Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Иркутск хоттой хамтарч ажиллана
Зүүн Хойд Азийн Хотын дарга нар форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон юм. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч, форумд хүндэт зочноор оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Энэ форум нь нэг бүс нутгийн улс, хотууд цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа тодорхой болгох гол зорилготой.
Манай хоёр хотууд ч тодорхой төслүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдэгт найдаж байна” гэдгийг онцлон хэллээ. Ноён Алмухамедов Алексей “Хотын дарга нарын форумд оролцож байгаад таатай байна. Бидэнтэй уулзах цаг гаргасан танд талархаж байна.
Манай хотууд хамтран ажиллах боломжтой олон салбар бий. Тухайлбал өвлийн хүйтэн цаг агаарыг ашиглаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга эхний ээлжиндИркутск хоттой 3 чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд дээрх саналын дагуу хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар талууд тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ