“Женко” Баттулга Си даргыг эсэргүүцэж Далай багштай уулзжээ
БНХАУ-ын дарга Си Жиньпиныг Монголд айлчлахтай холбогдуулан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын манай улсад хийх гэж байсан айлчлал талаар болсон тухай Японы хэвлэлүүд шуугисан билээ. Дээрхийн гэгээнтэн мөн л энэ наймдугаар сард манай оронд айлчлахаар төлөвлөсөн байсан гэж Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайдын яамнаас эсэргүүцлийн ноот бичгийг Гадаад харилцааны яаманд өгчээ. Хэрэв танай улс Далай ламыг урьж залах гэж байгаа бол БНХАУ-ын дарга Си Жиньпин айлчлал хийх боломжгүй гэсэн утгатай мэдэгдлийг хүргүүлсэн талаар дээр, доргүй ярьж байна. Үнэхээр Хятадтай муудалцахаас сэргийлэх үүднээс ОХУ ч гэсэн Дээрхийн гэгээнтнийг манай улс руу айлчлах дайран өнгөрөх визийг олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Харин гагцхүү арлын Япон Улс л Орос, Хятадыг үл ажран Далай ламд виз олгосноор эрхэм гэгээнтний Монгол Улсад хийх айлчлал өнөөдрийг болтол хийгдэж ирсэн түүхтэй. Тэгвэл Си даргыг Монголд айлчилж, Хүндэтгэлийн чуулган дээр үг хэлж байхад бараг л Х.Баттулга гишүүнээс бусад нь хуралд оролцсон тухай мэдээлж байлаа. Орос эхнэртэй гишүүнийг царигийн асуудлаас болж намынхантайгаа хүртэл муудалцаж, Ерөнхийлөгчөөс зэмлэл хүртсэний улмаас ийнхүү Си Жиньпиныг үл хүндэтгэн чуулганд оролцсонгүй хэмээн үзэх нэгэн байв. Гэтэл сүүлийн үед телевизийн урлагт чамгүй гаршаад байгаа Х.Баттулга гишүүн давхар дээлээ тайлснаас хойш хөтлөгч хэмээх хос мэргэжлийг эзэмшиж эхэлжээ.
Тэрбээр тэгэхээс тэг гэсэн шиг Си даргыг Монголд айлчлах үеэр Дарамсала дахь Далай багшийн өргөөнд айлчилж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор гэгээнтнийг урьж, өөрөө Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн оронд сэтгүүлчээр ажиллажээ. Дээрх нэвтрүүлгийн үеэр Хятадын геополитик болон түвдүүдэд хандаж буй чиг хандлага, Буддын шашинт монголчуудын ирээдүйн амьдралын дүр зураг гэх мэт олон асуудлыг хөндөн ярилцсан гэх мэдээлэл байна.
Юутай ч тун удахгүй бид хөтлөгч Х.Баттулга, П.Анужин нарын бэлтгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Хятадын дарамтаас болж манай оронд саатан морилж чадаагүй Дээрхийн гэгээнтэн XIV Далай багштай хийсэн ярилцлагыг үзэх нь ээ.
Эх сурвалж: Маш нууц сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ