“Туулайнууд” нь туйлдаж байна, туршилтаа зогсоогооч, Үүл дарга аа!
Үүл даргын өөтэй шийдвэр дахиад л асуудал дагууллаа. Тэрбээр энэ удаад Нийслэлийн тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг том, жижиг оврын автобусаар өдөрт 500 төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх, мөн Railbus-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэн үйлчлүүлэх боломжийг нээлээ. Арав хоног турших энэ “ШБОС” нь эхний өдрөөс л иргэдэд шүүмжлүүлж, тэдэнд чирэгдэл учруулах болсон юм.Учир нь олон нийтэд хангалттай мэдээлэл түгээгээгүйгээс болж нэг зорчигч нэлээд хэдэн 500 төгрөгийн билет худалдан авч хохирсон, эсвэл байсгээд автобусаа сэлгэх нь хөл муутай, настай хүмүүс, хүүхэд нялхсад төвөгтэй бөгөөд аюултай байгааг шүүмжилж байна. Түүнчлэн автобусны буудал нь олдохгүй, маршрут тодорхойгүй гэх зэрэг үй түмэн бужигнаан үүслээ.
Жишээ нь Сэлбэ, Зайсангийн чиглэлд 40 автобус гурван минут тутамд, Чингэлтэй дүүрэг-ТЭЦ-III-ын чиглэлд 30 автобус долоон минутын зайтай үйлчилж байгаа гэнэ. Гэтэл зорчигчид дараагийн автобус гурван минутын дараа ирнэ гэж мэдээгүйтул дүүрэн хүнтэй чихцэлдээд замдаа гардаг. Дараагийн автобус бараг хоосон буудлаасаа хөдөлж байх юм. Автобусны буудлаар дүүрэн маршрут асуусан ахмадууд, “мэдэхгүй” гээд мөрөө хавчин хариулах залуус, бухимдсан хүмүүс л байна.
Ингээд урьд нь хотын төвөөс Нисэх хүртэл 45 минут явдаг байсан бол өчигдөр бүтэн гурван цаг явж байж очиж байна. Бараг чиглэл бүхэнд ийм шүүмжлэл гарлаа. Автобус дагаж гүйгээд чихэгдээд,чирэгдээд...Эсвэл “Наяад оныг эргэн санахуй” гэдэг аргаар ардчиллын үнэ цэнийг сануулах гэсэн Үүл баатарын тактик юм уу.
Харамсалтай нь иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөржин явж байгаадаа баяртай байгаа ч цаагуураа эдийн засгийн тооцоо хийгээд үзвэл тийм ч хямдхан туршилт биш аж. Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатын А/82 тоот тушаалд “Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг турших ажлыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ний хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрт заасан нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж, доод жишиг болон нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналыг харгалзан дээрх хугацаанд нийтийн тээврийн жолоочийн 1 цагийн хөдөлмөрийн хөлсийг 6000, мөнгө хураагчийн нэг цагийн ажлын хөлсийг 4000 төгрөг байхаар тогтоосугай” гэжээ. Хэчнээн удаа рэйслэх вэ, нийт хэдэн төгрөгий зардал гарах вэ гэдэг нь “тоглоомд оролцогчдод” хамаагүй бололтой. Учир нь ашигтай үлдсэн болоод л тэр. Гэхдээ дарга нар нь энэ бүхнээс хожих хүмүүс нь зөвхөн зорчигчид гэцгээж буй. Ингээд товчхондоо арга хэмжээ авсан уу гэвэл авсан. Харин үр дүн муутай. Лав зүгээр суугаагүй. Нийтийн тээврийнхний жагсаал эсэргүүцэлтэй тулгараагүйг бодоход тэдэнд лав хохиролгүй ийм л үр дүнгүй ажил эхлээд байна. Есдүгээр сарын 1 буюу ид ачааллын үеэр тоглоомоо үргэлжлүүлж тоглох уу, яах вэ гэдэг дүнгээ гаргах гээд яг гацаад зогсчихно. Ямар вэ, бидэнд туршилт чухал уу, үр дүн чухал уу.
Хотын даргын удаахь санаачилга нь дугаарын хязгаарлалттай холбоотой байв. Уг нь Замын цагдаагийн газрынхан болон нийслэлийн удирдлагын холбогдох албаны хүмүүсийн төсөөллөөр ачаалал буурах магадлал өндөр мэтээр ярьж байсан ч бодит байдал дээр замын цагдаа нар нь “тэгш, сондгой” дугаартай зууралдсаар ажлаа хийхэд бүр ч бэрхтэй болов. Энэ нь мөн л урьдчилан иргэдэд бүрэн дүүрэн мэдээлэл хүргэх ойлголт хангалтгүй байсантай холбоотой аж. Замын хөдөлгөөнд оролцогч бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхааралтай сонсдоггүй үздэггүй цахим хуудасны мэдээллийг авч чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэд зөрчил гаргасан ч анх удаа сонсож байна гэж гайхширсаар, замын цагдаа нар тэдэнд ойлгуулах гэсээр бөөн бухимдал үүсэх болов.
Гайхалтай нь туршилт мөн л есдүгээр сарын 1 буюу замын хөдөлгөөний хамгийн оргил өдрүүдэд дуусч дүнгээ гаргана. Энэ мэтээрХотын дарга “гүйцэд бодож” хариуг нь гаргаагүй туршилтаа хийсээр, иргэд бухимдсаар, тулгамдсан асуудлууд хэвээрээ байна. Үүнийгээ шинэчлэлт гэж хамгаалж байгаа ч “Автобусны адал явдал”-аас харахад бол ухралт гэмээр аж. Үүл даргын үйлдэл бүхэн туршилт байж үр дүнг бус үл тасалдах маргаан үүсгэсээр дараагийн хотын даргатай золгох бололтой.
С.Чулуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ