ЦЕГ-ын дараагийн даргад шалгаруулах “тендер”-ийн болзол

Цагдаагийн ерөнхий газрын дарга “Ховхордоггүй” Б.Билэгтийг чимээгүйхэн холдуулж чадсан шалтгаан нууцлаг үлдсэн. Магадгүй таамаглаж байсанчлан “тохироо” л биз. Харин дараагийн даргад ямар хүнийг томилох бол. Энгийн мэт энэ асуултын хариулт ямар олон давхар “хальстай” гээч. Энэ нь Б.Билэгтийг “зайлуулсан” шалтгаантай нягт холбоотой. ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “баатарлагаар” зарласан Ерөнхий сайд болон түүнд энэ мэдээллийг “илтгэсэн” Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын албан ёсны вэб сайтад 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр мэдээлжээ. Үүнд: “Тагнуулын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сард Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Уул уурхайн яаманд төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдалд иж бүрэн шалгалт хийлээ. Шалгалтаар тус яамдын төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын түвшинг тодорхойлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар төрийн нууц хариуцсан болон танилцах эрх бүхий албан тушаалтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна” хэмээсэн байдаг. Ингээд энэ ажлаа шалгасан илтгэлдээ л “чагнах төхөөрөмж олсон” тухайгаа Ерөнхий сайдын сонорт хүргэсэн нь чуулган дээр зарлаж хууль зөрчихөд хүргэсэн байдаг юм.

ТЕГ-ын даргатай хариуцлага тооцох, тодруулбал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй дараагийн хэрэг нь Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан нэгнийгээ хутгалсантай холбоотой аж. Дашрамд дурдахад харилцан зодолдсон Тагнуулын ерөнхий газрын ажилтны нэг нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хамаатан байсан нь дуулдаж эхлэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар “Нэг ардчилал” фракцаар холбоотой. Бас нэг сонирхолтой нь УИХ-ын гишүүн М.Батчимэг бол цэргийн хүн. Албан ёсны намтарт нь Тайванийн улс төрийн их сургуулийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ-ын Номхон далайн командлалын харьяа Ази, Номхон далайн Аюулгүй байдлын дээд курс төгссөн хэмээсэн байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа, УИХ-ын гишүүдтэй цэрэг техникийн сургалтад хамрагдаж, мэргэн бууддагын уралдаанд гуравдугаар байрт орж байсан гэдэг. Мөн М.Батчимэг гишүүн Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудад яагаад ч юм бэ, тагнуулын байгууллагын тухай дандаа шахам ороод байдаг зэрэг нь “хамаатнаа тус байгууллагад оруулсан нь үнэн байж болох юм” гэх хардлагыг улам лавшруулах мэт.

Ямартай ч ТЕГ-ын хоёр ажилтан харилцан зодолдсон, нэгийгээ хутгалсан хэрэгхууль хяналтын байгууллагаар хэрхэн шалгагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалттай хэвээр байна. Тиймээс ч энэ хэргээс болж ТЕГ-ын дарга Б.Ариунсанг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр шалгаж байгаа нь ортой байж мэдэх юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг бүрэн эрхийн хугацаа нь талдаа ч ороогүй байхад, тэр ч байтугай эмнэлэгт эмчлүүлж байхад нь урьдчлан хэлэлгүйгээр халсан нь нарийн учир шалтгаантай байсан бололтой.

Энэ талаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл тухайн үед байр сууриа илэрхийлэхдээ “Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байв. Туршлагатай кадр, хашир дипломатчийн хувьд тэр үүнээс илүү үг унагаагүй ч эргэн сануулахад ОХУ-ын “РЖД” ХНН-ийн ерөнхийлөгч Якунины захидал Ерөнхий сайдын мутарт ирэхээсээ өмнө хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн, захидлыг замаас нь задалсан нууц эзнийг олоогүй гэх шалтгаан хамгийн тодорхой харагдаж байв.

Гэтэл тохиолдлоор ч гэх үү, Д.Гэрэлийг халаад оронд нь Б.Ариунсанг томилсон. Б.Ариунсан нь өмнөх Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа мөн л “Роснефть”-ийн шатахууны үнийг буулгах асуудлаар элдэв тохиролцоог гардан гүйцэтгэж явсан нэгэн. Гэтэл Д.Гэрэлийг ТЕГ-аас халсан гэх үндэслэлүүдийн нэгэнд “Хямд үнээр шатахуун импортлох нэрийдлээр Солонгосын компаниас 30 мянган ам.доллар авсан этгээдүүдийн гарын үсэгтэй баримтыг өгөөд байхад барьж чадаагүй”, “Роснефть компани дээр очиж шатахууны үнийг хямдруулж болохгүй шүү, улам нэм” гэж хэлсэн этгээдийг ч олсонгүй” гэсэн шалтгуудаар халхавчлан заавал Б.Ариунсанг авсны учир юунд байв. Урьд нь ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад иргэн Б.Ламжавын гомдлын дагуу “Мэргэжлийн бус хүнийг ТЕГ-ын дэд даргаар томилсон нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн шалтгаанаар ердөө 2013 оны хавар халагдсан Б.Ариунсан ганцхан жилийн дотор “Мэргэжил эзэмшээд” ТЕГ-ын дарга болчихсон мэт хачин томилгооны жишээ төдийгүй Ерөнхий сайд найзтай хүн албан тушаалаар “цангадаггүй”-г нотлох мэт.

Харамсалтай нь одоо тэд хатуухан хэлэхэд “хам хэрэгтэн” болчихоод байгаа аж. Тиймээс тэдэнд “өөрсдийг нь хамгаалах” ЦЕГ-ын дарга хэрэгтэй. Азаар түүнийг Ерөнхий сайд томилно. Цорын ганц гарц нь ЦЕГ-ын даргаас саяхан халсан Б.Билэгтийн “мөнхийн дайсан” Н.Энхбаяртай холбоо тогтоож “хүйн холбоотой” хамтарч ажиллах нь Н.Алтанхуягийн цорын ганц аврах гарц. Иймэрхүү “Ажиллагаа”-нд Н.Алтанхуягаас илүү гаршсан Н.Энхбаяртай дөрөө харшихад нь замд нь тээглэх гурван “бул чулуу” бий. Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дэд дарга Б.Хурц нар юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар “Авлиагтай тэмцэгчид”-тэй тэмцэж байж ялалт байгуулж санасандаа хүрнэ. Энэ тэмцлийн ажиллагааг Ерөнхий сайд өөрөө гардан зохион байгуулж байгаа төдийгүй АТГ-ын тухай 1937 оны хэлмэгдэлтэй адилтган харуулсан кино хүртэл захиалан хийлгэж байгаа сурагтай.

Эндээс ЦЕГ-ын дараагийн дарга нь дээрх гурван “бул чулуу” буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дэд дарга Б.Хурц нарын “но”-той мэдээлэл, нотлох баримт сэлтээр хамгийн сайн зэвсэглэсэн байж гэмээнэ ЦЕГ-ын даргын “тендер”-т ялах аж. Товчхондоо АТГ-тай тэмцэж чадах ЦЕГ-ын дарга л Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга хоёрт хэрэгтэй байна.

М.Түшигтулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ