Зургаан гадаад иргэнд цахимаар газар өмчлүүлжээ
Энэ сарын 15-ны өдөр таван байршилд газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулсан. Газар өмчлүүлэх журамд зөвхөн нийслэлийн иргэнд газар өмчлүүлнэ гэж заасан ч гадаадын иргэд газар өмчилсөн нь тодорхой болсон. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан Л.Баянбат хэлэхдээ, бид Иргэний бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл авсан.
2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэл болон Монгол Улсын иргэн болсон бол газар өмчлүүлнэ гэсэн захирамж байдаг. Манай улсын иргэн болчихсон бол газар өмчлөлд оролцох эрхтэй гэсэн үг. Зургаан хүн л өмчлөх эрх авсан. ИБЕГ-аас эдгээр хүмүүсийн бүх мэдээллийг авч, хяналт шалгалт хийдэг. Хэрэв хууль зөрчсөн, эсвэл ямар нэгэн шаардлага хангаагүй бол албан ёсоор газар өмчлөх жагсаалтаас хасах арга хэмжээ авдаг” гэв.
Энэ сарын 1-нээс хойш цахим бүртгэлд 281440 иргэн бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн иргэдээс түүврийн аргаар сонголт хийж, 14954 иргэн албан ёсоор газар өмчлөх эрхтэй болсон байна. Иймд иргэд ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд дүүргийнхээ иргэд хүлээн авах төвд өргөдлөө өгч, газраа өмчилж авах эрх нь нээгдэх аж. Иргэд энэ эрхээ наймдугаар сарын 18-29-ний хооронд баталгаажуулж авах ёстой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ