Газ дэлбэрсний улмаас нэг хүн бүрэн түлэгдэж байрны лифт унажээ
Эрчим хүч, эдийн засагт хэмнэлттэйн дээр тог цахилгаан тасарсан үед хээр хөдөө гээд хаана л бол хаана ашиглах боломжтой учраас газыг бид ахуйн хэрэглээндээ өргөн хэрэглэх болсон. Нэг хэсэг хүүхдүүд үнэртэж мансуурснаас үүдэн хязгаарлалттай зардаг болсон ч иргэдэд газ ашиглах аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл дутмаг байна.
Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Алтай хотхоны замын урд байрлах Цэлмүүн хотхоны 43б байрны дөрвөн давхрын айлд нэг удаагийн газ дэлбэрч гэрийнх нь хаалга ийм байдалтай болжээ. Тухайн үед гэрт байсан нэг хүн бүрэн түлэгдэж Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа юм байна. Гэрийн хаалга нь базсан цаас шиг болоод зогсохгүй орцных нь лифтний бэхэлгээ тасарч унасан байдалтай байгаа гэнэ.
Бидэнд байгаа сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн онд газ дэлбэрсний улмаас нэг хүүхэд, 11 насанд хүрсэн хүн гэмтэж бэртсэн аж.
Дэлхий нийтээр газын хэрэглээг илүүд үзэж байгаа ч хэрэглэх зааврыг нь төдийлөн чухалчилж үзэлгүй, “Монголчлох” сэтгэлгээтэй манайхны хувьд хамгийн аюултай эд болж хувираад байна. Газ хэрэглэхдээ хүйтэн газраас гаргаж ирээд шууд хэрэглэж болохгүй. Хэрэглэж дууссаныхаа дараа цоолж хаях хэрэгтэй ба цоолсоны дараа саван дотор үлдсэн газ бүгд гадагшилж аюулгүй болдог байна. Дээрх тохиолдлын хувьд л гэхэд хогийн савандаа нэг удаагийн газны хэрэглэж дуусан савыг хаясан байсан ба тамхиа хогийн саванд унтраах гэж байгаад дээрх золгүй явдлыг гаргасан аж. Ахуйн хэрэглээний газыг хэрэглэх гэж байгаа бол гадна талынх нь зааврыг заавал уншиж үзээрэй. Энэ нь та болон танай гэр бүлийнхэнийг аюулаас аврах арга зам юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ