Төлбөртэй ном хурдаг Монгол лам нар Ажиа гэгээнээс ичих хэрэгтэй

Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон.

Алив хүмүүнийг арьс өнгө, гарал усгаа, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь үл ялгаварлах ардчилсан үзэл санаатай ч бурханы сургааль яг цав таарах болсноор хөгжингүй хүнлэг ардчилсан нийгмийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа олон оронд бурханы олон шавь нар буян үйлдсээр байгаа.

Ялангуяа АНУ, Европын холбооны орнуудад бурханы шашны төвүүд олноор байгуулагдаж ядуусыг тэтгэх, өвдөгсөдийг асрах, өнчсийг энэрэх үйл хэргийг уйгагүй хөөх болсон. Бурханы шашинтай хүн бусдад энэрэл нийгүүслээ үзүүлж, үйлийн үрийн сургаалийг дагаж, учир шалтгааныг магадлан таньж, амар амгаланг олохыг амьдралын зам мөр болгон үлгэрлэн биелүүлэх учиртай.

Дээрхийн гэгээнтэн 14-р далай Данзанжамц бээр “Сүм хийдэд очиж ном хурах нь тийм ч чухал биш, таны толгой өөрөө сүм, сэтгэл чинь ном байх ёстой юм шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгвэлцусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төвийг бариулсан Ажиа гэгээн бээр "суврага шүтээн босгох нь буян боловч, хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болай" гэж бурханы сургаалийн үнэт ухагдахууныг энгийнээр тайлбарлажээ.

Үүнээс л буддын сургаалийн үнэн мөн чанар ба Монголын бурхан шашинтнуудын үйл хэргийн ялгаа харагдана. Манай бурханы шашинтнуудын дийлэнхи нь бурханд өөрийгөө даатгаж ажил, амьдрал, эрүүл мэндээ сайн сайхан байлгахын төлөө ном хуруулдаг. Лам хуврагууд нь арга засал, төлөг, тарнийн “бизне эрхэлдэг”.

Гэтэл манайхаас өөр бурханы шашин хөгжиж байгаа оронд буддист хүн ерөөсөө амьдралынхаа зан үйлээр үргэлж сайн сайхныг сэтгэлдээ тээж, бусдад буян тус хүргэхийг хичээх болжээ. Бүтэн жилийн турш хилэнцэд сэтгэлтэй явсаар сар шинэ гармагц учиргүй ном хуруулж, алга хавсран залбирах нь өөрөө өөрийнхөө нүглийг л аргалуулах гэсэн авлига. Харин жинхэнэ бурханы шашинтан хүн ямар байх ёстойг Ажиа гэгээнтэн бээр өөрийн биеэр Монголчуудад үлгэрлэн харууллаа.

Тэр шашин сүсгийн мундаг алдар мяндагаа дөвийлгөж манай том дарга, бизнесмэнүүдэд арга засал хийж хариу бариц ахиухан авч чинээлжих боломжтой. Тийм орон зай ч манай бурханы шашинд хангалттай бий. Харин тэр огт тийм зүйл хийж явсангүй. Түгээр үл барам өөрт байгаа багахан хөрөнгө, боломжоо дайчлан бусад сүсэгтэн олныг уриалж өвчин зовлонд гаслан энэрэл эрэгч олон хүүхэд багачуудад тус хүргэх их үйлийг зорьсон юм.

Цусны хорт хавдар хэмээгч аймшигт өвчнөөр өвлөгч хүүхдийн тоо жилээс жилд өссөөр байна. Ийм өвчнөөр шаналсан хүүхдэд хорвоог гэтлэн наслах боломж тун хомс. Харин тэдний зовлонг багахан ч атугай хуваалцаж, тоотой хоногуудыг нь торгоон тогтоож, амь амьдралыг нь авран нийгүүлсэхийн төлөө үйл бүтээнэ гэдэг мянган суврага, түмэн номын хурлаас ч илүүтэй гэгээн буян юм.

Өчигдөр нээлтээ хийсэн цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төв нь Монголд анх удаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болж байгаа юм. Хойч ирээдүйнхээ эрүүл энхийн төлөөх энэхүү үйлсэд сайхан сэтгэлт олон хүн нэгдэж нийтдээ 3 сая орчим ам.долларыг босгосон байна. Төр засаг ч гар хумхилгүй 400 сая төгрөгийн тусламж үзүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон. Ямагт төр засгаа муучлахгүй байхын шалтгааныг энд бий.

BwFqTD-CcAAUtaK

Харин муучилмаар шүүмжилмээр нэгэн сэдэв байгааг орхин өнгөрч тэвчишгүй нь. Хамаг амьтны тусын тулд Гандандэгчилэн хийд болон бусад сүм хийдэд шавилан суугаа бурханы олон үр сад маань юугаар гийгүүлнэ вэ? Уншиж хурах номоо цайны газрын хоолны цэс шиг үнэлгээжүүлсэн Монголын сүм хийдүүд өдий олон жилийн турш сүсэгтэн олноосоо бариц бадарыг хангалттай авсан. Харин 3 сая ам.долларын эмнэлэг байтугай гурван өнчис хүүхдийн гутлыг солиод өгснийг бид мэдэх билүү?. Хамбын суудлын төлөө эрх мэдэл булаалдан шүүхдэлцэж, хатуу сархад, эмс охидтой сүлбэлдэн номоос ташаарч хэл ам татлуулж явдаг Монголын лам нар Ажиа гэгээнээс ичих хэрэгтэй шиг санагдана. Бурханы шашны хөгжлийг сүм хийд, лам хуврага, сүсэгтэн өглөгийн эздийнх нь тоогоор жишбээс бурханы орон Монгол мөнөөс мөн. Харин хуурмаггүй сүсгээр зовлонт нэгнийг энэрч, зам мөртөө үйл үрийг чухалчлан таньсан агуулгаар нь жишбээс бид бурханыг хуурагсад. Хийд гэж компаниар ном тарни борлуулагчид, тэрхүү худалдан авалтаараа явдлынхаа саадыг аргацаах гэсэн хуурмаг сүсэгтнүүд болжээ. Ажиа гэгээнтэний энгүй их үйлсээс бурханы олон шавь нар маань ухаарлыг авч даган баясах болтугай. Таны өглөгийн дээд сайн үйлсийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хамаг амьтан зовлон хийгээд, зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин