар хорооллоос Цайз зах хүртэлх өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосноос гадна “Монгол Улсын баатар хилчид” цогцолборт хөргийг нь гантиг чулуун дээр урлаж, байршуулсан нь хүртэл бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин