Аавыгаа эрж явсан Гочоо хүү 60 хүрчээ
...За, хүүхээ энэ орой юу хийгээд явдаг хүүхэд вэ?
Ах аа, би аавыгаа эрээд явж байна.
-Аавыгаа эрээд ий. Хэн гэдэг юм?
-Самдан.
-Ямар ажил хийдэг юм?
-Жолооч.
-Жолооч ий. Энд ажил хийдэг юм уу?
-Мэдэхгүй ээ. Архангайгаас аавтайгаа уулзах гэж өнөөдөр замын унаагаар ирлээ” хэмээн манаач өвөөтэй том алга нүдээ эргэлдүүлэн ярих хөвгүүнийг монголчууд сайн танина. Энэ бол “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Гочоогийн дүр юм. Монголчуудын сэтгэлд дотно сайхан санагдах энэ “хөвгүүн”-ийг “Амьдралын тойрог” буландаа урилаа.Одоо өнөөх Гочоо хүү буюу С.Ямаахүү гуай 60 нас аль хэдийнэ давчихаад ач, зээгээ тойруулсан өвөө болжээ. Нөгөө мяраалаг, халзан бор хөвгүүний төрх нь үгүй болчихож. Харин давхраатай алаг нүд, аядуу зөөлөн харц нь яг хэвээрээ. Монголын кино урлагт амьдралынхаа 35 жилийг зориулсан энэ буурайд хийгээгүй ажил, оролдоогүй сэдэв гэж үгүй гэнэ. Жүжигчин, гэрэлтүүлэгч, гэрэл зурагчин, гар бөмбөгийн улсын хэд, хэдэн удаагийн аварга болохоос эхлээд хорооны Засаг дарга хүртэл болсон гэнэ. Түүний ханийг Н.Сарандолгор гэдэг, оёдлын үйлдвэрт насаараа ажилласан эмэгтэй юм байна. Тэднийх долоон хүүхэдтэй. Хүүхдүүд нь сэтгүүлч, дизайнер, багш, барилгын архитектор гээд л салбар бүрт л ажиллаж яваа. Түүнтэй уулзаж ярилцахаар заасан хаягаар нь яваад очлоо. Хаалгыг нь 7-8 дугаар ангийн болов уу гэмээр өвөөгийнхөө хүүхэд ахуйн төрхтэй адилхан хөвгүүн тайлж өгч байна. Тэгснээ “Аав аа” хэмээн С.Ямаахүү гуайн кинон дээр хэлдэг яг тэр баргил хоолойгоор өвөөгөө дуудлаа. Андуурмаар адилхан дуудах юм. Тэгсэн С.Ямаахүү гуай “Манай ач, зээ нар дандаа ингэдэг юм. Өвөөгөөрөө тоглоод л” хэмээн инээгээд гэрт нь орохыг урьсан юм.
С.Ямаахүү гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны кинонд тоглохдоо дөрөвдүгээр ангийн сурагч байжээ. Нэг өдөр сургууль дээр нь Д.Жигжид найруулагч очоод хэд, хэдэн хүүхдийг киноны зурганд оруулахаар авч явсны нэг нь С.Ямаахүү. Тухайн үед нийслэлд 5-6 ерөнхий боловсролын сургууль байсан бөгөөд тэр бүгдээс 100 гаруй хүүхдийг шигшиж аваад байж. Мэдээж С.Ямаахүү юунд яваад байгаагаа төдийлөн гадарласан юмгүй, үеийнхээ хөвгүүдийг дагаад л гүйгээд байж. Тэгсэн кино урлагийн домог нь болсон Д.Жигжид гуай Ямаахүүгийн гэнэн томоогүй төрх Гочоогийн дүрд яг тохирч байна хэмээн хэд, хэдэн янзаар түүнийг шалгаж үзээд авсан гэнэ. Мэдээж түүний хувьд анхны уран бүтээл учраас анхны зураг авалтууд хүнд санагдаж байсныг С.Ямаахүү гуай дурсан ярьж байна. Тухайлбал, “Аав ирлээ, аав ирлээ” хэмээн баярлан гүйж буй тэр агшин хамгийн хэцүү байж. Энэ тойргоос гарч болохгүй шүү гээд шохойгоор тойрог зураад өгчихсөн учраас кинондоо өнөөх тэмдэглэлээ хайгаад гүйчихдэг байсан гэнэ. Одоо эргээд харахад тэмдэглэгээгээ хайгаад газар ширтээд байдаг нь мэдэгддэг гэж байсан. Хүмүүс анзаардаггүй юм шиг байна лээ. Тэр үед жаахан хүүхэд дуу оруулна гэдэг төвөгтэй байсан учир Чулуунхүү дуу оруулсан гэж хуучиллаа.
Би онгирч байгаа юм биш. Энэ кинонд Монголын сор болсон хүмүүстэй тоглосондоо одоо ч баярлаж явдаг юм. Агуу хүмүүс ч найруулж, зураг авсан даа. Д.Жигжид гуайн талаар юу ч ярих билээ. Намайг ярьсан, яриагүй Монголын ард түмэн энэ хүнийг дэндүү сайн мэднэ. М.Бадамгарав, Л.Жамсранжав, Р.Дамдинбазар, Ц.Тогтох, Ц.Цэгмэд гээд л энэ хүмүүсийн тусламж дэмжлэгээр тэр хөвгүүний дүрийг бүтээж чадсан. Кино зургаа өвөл, хавар агуулахад авчихаад зун нь Архангайн Булган уулын энгэрт натур зургаа авсан. Аавтайгаа хамт ойд зугаалаад “Мөөжиг жөөжиг алхаатай...” гэж дуулдаг хэсэг байдаг даа. Тэрийг Тэрэлжид Мэлхий хадны ойролцоо авсан юм. Үсэрч цовхчингоо дуулах хэцүү байсан болоод ч тэр үү нэг л болж өгдөггүй. Жигжид найруулагч намайг загнаж, “Чамайг кино багаас хөөнө, Яв” гэсэн. Би ч жаахан хүүхэд хэрнээ их шазруун байж. Кино зургаа хаяад л майханд очиж цүнхээ аваад гарсан. Ухаандаа явах гэж байгаа юм гэнэ. Хаана байгаагаа ч мэдэхгүй хүн яах вэ дээ, өвсөн дотор ороод л унтчихсан. Кино багийнхан намайг их хайсан гэсэн. Орой нь Д.Жигжид найруулагч “Миний хүү одоо тэгж болохгүй” гэж хэлээд гарсан. Ичинноров, Г.Жигжидсүрэн хоёр л намайг аргадаж, бууж өгөх ажлыг хийдэг байж дээ. Кинонд миний найз болж тоглодог хоёр хүү байдаг. Гол дээр цуг тоглодгийг нь Мандах, мотоцикль дуугаргаж, айлын цонх хагалахад хамт дэггүйтдэг хүүг Махгал гэдэг. Энэ киноноос насны найзаа олсон нь Мандах. Бид гурав өглөө эрт босоод уулаар тэнэж, жирх хөөгөөд алга болно. Зургандаа явах болчихдог, бид очихгүй их загнуулна. Сүүлдээ нэг нэг хүнд хариуцуулаад өгчихсөн, бараг л баривчлах шахуу юм болсон. Намайг нүүр хувиргагч Цолмон эгч хариуцдаг байсан. Тэр үеийн хөгтэй дурсамжуудаа одоо ч мартаж дээ. Намайг хотын унаанд суухад нэг нохой ээрдэг шүү дээ. Тэр гудамжны нохойг дасгачихсан чинь, надаас салахаа больсон. Архангайн зураг авалт дуусаад хот орох гэхэд өнөө нохой чинь дагаж давхиад болдоггүй, манайхан аваад ирсэн. Кино үйлдвэрийн хашааг манадаг байсан шүү. Түүнээс гадна нийслэлд аавыгаа хайгаад явахдаа хэсэг хүүхдүүдэд зодуулдаг даа. Тэр зодсон хүүхдүүд нь манай ангийн хөвгүүд шүү дээ. Ангиараа л урлаг, спортод элэгтэй хүүхдүүд байж билээ хэмээн хуучилсан.
Сурагч, жүжигчин С.Ямаахүү “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд тоглосон тэр намартаа бүх сургуулийн дунд зохиогдсон гимнастикийн тэмцээнд амжилттай оролцжээ. Тэгэхэд ньтухайн үеийн Залуучуудын эвлэлийн байгууллагаас кинонд амжилттай тоглолоо, тэмцээнд ч сайн оролцлоо хэмээн БНАСУ-д 45 хоног амраах эрх өгчөө. Тухайн үед манай улс хойд Солонгос улстай маш сайн харилцаатай байсан тухай тэрээр хэлнэ лээ. Түүний дараагийн уран бүтээл гэвэл Гэрлэж амжаагүй явна, Хань, Моторын дуу зэрэг хэд, хэдэнуран сайхны кино байна. Эдгээр кинонд туслах дүрээр тоглосноос бус гол дүрд нь тоглоогүй гэлээ. Учир нь өөрөө гэрэлтүүлэгч учраас найруулагч нар нь “Чиний ажил гайгүй байна уу. Энэ хэсэгт нь ингээд нэг хэлээдэхээч” гэхээр нь цааралгалгүй тоглочихдог байж. Харин гол дүр гэвэл “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны кино юм байна. “Монголын кино” үйлдвэрт гэрэлтүүлэгчээр 35 жил ажиллахдаа 23 уран сайхны кино, 360 гаруй баримтат кино бүтээхэд гар бие оролцжээ. Анх бол үсэг өрөгчөөр ажилд орж байж.
Эртний кинонуудын нэр нь гар бичмэл байсан шүү. Миний багш Ж.Цэдэн-Иш гэдэг мундаг хүн байсан. Монголын ан амьтантай киноны чоныг тэжээдэг хүн байсан гэдгээр нь хүмүүс андахгүй хэмээн тэр дурсан ярина лээ.
Ийнхүү С.Ямаахүү гуайн дурсамжаа ярих зуурт ач охин Г.Наранцацрал нь өвөөгөөсөө алхам ч холдсонгүй. Тэрээр маргааш өглөө /өнөөдөр/ энэ ач охиноо дагуулаад сургуульднь хүргэж өгөх гэнэ. Ганцхан ач охин гэлтгүй тэдний ангийнхныг өглөө жагсааж аваад хүргэж өгдөг байсан. Оройд жагсаач авчраад гэрт нь хүргэж өгдөг ажилтай. Энэ ажил маань цалингүй хэмээн инээв. Хүүхдүүдийн эцэг эх нь хүртэл утасдаад “Маргааш ямар хичээл орох юм бол. Ямар даалгавар өгсөн гэнэ. Манай хүү ямархуу байгаа гэнэ вэ” хэмээн лавладаг гэнэ. Тэрээр гэртээ зүгээр сууж чадахгүй хөгшинтэй нийлээд гурван жилийн өмнөөс эхлэн цэцэг тарьдаг болж. Өнгөрсөн хавар ач охиныхоо багшид ангид нь 20 гаруй цэцэг өгнө гээд амалчихсан учраас маргааш /өнөөдөр/ нөгөө хэдэн цэцгээ тэврээд очих гэнэ. Цэцэг тарих, хүүхэд зөөх энэ ажилдаа дэндүү дуртайгаа ч нуусангүй.
Таны мэдэх Гочоо буюу С.Ямаахүү гэрэлтүүлэгч гэдэг ямар чухал ажил болохыг ухуулан ярьсан. Кино, дэлгэцийн бүтээлд гэрэлтүүлэгчгүйгээр сайн уран бүтээл гарахгүй гэдгийг онцлов. Одоо хоёр хүн суугаад ярилцаж байгаа нэвтрүүлэгт хоёр хүн нь 10 сүүдэртэй байх юм байна шүү дээ. Үүнийг хоёр л болгох ёстой. Би шавь нартаа хэлдэг юм. “Малыг дүрсээр нь таних хэмжээний гэрэлтүүлж сур” гэж хатуухан захьдаг тухайгаа ярилаа. Тэрээр өдгөө гарын 7-8 шавьтай юм байна. Тэдэнтэйгээ гэрэлтүүлэг, гэрэл зургийн талаар яриа дэлгээд суух дуртай нэгэн гэнэ. Түүнээс гадна тэрээр залуу, халуун явахдаа Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын томилолт, албан уулзалтын гэрэлтүүлэгч байжээ. Төрийн ордонд нэвтэрч зураг авах цөөхөн хүний нэг нь С.Ямаахүү гуай байж. Нэг өдөр ээлжийн амралтаа аваад хэсэгтээ л очоогүй юмсанж. Тэгсэн Ю.Цэдэнбал дарга “Зураг аваад байсан туранхай шар залуу яагаад харагдахгүй байна. Та хэд халчихсан юм биш биз” гэж хүртэл асууж байсныг тэр дурсан ярьсан. Энэ нь ажилдаа хэрхэн дурлан хичээж байсны илрэл гэлтэй.
Миний хэлэх дуртай ганц үг байдаг. Кино урлаг хэзээ ч мөхөхгүй гэж. Нэг хэсэг Монголын кино урлагменежмэнтээ алдаж, нэр хүнд нь унасан үе бий. Харин одоо сэргэж байх шиг байна гэв. Харин шагнал урамшууллын тухайд гэвэл Монгол кино нэгдлээс Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг өгүүлэхийн тулд найман удаа тодорхойлж байж. Гэвч энэ тодорхойлолтоор өгөөгүй гэнэ. Үүнийгээ тэрээр өөрийн зан араншинтай холбон тайлбарласан. Учир юу гэхээр залуудаа тийм ч аядуу зөөлөн нэгэн байгаагүйтэйхолбоотой юм байх. Дарга нарынхаа өөдөөс “дуугарчихдаг” нэгэн учраас өөрийг нь дэмжиж урамшуулаагүй байх гэж тэр хэлсэн. Харин 1994 оноос Монгол кино нэгдлийн зарим уран бүтээлчийг чөлөөт уран бүтээлч гээд “хөөж” гаргасан тэр үеэс эхлэн Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн хорооны Засаг даргаар багагүй хугацаанд ажиллажээ. Хорооны Засаг дарга байх үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүнийг тодорхойлж байж энэ эрхэм шагналыг авсан юм байна. Ийнхүү Монголын үзэгчдийн сэтгэлд давхраатай алаг нүдтэй, зөөлөн харцтайгаар хоногшин үлдсэн энэ эрхэм буурай болчихоод аз жаргалтай аж төрөн сууна. Түүнд кино урлагийн талаар ярих зүйл олон ажээ. Харин тэр бүхнийг бичиж тэмдэглэж үлдээх сонины зай талбай хомсхон байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ