Монголоо эрчимтэй хөгжүүлэх том алхам
Монгол орон 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Энэ нь дэлхийд эхний аравт орох тоо. Гэтэл үүний дийлэнх нь хүрэн нүүрс. Үүнийгээ экспорлоё гэхээр тээврийн зардал нь борлуулах үнээсээ давчихаад байдаг. Боловсруулах үйлдвэр барих хөрөнгө мөнгө гаднаас зээлье гэхээр засгийн газрын зээлжих эрх хаана нь ч хүрдэггүй.
Энэ талаар бид мөн ч олон жил ярилаа. Харин манай хувийн хэвшлийн Чингис Энержи Групп энэ чиглэлд том ахиц гаргажээ. Тэд монголынхоо хүрэн нүүрсний ордуудад түшиглэн “Нүүрс-хими болон түлш-эрчим хүчний иж бүрэн цогцолбор” байгуулахыг зорьж олон жил судалгаа, тооцоо хийж БНХАУ, ОХУ болон олон улсын хөрөнгө оруулалт, техник-технологийн компаниудтай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлж монголчуудынхаа амьдралын түвшинг дэлхийн тэргүүлэгч орнуудын хэмжээнд хүргэх чухал гэрээг үзэглэжээ.
Энэ гэрээний дагуу 2016 он гэхэд жилд хоёр тэрбум шоо метр Нүүрсний нийлэгжүүлсэн хийн (ННХ) загвар үйлдвэр ашиглалтад орох юм байна. Цаашдаа жилд нийт 100 тэрбум шоо метр ННХ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, химийн бүтээгдэхүүний үйлдвэр, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, хий дамжуулах хоолой, ННХ-ээр тэжээгдэх цахилгаан станц зэргээс бүрдэх нүүрс-хими болон түлш-эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг 2015-2020, 2020-2025 онуудад хоёр үе шаттайгаар байгуулах ажээ.
Мөн ийм аж үйлдвэрийн цогцолборт нийцэх нийгэм-ахуйн бүхий л нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн орчин үеийн шинэ хотууд буюу хөгжлийн шинэ төвүүд манай Төв, Баруун, Зүүн бүсэд бий болох юм байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт нь 100 тэрбум ам.доллар байхаар тооцжээ.
Энэ группийнхэн зөвхөн нэг сайхан төсөл ярьж гайхуулсангүй, харин энэ төслөө бүтээн байгуулалтын бодит ажил болгохоор олон улсын гэрээ хэлэлцээрийн түвшинд албажуулж ажил хэрэгч байдлаа нотлон харуулж буй нь бахархууштай.
Энэ агуу том бүтээн байгуулалтын ажилд манай олон олон компани оролцох боломж нээгдэж 200 мянга гаруй ажлын байр бий болох, мөн энэ төсөл хэрэгжсэнээр манай экспортын орлого жилд 57 тэрбум ам.доллараар нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ 50-70 мянган ам.доллар болох эдийн засгийн үр өгөөжөөс гадна Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцан ашигтай үйл ажиллагаатай, харилцан хамааралтай энэ зэрэгцэхүйц улс шиг улс болох улс төрийн ач холбогдол ч буй. Монгол хүн дэлхийн хаана ч нүүр бардам алхах цаг айсуй!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ