Цагаа олоогүй эх оронч зан бидэнд юу өгөх вэ

Маргааш манай урд хөршийн төрийн тэргүүний Монгол Улсад хийх айлчлал эхэлнэ. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн дээд хэмжээний айлчлалаас хойш 11 жилийн дараа тус улсын өнөөгийн удирдагч Си Зиньпин манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Уг айлчлал манай улсын эдийн засгийн хямрал гүнзгийрч буй цаг үетэй таарч байгаагаараа онцлог бөгөөд энэ утгаараа олон хүлээлт дагуулж байгааг хэвлэлүүд онцолж байгаа.

Айлчлалын үр дүнд хоёр орны найрсаг хөршийн харилцаа улам өргөжинө хэмээн аль аль тал нь хүлээж байгаа ба үүний сацуу эдийн засгийн үр өгөөжөө өгснөөр наанадаж их хөрштэйгөө эн тэнцүү зангарагтай харилцаж чаддаг Монгол Улсын нэр хүнд олон улсад өснө, цаанадаж гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх, Хятадын асар том зах зээл рүү манай улсаар дамжин орох гадныхны сонирхол өснө гэсэн тооцоолол, хүлээлт хүн бүрийн толгойд буй.

Гэтэл төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр цагаа олоогүй эх оронч зан гэхээс илүүтэй хоосон хийрхэл гэмээр үйлдлийг хэсэг төрийн бус байгууллагууд болон зарим парламентад суудалгүй намуудын зүгээс хийж магадгүй аж.

Энэ нь үлгэрлэвээс өнгөрсөн жил Ардчилсан орнуудын чуулга уулзалт манай улсын нийслэлд болох үеэр МАХН-ын хоосон хийрхлийн золиос болсон хэдэн өвгөд, эмгэд "Н.Энхбаярыг суллая" гэх агуулгатай англи хэлээр алдаатай бичсэн хэдэн лоозун барьж жагсан ичгэвтэр байдал дагуулсанаас ч дор зүйл.

Аль ч засгийн үед улс үндэстний эрх ашгийн төлөө дуугарах цагтаа амаа бариулсан мэт суудаг хэрнээ хэдэн халтар цаасны царай харах боломж гарлаа гэсэн үедээ жагсаал цуглаан хийдэг төрийн бус нэртэй ашгийн төлөө байгууллагууд Монголоор дүүрэн. Тэдгээр төрийн бус байгууллагуудын зарим нь дотоодын улстөрийн хямралыг өдөөгчидтэй нийлж Си Зиньпиний айлчлалын үеэр жагсана гэх.

Мөн буруу сонсоогүй бол Ногоон намын зүгээс монголчуудыг доромж үгээр монгу гэх ханзаар төлөөлүүлэн бичдэг явдлыг болиулахын төлөө жагсана гэх мэдээллүүд ч вэбсайтуудаар цацагдаж эхэллээ.

Энэ мэтийн жишээг цагаа олоогүй эх оронч зан хэмээвэл илүү зохилтой бизээ. Монголчууд Си Зиньпиний айлчлалаас илүү том зүйл хүлээж буй. Мөн үүний хажуугаар монгол хятад хүмүүсийн дунд байдаг мөнхийн үл ойлголцолыг багасгаж адил тэнцүү эрхт Ази тивийн тулгуур үндэстнүүдийн хоорондын харилцаагаар харилцах цаг ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзсан уулзалтын яриа ч тод харуулж байна.

Мөн БНХАУ-ын даргын айлчлалын дараа хойд хөршийн төрийн тэргүүн олон улсын геополитикийн тавцанд болон өөрийн улсдаа нэр хүнд нь огцом өсөөд байгаа В.Путины айлчлал эхэлнэ.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ийнхүү ээлж дараагаар манай улсад айлчилна гэдэг нь юуны өмнө олон улсын анхааралд Монгол Улс орж байгааг батлахын сацуу тэрхүү олон улсын тавцанд монголчуудыг нэр хүндээ өсгөх, хөрөнгө оруулалт татах зэрэг олон давуу тал үүсээд байна.

Б.Батхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин