Си Зиньпиний айлчлалыг өөр өнцгөөс ингэж дүгнэв
Бүгд найрамдах Хятад ард улсын Ерөнхийлөгч Си Зиньпин энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад айлчилсан билээ. Энэхүү айлчлалын үеэр олон гэрээ хэлэлцээр хийгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл Хятадын Ерөнхийлөгчийн айлчлалыг ТББ-ын тэргүүн болон УИХ-д суудалгүй намын төлөөллүүд хэрхэн харж байгааг бид хүргэж байна.
Л.Сумати:Би л хувьдаа эерэг дүгнэлт гаргахгүй байгаа
/“Сант Марал” сангийн захирал/
-Нэлээд олон гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Гарын үсэг зурах нэг өөр, биелэлт нь бас өөр шүү дээ.Саяхан би Д.Бямбасүрэн гуайн ярилцлагыг уншсан. Мань эр бол ямар ч байсан боломж байгаа гэж хэлсэн байна билээ. Гагцхүү цаашид боломжоо ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг нь олон зүйлээс хамаарна. Манай засаглалын хувьд гарын үсгээ зурсан, амласан зүйлээ биелүүлж чадах уу гэдэг асуудал бас байна.
Дээр нь дэлхийн эдийн засгийн хөгжил, олон улсын байдал ямар байх гэдгээс их зүйл шалтгаална. Энэ олон нөхцөл байдлыг авч үзэхэд, одоохондоо хараад суухаас өөр онц дүгнээд байх юм байхгүй л болов уу гэж бодож байна. Ямар ч байсан Монголын хувьд нэг боломж байхын хувьд байгаа. Түүнийгээ ашиглаж чадах уу гэдэг л байна. Яагаад гэвэл, одоо болтол олдсон боломжоо манай тал ашиглаж чадаагүй, хаяад өнгөрчихсөн.
Одоогийн боломжоо зөв ашиглаж чадах уу, дахиад нэг том өрөнд унах уу гэдэг асуудал тулгараад байна шүү дээ. Энэ бол манай засаглалаас л хамаарна. Манай эдийн засгийн өрөвдөлтэй байдлаас харахад би л хувьдаа эерэг дүгнэлт гаргахгүй байгаа.Түүнээс гадна хэд хэдэн салбарт хамтарч ажиллахаар гарын үсэг зурлаа. Яг оновчтой салбарыг сонгож чадлаа гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Манай бололцоо хязгаарлагдмал.
Манай улс ердөө л гуравхан сая хүнтэй. Тэгэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхэд нэлээд бэрхшээлтэй. Гаднаас ажиллах хүч оруулахад хязгаарлагдмал. Дээрээс нь хөрөнгө оруулагчид айчихсан байна. Түүнээс гадна боловсон хүчний хувьд ч хязгаарлагдмалшүү дээ. Томоохон төсөл дээр хүмүүсийг ажиллуулах гэхээр хомсдолтой гэдэг нь илт харагдаж байна. Надад нэг иймэрхүү л зүйл анзаарагдаж байна.
О.Бум-Ялагч: Хятадын Ерөнхийлөгчманай улстөрчдийг ам мэхэнд унагачихаад явлаа
/Монголын ногоон намын дарга/
-Сая айлчлалын үеэр стратегийн түншлэл гэж их ярилаа. Стратегийн түншлэл гэдгийг манай намынхан, бид юу гэж ойлгож байгаа вэ гэдгээ хэлэх хэрэгтэй байх.Тухайлбал, бөхөөр зүйрлүүлбэл цолгүй бөх улсын аваргатай стратегийн түншлэл байгуулдаггүй л байхгүй юу.
Хэрвээ байгуулчих юм бол өнөөх цолгүй бөх чинь аваргын дасгал сургуулилтыг гүйцэхгүй чирэгддэг аюултай. Тэгэхээр стратегийн түншлэлийг зиндаа ижил улсууд л ярьдаг юм. Өнөөдөр ярьж байгаа зүйл, хийж байгаа гэрээг харахад, Монголд хэд л бол хэдэн төгрөгийн дэмжлэг, туслалцаа үзүүлье гэж байна. Төмөр зам, цахилгаан станц гээд бүгдийг нь л бариад өгчихье гэлээ.Тэгэхээр стратегийн түншлэл биш Социализмын үед ЗХУ Монголд тусалж байсан шиг харагдаад байна.
Ер нь бол бидний ойлгож байгаагаар стратегийн түншлэл нэрийн дор Монгол Улсын эдийн засаг, улс төрд байр сууриа эзлэх бодлогыг Хятад улс барьж байна уу даа. Хятадын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж “Миний нутаг” шүлгийг уншлаа.
Энэ бол улс төрд өгч байгаа айхтар том мессэж шүү дээ. Үүнийг монголчууд юу гэж ойлгох нь вэ, ямар хариу үйлдэл гаргах нь вэ гээд л хараад сууж байгаа байх.Шүлэг уншсаныг янз бүрээр л ойлгож болно.Хамгийн эергээр нь ойлгоё гэвэл Хятадын Ерөнхийлөгч монгол цустай учраас Монголын ард түмэнтэй ойр байгаа гэж бодож болох юм. Нөгөө талаас Өвөрмонголд 23 сая хятад хүн амьдарч байна. Тэнд төрж байгаа.
Тэгэхээр Хятадын Ерөнхийлөгч “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм шиг. Түүнээс гадна хятадууд Монгол бол эрт дээр үед Хан улсын нэг хэсэг байсан гэж үздэг. Тийм болохоор Хятадын Ерөнхийлөгч Монголд ирээд энэ шүлгийг уншиж байхад манайхан яах ч үгүй байгаа нь биднийг Хан гүрний нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж бодож ч болох юм.
Бүр энгийнээр бол “Та нар ийм сайхан яруу найргийг бүтээсэн агуу ард түмэн. Та нарын бүтээсэн урлаг соёлын өвийг хүндэтгэн шүлэг уншиж” байна гэж энэ мөртүүдийг уншсан ч гэж ойлгож болно. Янз бүрийн байдлаар ойлгогдох шүлэг хэлж байна гэдэг чинь биднийг яах нь вэ гэдгийг харж, бодолд оруулж байна гэсэн үг. Зүгээр дуу дуулчихаад явчихвал нэг ондоо. Гэтэл бодолд оруулах шүлэг хэлчихээд явна гэдэг бас л учиртай. Бид Хятадын Ерөнхийлөгчийг ирэхэд жагсаал зохион байгуулах гэж байсан.
Хятад ханзаар Монголыг эртний онигор нөхдүүд гэсэн байдлаар тэмдэглэдэг. Түүнийгээ өөрчил гэсэн хүсэлт тавихгэж байсан юм. Хятадууд Орост зориулаад шинэ ханз зохиогоод биччихсэн байдаг юм билээ. Япончууд гэхэд “Л” үсэггүй учраас манайхыг Монгору гэж хэлдэг. Гэтэл Хятад бол Л үсэгтэй шүү дээ. Тэд Монгол гэж бичиж, хэлж чадна. Гэтэл тэгэхгүй байгаа нь бас л учиртай. Ер нь бол Си Зиньпин манай улстөрчдийг ам мэхэнд унагачихаад явлаа гэж харж байна.
Ж.Занаа:Инженерийн болон анагаах ухааны салбарууд хаягдсан гэж үзэж байна
/“Иргэдийн Алъянс” төвийн захирал/
-Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд, Монгол Улсын Засгийн газраас хийсэн бусад гэрээ, хэлэлцээрүүдийн гарчигуудыг “Монголын мэдээ” сониноос олж уншсан.Гол төлөв авах, ашиглах зорилготой төслүүд байна гэж харагдаж байгаа. Түүнээс биш Монгол, Хятад цаашдаа Стратегийн түншлэгчид боллоо гээд сүржин яриад байсантайгаа хараахан нийцэхгүй байна гэж дүгнэж байна.Учир нь Монгол Улсыг удаан хугацаанд хөгжүүлэх, наад зах нь 250 сэтгүүлч сургаж байхаар 250 хүүхдийн эмч бэлдэж өгье ч гэдэг юм уу, ийм асуудал ярих хэрэгтэй байлаа.
Дэлхийд тэргүүлэх хөгжилтэй орон гэхэд амлаж байгаа ажлууд нь, хэрэглэх гэж байгаа санаанууд нь яавч Стратегийн түншлэгч гэдэг концепцид нийцэхгүй байна гэж үзэж байна.Стратегийн түншлэгчид гэж нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд бодит болон оюун санааны нөөцийг харилцан хуваалцах урт хугацааны гэрээ хийж ажиллаж байгаа талуудыг хэлнэ гэж тодорхойлдог юм байна.Тэгэхээр оюун санааны буюу инженерийн болон анагаах ухаан зэрэг салбарууд хаягдсан гэж үзэж байна.
Д.Энхбат: Хятадын Ерөнхийлөгчийн айлчлалыг эергээр харж байгаа
/“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн/
-Хөрш орны төрийн тэргүүн манай улсад айлчилсан нь Монголд том ач холбогдолтой зүйл боллоо. Улс төр, гадаад харилцаа, эдийн засгийн хувь ч гэсэн ач холбогдолтой айлчлал боллоо. Монголчууд энэ айлчлалаас маш их зүйлийг хүсч хүлээсэн байх. Хамгийн гол нь манай улс сүүлийн хэдэн жил хоёр хөрштэйгээ харилцаа жаахан тааруудуу байсан. Хятадтай бол худалдаа наймааны харилцаа сайтай байсан.
Гэхдээ Засгийн газар солигдохоор төрийн залгамж чанар алдагдаж, нэг нь гарч ирээд нөгөөгөө үгүйсгэдэг. Манайхны өөрсдийн болчимгүй байдлаас болоод жаахан хэцүүдсэн. Хятад руу гардаг нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт шууд биш юм гэхэд шууд бус утгаараа нэлээд хүндэрсэн. Энэ асуудлууд нааштай шийдэгдэх төлөв байгаад монголчууд бүгдээрээ таатай хандаж байгаа байх.
Одоо бол ийм сайн, мундаг үр дүн гарна гэж хэлэхэд арай эрт байна. Яах вэ, айлчлал сайхан уур амьсгалд боллоо. Тодорхой гэрээ, хэлцлүүд байгууллаа. Гэхдээ эцэслэн байгуулсан гэрээ байхгүй шүү дээ. Ихэвчлэн санамж бичиг хэмжээнд байгаа. Цаашдаа манай төр засгийнхан, ажил хариуцсан хүмүүс нь ухаалаг ажиллахаас л бүх зүйл шалтгаална. Ер нь бол эерэг таатай мэдээ. Бид уг нь хүн хүрч ирээд баахан мөнгө өгнө, тэгээд сайхан болно гэж бодож болохгүй. Биднээс өөрсдөөс их зүйл шалтгаална гэж бодож байна.
Хөршөө муулаад байх тийм сайн биш. Гэхдээ болгоомжлох зүйл мэдээж байгаа. Эдийн засгийн хувьд бүрэн хараат болох, эсвэл их хэмжээний мөнгө зээлээд, түүнийхээ барьцаанд орчих вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Бид бүгдээрээ Хятад улсаас болгоомжлох үедээ болгоомжлох ёстой гэдэг. Гэхдээ тэр болгоомжлолыг ухаантай, улс төрийн бодлогоор гаргана уу гэхээс биш хэн дуртай хашгираад байх хэрэггүй.
Эсвэл төр засгийн зүгээс Хятад манайхыг ингэх гээд байна гэж яриад байх нь тийм ч таатай зүйл биш. Ер нь бол гудамжинд явж байгаа иргэд, хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийнхэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Харин улс төрийн өндөр албан тушаал хашч байгаа хүн, ялангуяа парламентын зарим гишүүд янз бүрийн болчимгүй зүйл ярьдаг. Үүнээс бид их болгоомжилдог. Төрийн бодлого барьж байгаа хүмүүс янз бүрийн болчимгүй зүйл ярьж болохгүй.
Тэр тал дээр бид шүүмжлэлтэй ханддаг. Харин иргэний болон олон нийтийн байгууллагууд, хэвлэлийнхэн үзэл бодлоо илэрхийлэх бололцоотой. Гадуур янз бүрийн л үзэл бодол байна. Зарим нь улсаа худалдах гэж байна гээд л ярьж байна. Нөгөө хэсэг нь таатай үр дүн гарах нь л гэж байна. Бид бол эерэг талаас нь бодож байгаа. Хөрш оронтойгоо улс төр, гадаад бодлогоос гадна нийгэм, соёлын салбарт хамтарч ажиллах ёстой гэсэн бодолтой байдаг.
Н.Пунцагболд
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/62854.shtml?alias=politics">www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ