Б.Түвшинтөгс: Санаа бодлоо илэрхийлэх хамгийн тохиромжтой төрөл бол эсээ юм...
Сүүлийн үед эсээ бичлэгийн төрөл хүмүүсийн дунд өргөн хэрэглэгдэх боллоо. Арван жилийн сургуулиуд, албан байгуулага хүртэл эсээ бичүүлж ажилд авч байна. Гэвч бид “эсээ” гэх үгээ зөв бичиж мэдэхгүйн дээр хэрхэн бичих талаар ерөнхий ойлголт хомс явна. Уншигч олондоо эсээ-г хэрхэн бичих талаар ойлголт өгөхөөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Эсээ гэж юу вэ?
-Орчин үед утга зохиолын төрөл зүйлүүдээс хамгийн нийтлэг нь эсээ болжээ.Эсээ нь анх XVI зууны үед утга зохиол, гүн ухаан, нийгмийн болон бусад асуудлыг чөлөөт хэлбэрээр шүүн тунгаасан бичлэгийн өвөрмөц төрөл болон бий болсон.Өөрөөр хэлбэл ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримтад тулгуурлан тал бүрээс нь шинжлэн үзэж, задлан тайлбарлаж, нэгтгэн дүгнэж, харьцуулан жишиж, таамаглан зөгнөж, адилтган зүйрлэж оюун ухааны үйл хийсний үндсэн дээр санаа бодлоо илэрхийлэх хамгийн тохиромжтой төрөл бол эсээ юм. Эсээний үүсэл хөгжлийг Францын их сэтгэгч Мишель дө Монтеньтэй холбон үздэг. Тэрбээр “миний номын агуулга тэр чигээрээ би билээ” хэмээн эсээ бичлэгийн онцлогийг тодорхойлсон байдаг.
-Сүүлийн үед эсээг нийгмийн харилцаанд өргөнөөр хэрэглэх болсон.Гэвч хүмүүс яг эсээ гэдэг утгаар нь ойлгож чадаж байна уу, зохион бичлэгтэй андуураад байх шиг...?
-Сүүлийн үед аливаа сургууль, ажилд элсэх болон ороход, мөн уралдаан наадамд эсээ бичүүлж шалгах боллоо. Гэвч шалгуулагчид эсээ, зохион бичлэг хоёрын ялгаатай болон ижил төстэй талыг төдий л анзаарахгүйгээсээ болоод зарим талаар алдаа гаргасаар байна. Бичлэгийн энэ хоёр төрөл нь богино хэлбэртэй, сэтгэлгээний чөлөөт байдлыг шаарддагаараа адил юм. Харин зохион бичлэг нь юуны ч тухай, яаж ч бичсэн болох ба сэдэв, агуулга, өгүүлэмж, үйл явдал нь ихэнхдээ зохиогчийн зохион бодож, ургуулан сэтгэсний илрэл байдаг бол эсээ буюу эргэцүүлэн бичих нь бодрол бясалгал, үзэл бодол, үнэлэмж дүгнэлт голлосон, тухайн зүйлийн талаар өөрийнхөө үзэл бодол, байр суурийг баримттай, үндэслэлтэй, нотолгоотой өгүүлсэн байна. Энэ бүхий байдлаас хамаарч эсээ нь түүхийн, гүн ухааны, намтарчилсан, нийтлэлийн, уран сайхны, утга зохиол шүүмжлэлийн, эрдэм шинжилгээний гэх мэт хэв маягтай байх нь бий. Эсээ хэрхэн бичих талаарх зөвлөгөө, туршлага, сургамжийг интернет болон ном бүтээлээс олж үзэж боломжтой.
-Эсээ гэх үгийг хэрхэн бичих талаарнилээд төөрөгдөлтэй байна. Эсээ, исээ, эссэ гэсэн гурван төрлөөр бичигдэж байна. Аль нь зөв бэ?
-Эсээ гэдэг нь франц хэлний “туршлага, төрөгдөл, эрэгцүүлэл” гэсэн утга бүхий үгээс үүсэлтэй нэр томъёо юм. Харин энэ үг манай утга зохиол болон сургалтын бүтээлүүдэд эссэ, эсээ, исээ гэх зэрэг хувилбараар дэлгэрч, тухай тухайн хувилбарыг хэрэглэгчид өөр өөрсдийн тайлбарыг өгч байна. Тухайлбал, энэ үг нь угтаа харь хэлний үг учраас тэр хэлнийх нь бичлэгийн дагуу, үргэлжилсэн үгийн томоохон бүтээлийг нэрлэсэн роман гэдэг үгийг орчуулдаггүй шиг, эссэ хэмээн бичиж дуудах ёстой гэж нэг хэсэг нь үзэж байхад, хэдий харь хэлний үг ч гэлээ монгол хэлнийхээ зүй тогтолд нийцүүлж авах хэрэгтэй, монгол үгэнд ижил гийгүүлэгч давхарлан ордоггүй тул эсээ хэмээн бичих нь зүйтэй гэсэн санал ч байдаг. Тэр ч атугай ерөөсөө тэр чигээр нь монголчлон дуудлага ойролцоо монгол үгээр исээ хэмээн нэрлэе, энэ нь сааль сүүний шим исэж исэлдээд охь дээж болдог шиг хүний тархинд бодол санаанууд бясалгаж хуримтлагдаад исээ болно гэж тайлбарлах хүн бий. Эдгээрээс өнөөдөр манай сургалтад эсээ гэсэн хувилбарыг хэрэглэж, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлээр эсээ бичлэгийн талаар зааж байна.
-Эсээ бичихэд юуг анхаарах бэ?
-Дээр хэлсэнчилэн богино хэлбэртэй, сэтгэлгээний чөлөөт байдлыг шаарддаг,эргэцүүлэн бичих нь бодрол бясалгал, үзэл бодол, үнэлэмж дүгнэлт голлосон, тухайн зүйлийн талаар өөрийнхөө үзэл бодол, байр суурийг баримттай, үндэслэлтэй, нотолгоотой өгүүлсэн байх ёстой. Сүүлийн үед хамгийн ихээр гаргаж байгаа алдаа бол зөв бичих дүрмийн алдаа болно. Хайхрамжгүйгээсээ, үл тоосноосоо, эс мэдэхээсээ болоод үг үсгийн алдаа маш ихтэй хэвлэн нийтэлж байгаа нь нүд рүү хатгасан өргөс адил болсон нь харамсмаар. Даанч бид энэ байдалдаа дасан зохицож, алдаа нь хамаагүй агуулга нь гэдэг байдлаар үнэлэлт дүгнэлт өгч байна. Үнэндээ үг үсгийн алдаатай ч агуулга нь сайн байх үндэс бас байхгүй юм. Хэдийгээр хүн аливаа зүйлийг бичихдээ дандаа дүрэм бодож бичдэггүй, харин хэр их юм уншиж тухайн үг хэр нүдлэгдэж тогтсонтой холбоотойгоор зөв бичдэг. Тиймээс зөв бичихийн тулд зөв бичсэн зүйлийг унш, сайн бичихийн тулд бас сайн бичсэн зүйлийг унш гэж зөвлөмөөр байна.
-Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ