3500 доллараа залилуулан Туркийн шоронд 4 сар хоригдсон бүсгүйн яриа
Турк, Кипр, Грек рүү ажилчин гаргах зарын дагуу бүртгүүлж, 3500 доллараа төлж явчихаад хүний наймааны золиос болох дөхсөн нэгэн эмэгтэйг тагнуулын байгууллагынхан саяхан эх оронд нь авчирчээ. Хэрэв та яг одоо гадаад улс руу хэн нэгэн эсвэл зуучлагч байгууллагаар зуучлуулан ажил хөдөлмөр эрхлэхээр явах гэж байгаа бол уншигч танд сэрэмжлүүлэх үүднээс Хохирогч Бурмаатай болон түүний нөхөртэй ярилцлаа.
Таныг Туркэд хүний наймааны золиос болох гэж байхад манай тагнуулынхан очиж авчирсан гэсэн. Яаж яваад туркэд очсон юм бэ?
Би 2012 оны 8-р сард “Зар мэдээ” сонинд нийтлэгдсэн “Турк, Грек, Кипр рүү гэрээгээр ажилчид явуулна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож Ч гэдэг залуутай ярилцаж, явахаар болсон. Ч намайг өөрийн биеэр хүргэж өгнө, надаас гадна өөр хүмүүс байгаа гэж итгүүлсэн. Тэрбээр Туркэд хүргэж өгөөд ахтайгаа уулзуулж ажилд оруулж өгнө гэж байсан. Гэтэл энэ бүхэн шал худлаа байсныг сүүлд мэдсэн. Ч намайг хүргэж өгөөгүй. Би хэл мэдэхгүй тул харь оронд ганцаараа амаараа шороо үмхээд үхэх шахсан юм.
Ч мөнгийг чинь авчихаад яагаад хүргэж өгөөгүй юм бэ. Цаашаа яаж ганцаараа явав?
Ч анх эндээс шууд онгоцоор явна гэж байсан ч онгоц бүтэхгүй боллоо гээд Замын-Үүд хүртэл галт тэргээр хүргэж өгсөн. Уг нь Турк, Грек, Кипр хүргэж өгнө гээд 3500 доллар авсан. Гэтэл түүний бичиг баримт зөрчилтэй гээд Замын-Үүдийн хил гаалийнханд саатуулагдаж намайг цааш нь нэг өвөрмонголыг дагуулж явуулсан. Тэр хүн нь намайг Бээжингийн онгоцны буудалд хүргээд Туркийн онгоцны тийз авч өгөөд орхиод явсан. Би тэнд ганцаараа хэл ч мэдэхгүй нислэг эхлэх цагийг нь хүлээж байгаад онгоцонд сууж Туркэд очсон. Гэтэл намайг тосож авах Ч-ын ах Г гэдэг хүн нь ирдэггүй. Дохио зангаагаар туркүүдэд ойлгуулж байж, Г-тай утсаар ярьж дөрвөн цагийн дараа тэр ирж намайг цааш авч явсан. Г намайг дагуулан “Мерси” гэдэг аралд хүргэсэн. Тэндээсээ Кипр рүү гаргана гэсэн ч халууны улирал эхэлсэн, ажил олдохгүй гээд зугтаасан. Би эндээс жуулчны 14 хоногийн визтэй явсан болохоор зочид буудалд нэг сар ажиллаад л гудамжинд гарсан. Учир нь визгүй хүн ажиллуулдаггүй хуультай юм билээ. Улмаар амьдарч байсан байрнаасаа ч хөөгдсөн. Уг байрны нэг өрөөнд 5 эмэгтэй амьдардаг. Халуунд хувцсаа тайлах ч эрх байхгүй. Учир нь лалын шашинт оронд эмэгтэй хүн задгай хувцастай явж болохгүй юм билээ. Тэгээд хамт амьдарч байсан 5 эмэгтэйн хамт нэг орон дээр бүтэн сар байсан даа. Юу болсон талаараа Г-д утсаар ярьж хэлсэн чинь “Чи наанаа 7 хоног аргалж бай. Надад хэцүү байна. Хэд хоногоос чамайг Пакистанууд хилээр гаргана” гээд утсаа тасалсан. Би тэр зочид буудалд нэг сар ажиллаад 980 лирийн цалин авсан. Туркийн 1 лир нь манай нэг төгрөгтэй ханш нь ойролцоо юм шиг байна лээ. Уг нь намайг Монголоос явахад сарын хамгийн доод цалин нь 700 евро, тэгээд цагаачлалын албанд бүртгүүлж өгнө гэсэн. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй. Энд анх бидэнтэй уулзахдаа Ч нь бид олон жил Турк , Грек, Кипр рүү хүн зуучилж байна. Удахгүй оффистой болно гэж байсан нь бүгд худлаа байсан.
Тэгээд Грек рүү гарч чадаагүй эцэстээ чи Туркийн шоронд орсон хэрэг үү?
Ч-ын ах Г намайг “Чи түр хүлээж бай. Чамайг Пакистанчууд хил давуулж өгнө. Би мөнгөгүй болчихлоо. Чи өөрийнхөө мөнгөөр гар” гэж утсаар ярьснаас хойш сураггүй болсон. Тэгээд Пакистанчуудтай нь хамт хил гарах гэж яваад баригдаж, Туркийн шоронд 4 сар шахам хоригдож байгаад эх орондоо ирлээ. Би хэл мэдэхгүйн зэрэгцээ Пакистанчуудыг дагаад хил гарчихсан бол өдийд хүний наймааны золиос болчихсон байх юм бил үү. Хэрэв хүний наймааны золиос болсон бол би яаж ч чадахгүй шүү дээ.
Турк оронд байх хугацаанд чи ар гэрийнхэнтэйгээ яаж холбогдож байв?
Би гар утасныхаа гадаад ашиглах үйлчилгээг идэвхжүүлээд 2012 оны 09-р сарын 07-нд явсан. Энэ үйлчилгээг ашиглаж нөхөртэйгээ ээж аавтайгаа холбогдож байлаа. Тэгээд хил гарах гэж яваад баригдсныгаа ар гэрийнхэндээ мэдэгдээд утсаа хураалгасан. Намайг визгүй явсан гээд саатуулсан. Шоронд орчихоод хашаа ч хандахаа мэдэхгүй хэцүү л байсан. Бямба, ням гарагт л тахианы мах өгнө, бусад үед идэхэд ой гутмаар хоол өгдөг юм билээ. Өглөөний цайнд нэг жижиг талх, хүйтэн устай л өгдөг. Тэндхийн шоронд нэг монгол залуу, нэг хүүхэн байсан. Залууг нь сая нааш нь авчирсан. Хүүхнийг нь хил гаргах гэж байсан Пакистанчуудыг нь заалгана гээд аваад үлдсэн. Тэр шоронд нь эмчийн хяналт гэж байхгүй. Би астам, арьсны харшилтай. Халуун оронд өвчин сэдэрч гар хагараад арга ядахдаа өглөөний цайнд өгсөн цөцгийн тосыг нь гартаа түрхэж байлаа. Нөхөр маань хууль хяналтын байгууллагад хандсанаар би энэ сарын 9-нд Монголд ирлээ.
Түүний нөхөр Э-тэй ярилцлаа.
Би өнгөрсөн оны 12-р сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандан эхнэрээ Туркэд хоригдож байгаа талаар мэдүүлсэн. Тус хэлтсийн байцаагч ахмад Мяасүрэнд өргөдөл, бүрдүүлэх ёстой бусад материалыг нь бүгдийг өгч, анх зуучилсан Ч-ыг зааж өгсөн. Ахмад Мяасүрэн 5 хоногийн дотор шийднэ гэсэн ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй , эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан байхгүй гээд хэргийг хаасан л даа. Би дараа нь гадаад харилцааны яам, ЭЦГ-ын төлөөлөгч Эрдэнэбат болон хүйсийн тэгш эрхийн төвд хүртэл хандсан. Гэтэл ЭЦГ-ын төлөөлөгч Эрдэнэбат ямар ч хариу өгөлгүй ээлжийн амралтаа аваад явчихсан байсан. Өчигдөр Эрдэнэбаттай утсаар холбогдоход “Туркээс хариу ирээгүй байна. Ирэх баасан гарагт хариу өгье” гэж хэлсэн.
Ч-тэй та уулзсан уу? Тэр хүн эхнэрийн тань талаар танд юу гэж ярьж байх юм бэ?
Би эрүүгийн хэргийг хаах шалтгаан байхгүй гэж үзээд Ч-тай нүүрэлдүүлж өгөөч гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмад Мяасүрэнд хэлж байсан. Гэвч тэгээгүй. Харин манай эхнэрийн ээжид “Танай охин чинь биднээс асуухгүй ажлаасаа гарсан байна лээ” гэж хэлсэн байгаа юм. Дараа нь “Охиныг чинь бид хил давуулсан чинь танай охин өөрөө оройн цагаар дэлгүүр хэсэж яваад баригдсан байна лээ” гэж хэлсэн. Тэр худлаа хэлээд байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагдаагийнхан хэргийг хаасанд гомдолтой явна.
Н.Нараа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ