Г.Батмөнх: Бидний насны хүмүүс үлгэр яриад сууж байгаа нь их хувь заяа
Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино Монголд анх удаа хийж байгааг сонсоод, эрэл сурал болсоор уран бүтээлчдийг нь олж уулзлаа.
Киноны уран бүтээлчидтэй уулзахад зүрхнийх нь хаа нэг хэсэгт хүүхдэд зориулсан уран бүтээл хийх мөрөөдөл байнга явдаг. Энэ тухай олон ч сонсч байсан.
Гэхдээ хэн ч түүнд зориглоод хүрдэггүй. “Walt disney”, “Warner bros”, “Marvel” зэрэг кино компаниудын улирал бүр шинээр “бөмбөгдөх” хүүхэлдэйн кино Монголд танхим дүүрэн үзэгчтэй байхад манайхан яагаад өөрсдөө энэ зэргийн киног улиралдаа биш юм гэхэдгурван жилдээ ганц хийчихдэггүй юм бол гэсэн бодол үргэлж толгойд явдаг байлаа. Тиймээс энэ асуултдаа хариулт авахаар “Хурмастын дайчид” хүүхэлдэйн киноны уран бүтээлчдийг зорьж төслийн санаачлагч, ерөнхий найруулагч, ерөнхий зураач Г.Батмөнх, Зохиолч, найруулагч В.Баатархүү нартай ярилцлаа.
-Анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр зориг шулуудаад ханцуй шамлаад орсон байна. Энэ санааг хэрхэн гаргаж, зоригтойгоор ажилдаа орсон талаар яриагаа эхэлье?
Г.Б: -Хүнд дуртай зүйл гэж байдаг. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийх юмсан гэж бодож явсаар байгаад нөхцөл бололцоо нь бүрдсэн учраас ажлаа эхлүүлээд байна. Багаа бүрдүүлээд ажил эхлээд 15-20 хувьтай байна. Гэхдээ хийх ажил их бий.
-Би зоригтойгоор гэж асуусан нь хүүхдийн уран бүтээл хийх санаа уран бүтээлч бүрт байдаг. Анх санааг нь та гаргаад, найзаараа зохиолыг нь бичүүлсэн хэрэг үү?
Г.Б: -Чи хамаагүй ярьж байна. Тэгж ярьж болохгүй. Хамгийн анхны санаа нь бол минийх. Цор ганцаараа гүйж яваад л энэ баг хамт олныг бүрдүүлээд ажлаа эхлээд байна. Би 1991 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. 1998 онд СУИС-ийн найруулагчийн ангийг Баатархүүтэйгээ нэг ангид төгссөн. Бид түүнээс хойш үргэлж телевизэд ажиллаж байсан. Манай Баатархүү МҮОНТ-д 20 гаруй жил ажилласан. Би бол олон телевизэд ажилласан. Хамгийн сүүлд “Эх орон” телевизэд ажиллаж байсан. Ингэж явахдаа ажлын хажуугаар киноны санаагаа олсон.
Өнгөрсөн оны зургадугаар сард долоон бурхан, алтангадас одны домгоор хүүхэлдэйн кино хийе гэж шийдээд Цагаан сарын дараа Баатархүүтэйгээ тааралдаад, хүүхэлдэйн киноны ажил байна гэж санал тавиад зохиолоо ярьж бас сар гаруй явсан. Тэгээд ажлаа хуваарилж аваад нэг өрөөнд суугаад Баатархүү маань зохиолоо бичээд миний саналыг аваад, би зургаа зураад л ажиллаж байна. Түүнээс ганцаараа юм хийгээд яваа юм байхгүй.
В.Б: -Хүүхдийн уран бүтээлийг хэнд ч найдахгүйгээр зориглож эхлүүлэх ёстой. Гэхдээ өөртөө итгэх хэрэгтэй. Итгэл үнэмшил байхгүй бол хэзээ ч ажил бүтэхгүй. Чадна гэсэн итгэл үнэмшил байгаа учраас ямар ч бэрхшээлээс айх юм алга. Өнөөдөр л энэ ажлыг хийхгүй л бол болохгүй. Тэгэхгүй бол маргааш хэн нэгэн хийх л ёстой ажил. Хэрэв хүн бүр л ийм санаатай байвал хүүхдийн уран бүтээл энэ тэндгүй л соёолоод гараад ирнэ. Ингэж л суурийг нь бий болгох ёстой. Гэтэл сурах бичиг дээр хэчнээн гадаадын хөтөлбөр оруулж ирсэн ч хамгийн гол суурь хүмүүжлийг хүүхдүүд урлагаас, үзэж харж байгаа зүйлээсээ авдаг. Түүнээс биш зөвхөн мөнгө бодоод байвал хүүхдийн хүмүүжил ч, урлаг ч тэр хэзээ ч урагшлахгүй. Элэгтэй хүмүүс маань дэмжээд өгвөл босоод ирэх л төрөл. Гэхдээ гол нь зориглох хүн, дэмжлэг алга.
Г.Б: -Надад бол хамгийн сайхан нь хүүхэлдэйн киногоо хийж байгаа нь. Орой ажлаа дуусчихаад зурсан зургуудаа ханан дээр наагаад энэ дүр ямар болж, үүн дээр юу нэмэх вэ гэж ярьсаар байгаад оройтож тардаг. Өнөөдөр гараасаа юу гаргав, маргааш юу хийх вэ гээд л. Хүүхдийн уран бүтээл рүү орчихоор өөрийн мэдэлгүй л татагдаад байдаг юм байна. Энэ ажил хэцүү биш, маш амархан. Найзууд маань ч их атаархаж байна. Бид нар ажлаа хийгээд л гадуур нервтээд явж байхад та хоёр эндээ үлгэр яриад л сууж байх юм гээд. Ямар ч стресс байхгүй. Бидний насны хүмүүс энд үлгэр яриад сууж байгаа нь маш сайхан хувь заяа.
-Хүүхэлдэйн кино хэрхэн хийдэг тэр жаягаар л хийнэ гэж сонсоод хэчнээн их хүч хөдөлмөр орохыг нь төсөөлж ч чадсангүй. Бүр 85 минутын кино шүү дээ?
Г.Б: -Бид хэн нэгний хийсэн зүйлийг дуурайгаад хийвэл тэдний араас хөөцөлдөөд гүйцэхгүй. Өөрсдийн чаддагаа л хийвэл амжилтад хүрнэ гэж итгэж байгаа. Тийм учраас СУИС-ийн Монгол зургийн ангийг дөнгөж төгсөөд, юу л бол юу хийхээр байгаа нэг ангийнхантай хамтран баг болоод ажиллаж байна.
-Нэг баатар суугаад босох хөдөлгөөн хийж байгааг үзүүлэхийн тулд хэдэн зураг зурах шаардлагатай вэ?
Г.Б: -Суугаад босоход хоёр секунд зарцууллаа гэхэд 60 удаа зурна. Бас цаад фоныг нь зурна.
-85 минутын кино хэдэн жилийн ажил вэ?
В.Б: -Бид нарын төлөвлөснөөр ирэх оны 12 сард дуусна. Түүний дараа нэгтгэлд орно. Дуу дүрсээ нийлүүлнэ. Тэгж байж сая кино маань театрт гарах хэмжээнд хүрнэ.
-Хэр их хөрөнгө мөнгө шаардлагатай вэ. Аливаа үйл ажиллагаа урт хугацаа шаардахын хэрээр хөрөнгө мөнгө шаарддаг шүү дээ?
-Үндэсний том хэмжээний байгууллагуудад ороод төслийнхөө талаар ярихаар монгол хүн хийж чадах уу гэж шууд л харцаараа асуудаг. Тэгэхээр хүнээс тусламж гуйхаар очихдоо хийж байгаа ажил маань энэ гээд үзүүлэх зүйлээ урьтаад хийж байна. Анхдагч учраас цаг хугацаа шаардаж байна. Ирэх сарын 15-наас баатрууд маань хөдөлж эхэлнэ. Одоо бол моделиудаа л бэлэн болгож байна. Гадаадын бүрэн хэмжээний кино хийх өртөг 100 сая ам.доллараас дээш байдаг. Тэгвэл бидэнд нэг сая ам.доллар ч хүрэхгүй мөнгө шаардлагатай байна. Энэ зардал киноны уран бүтээлчдийн цалин, техник хэрэгсэлд л зарцуулагдана. Киногоо хийж дуусахын тулд 600 мянга орчим цаасан дээр зурна. Тэр цаасны өртөг гээд л тооцоод үз л дээ.
-Хүүхдийн уран бүтээлийг шинээр зохиож бас орчуулан гарсаар л байна. Гэхдээ тэднийг нэг шүүмж салахгүй дагадаг нь хэл яриа. Зохиолоо бичихдээ үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
В.Б: -Сүүлийн үед хэрэглэгдэж байгаа сурах бичиг болон хүүхдүүдэд зориулсан зохиол бүтээлийг харлаа. Хүүхэлдэйн киноны зохиолдоо эртний ёс жаягийг хадгалсан үгс оруулсан. Гэхдээ үүнийг хэтрүүлж болохгүй. Тэгвэл нөгөө монгол хэлээс монгол руу орчуулна гэдэг нь болно. Хүүхдүүд өөрсдөө уншаад ойлгохоор ганц нэгхэн үг оруулаад, ойлгохгүй заримыг нь ээж, ааваасаа асууж бас нэг гэр бүлийн харилцаа үүсгэх нөхцөлийг бодож бичсэн. Байгаль дэлхийг хайрлаач, энэ чинь амьтай байдаг юм гэсэн санаа оруулсан. Мангас гэж нэрлээд байгаа нөгөө талын баатар маань уг нь хүн байсан. Даанч шунаг сэтгэлээсээ болоод мангас болсон. Түүнийг дарах гэж уул усны үр сад босч байгаа үйл явдлыг л дүрсэлсэн.
-Та хоёр чинь зохиолоо гаргаж, бүтээл хийж байгаа нь шинээр хүмүүс төрүүлж байгаа хэрэг. Баатруудаа ямар шугам барьж бий болгов?
В.Б: -Өөрсдөө ярилцаж байгаад л гаргасан.
Б.Г: -Монгол нутгийн уул уснаас гарч ирсэн үр сад. Монгол хүн бүр сонсоод мэдэх уул нуруудыг оруулсан.
-Түүхэн кино гэхээр хувцас хунар, өмсч зүүхээс эхлээд маш их судалгааны үндсэн дээр гүйцэтгэл хийдэг. Хүүхэлдэйн кино бас домгоос сэдэвлэсэн гэхээр баатруудын хувцас, ахуйн хэрэглээ зэргийг хэрхэн бий болгож байна вэ?
Г.Б: -Манайх чинь үлгэр домог. Зохиол анх эхлэхдээ л нар анх бий болсон ургамал анх үүсэж бий болсон, хүн төрөлхтөн анх цуглаж байгаа үед л өрнөх юм. Тэгэхээр нөгөө эзэнт гүрнүүдээс цааш давж сэтгэх, илүү уран сэтгэмж гаргаж байж л бидний төсөөлж байгаа ахуй гарна. Янз бүрийн олдворууд, урд зүгийн манай түүхэнд хамаатай уран зураг сэлтийг үзэж харж яваад л хүүхдүүдийнхээ хувцсыг зурсан. Гэхдээ хормойгоо чирсэн, орооцолдсон баатар дүрсэлмээргүй байна. Хүүхдүүд юм чинь хөөрхөн тоодгор, хөнгөн хувцастай байх ёстой. Өнөөдрийн хүүхдүүдийн хүлээж авах сэтгэлгээнд нь л нийцүүлье гэж зорьсон. Тэр түвшинд хүрч байж л гадаадын соёлд уусаад байгаа хүүхдүүдийн оюун санааг нь буцаах юм. Энэ киноны цаад санаа нь газар усаа яагаад хайрлах ёстой, хайрлахгүй бол яах юм гэдгийг л харуулах. Монгол Улсаа өмгөөлөх гэсэн санаа энэ киноны амин сүнс, зорилго нь болж байгаа.
-Би түрүүний асуултыг асуусан шалтгаан нь “Хүн аалз”-ыг үзсэн хүүхдүүд киноны баатрын хувцсыг өмсөөд л явдаг. Тэгэхээр “Хурмастын дайчид” киноны баатруудын хувцсыг ч гэсэн хүүхдүүд аав, ээжээсээ нэхнэ байх даа гэж бодоод л...
Г.Б: -Хүн аалзыг үзсэн хүүхдүүд хувцсыг нь өмсөөд нисээд амиа алдсан ч хэрэг гарсан. Тийм учраас өнөөдөр монгол ахуйд байгаа, хүн бүр мэддэг тийм л зүйлийг гаргана. Нисдэг, үхэшгүй мөнхийн баатар зэрэг бүр амьдралаас тасарчихсан зүйл хийхгүй. Яахав үлгэрийн баатрууд үхэж болохгүй л дээ. Үхэх хэмжээний эрсдэл гаргаж байгаа ч найзууд, нэгдмэл байж чадсан цагт нэгнээ авардаг. Үхлийн ирмэг дээр очсон найзыгаа нөгөө хэд нь арга олж аварч байгаа, бүгд нийлж нутаг усаа хамгаалдаг, эх оронч байя гэсэн санааг гаргана. Түүнээс гадаадын сахилгагүйчүүд гардаг кино олон бий. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлдөг.
В.Б: -Маша баавгай ч юм уу.
Г.Б: -Тийм киног үзээд хүүхэд наанаа инээж байгаа ч цаанаа ингэж болох юм байна гэсэн сэтгэлгээ авч байна. Яагаад “Маша баавгай”, “Том Жерри”-г зарим оронд хориод байгаа юм. Тэгэхээр бид ч гэсэн ийм зүйлээс татгалзах хэрэгтэй. Манай кинонд гарч байгаа баатрууд өөр өөрийн гэсэн махбодьтой, ид шидтэй. Хий, гал, шороо, чулуу, мод, салхи гээд. Хэдий ид шидтэй ч гэсэн мангасыг хамтдаа л биш бол дийлэхгүй. Мангас бол өөрсдийнх нь дундаас гарсан хорон санаат. Түүнийг л нэгдэж байж устгах ёстой гэсэн санааг киногоороо дамжуулан гаргаж байгаа.
В.Б: -Том хүмүүст ч гэсэн хэлэх санаа нь өөрийнхөө дотор байгаа дайснаа хэрхэн дарж болох юм гэдгийг ойлгуулна. Заавал хүүхдүүд гэлтгүй аав, ээжүүд хүүдүүдтэйгээ хамт кино үзээд хэлэх гэсэн санааг маань ойлгоод гараасай.
Г.Б: -Төр засгийг ямар хүмүүс жолоодоод байна вэ. Анх ургамал, нар үүсээд хүмүүс цуглаж төр улсыг байгуулсан. Тэр төр улс нь самуураад түшээ нар нь гадаадынхантай сүлбэлдээд, хааных нь эрх ямба хэтрээд ард иргэд нь тэднийг дийлэхээ болиод тэнгэрээс тусламж хүссэний дагуу уул, усны үр сад босч байгаа гэсэн ерөнхий агууламжтай. Хүн төрөлхтний дундаас дайсан нь бий болж байгаа. Түүнээс хаа нэг газраас хэн нэгэн гарч ирээд манай дэлхийг сөнөөчих юм биш. Хүмүүс бид л өөрсдөө дэлхийг устгана бас аварна. Хэзээ ч супермэн нисч бууж ирээд биднийг аврахгүй.
В.Б: -Тужийн нарснаас гарч ирж байгаа хүүхэд модны ид шидийг харуулна. Өөр Хоргын тогооноос гарч ирж байгаа хүүхэд тэр сүр хүчийг илтгэсэн ид шидтэй. Ер нь галт уулын дэлбэрэлтээс галын хүүхэд гарч ирсэн юм байна лээ. /инээв/ Гэхдээ баатруудын маань ид шид яг өөрсдийнх нь хэмжээнд л гардаг. Заавал ниссэнээрээ илүү сонирхолтой болно гэсэн зүйл байхгүй. Хүний амьдралаас тасрахгүй байх нь л чухал. Бүгд хамтдаа байж, хүчээ нэгтгэж чадвал хэн нэгнийг аварч болдог гэдгийг харуулахаас нэг хувцас өмсөөд л нисчихдэг гэж хүүхдүүдэд ойлгуулж болохгүй. Бодитой хөрсөн дээр буусан зүйл үзүүлнэ.
-Киноны үйл явдал ингэхэд хаана өрнөх юм бэ?
В.Б: -Монголд.
Г.Б: -Чиний мэддэг газар, уул, усны нэр гарна. Энэ манай нутгийн уул, ус байна гээд л монголчууд маань үзнэ. Хүүхдүүдэд монгол орноо бодитоор нь таниулах юм. Удахгүй судалгааны ажлаар бид хөдөө явна.
В.Б: -Талын салхи, хангай, говийн салхи хоорондоо өөр. Сэвэлзэх нь дугарч байгаа дуу нь хүртэл өөр. Хангайд бол уулын дээгүүр шуураад эхэлнэ. Харин талд сэвэлзэнэ. Энэ киноны маань хөгжмийн зохиолчоор Мөнхболд маань ажиллаж байна. Хүүхэлдэйн кинонд өөрт нь уран бүтээлчдийг татах хүчтэй. Саяхан хүртэл Ганбаа гэдэг зураач залуу хаанаас сонссон юм хамтран ажиллах хүсэлтэй байна гэсээр ирж уулзаад явлаа.
Г.Б: -Хүүхэлдэйн киногоороо дамжуулаад Монголын устах дөхсөн, устсан биет болоод биет бус өвийг бий болгох, хадгалахаар ажиллаж байна. Хөгжмийн зэмсгүүд яг ямар байх ёстой юм. Дуу авиагаар хэрхэн хөгжим бий болгодог юм, бүжиг нь ямар байсан гээд л ёс заншлыг оруулна. Хүчээр оруулах гээд байгаа юм биш. Алтайн уулсаар хөөмэй хэрхэн дуугардаг, наашлахаараа яаж дуугардаг гээд л энэ бүгдийг уран бүтээлдээ авч үлдэх гээд байгаа юм. Монгол зургийн зураач нарын зурах техник хүртэл өөр. Монголчууд чинь нэг ондоо өнгөтэй. Гадаад хүн яаж ч хичээгээд тэр өнгийг гаргаж чадахгүй. Яагаад гэвэл бид Монголчууд. Бид л чадна. Бидний цусанд тэр чадвар шингэсэн. Мэргэжил мэргэжлээрээ нэгдээд энэ кинон дээр ажиллахад өлхөн цаана нь гарна. Энийг л би олж хараад олзуурхаад, түүндээ маш их итгэж байгаа.
В.Б: -Баатрууд маань өөр өөрсдийн гэсэн хүлэг унаатай. Тэдгээр нь дандаа Монголын Улаан номонд орсон устаж байгаа амьтад. Хэчнээн сайхан уул, нуруу гэж ярьдаг байлаа. Уулыг тэр чигээр нь нүүлгээд аваад явчихаж байна. Тэр бүгдийг л уран бүтээлдээ авч үлдэх гэсэн юм. Энэ уулнаас өөр сүртэй уул бий болгоё, өөр нэгийг бодож олъё гэж огт яриагүй. Монголын бүх зүйл бидний кинонд мөнхрөөд үлдэг. Энгийн зүйл өөрөө агуу. Ээж, аав хажууд байхдаа хэчнээн өмөг түшигтэй билээ. Тэрийг холдоод явахдаа л мэдэрдэг.
-Хүүхэлдэйн кинонд маань маш олон дүрүүд бий болж байгаа. Түүний хэрээр олон дуу оруулагч хэрэгтэй юу?
В.Б: -Тэгэлгүй яахав өнөөдөр л гэхэд нэг проб явж үзлээ. 10 гаруй хүн проб өгснөөс хоёр дүрийнхээ дуу хоолойг олчихлоо. Хамтарч ажиллахаар хандаж байгаа жүжигчид байна. Маш том ачаа үүрчихсэн хүн өндийх гэж байхад нь жаахан дэмнээд өгөхөд л босоод ирнэ. Түүний адилаар манайд баг байна. Харин жаахан дэмжлэг л хэрэгтэй байна.
-Дээр галт уул дэлбэрдэг гэж ярьсан. Гадаадын кинонуудад бол янз бүрийн компьютер график ашиглаад л хийчихдэг. Зургаар байгалийн хүчин зүйлийг харуулна гэхээр миний санаанд нэг л буухгүй байна. Тухайлбал бороо орохыг ч юм уу?
Г.Б: -Бүх зүйлийг зургаар л хийнэ. Хэн нэгний хийсэн зүйлийг дуурайх шаардлага байхгүй. Тэгвэл бидний нөгөө Монгол гэж яриад байгаа маань эвдэгдэнэ. Бид тэд нарын хоёр дахь хувилбар л болно. Хэрэв чи тэрийг үнэхээр сонирхож байгаа бол яг наад хүлээлтээ хадгалах хэрэгтэй. Бүх зүйлээ задлаад яримааргүй байна. Юм нууц байх тусмаа хүлээлт үүсгэдэг. Тэр тусмаа амттай. Бид хэн нэгний хийсэн зүйлийг дуурайж хийгээд түүнтэй нь өрсөлдөх гээд үзье л дээ. Хэзээ ч гүйцэхгүй. Тэгэхээр бид өөрсдийн хийж чаддаг зүйлээ л харуулах. Гарч ирэх ганц боломж бол үндэсний юм бүхэн дээр тулгуурлаж босох. Ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө, монгол сэтгэлгээгээ авч үлдэхийн төлөө нэгдэх цаг ирсэн. Хүүхдүүд маань өөрсдийн өв соёлоо үзэж хараад таашааж чаддаг байлгахаар долоо хоногт найман өдөр ажиллаж байна. /инээв/
В.Б: Амрахаараа биш ажиллахаараа илүү амраад байгаа юм шиг. Өөр газар очоод жаахан байхаар ийшээ санаа зовоод эндээ ирэхээр үлгэрээ яриад сэтгэл тайван байдаг.
Уран бүтээлчидтэй ярилцаад гарч явахдаа “Олон жилийн турш тасалдаад байгаа хүүхэлдэйн киноны түүчээг залгуулж буй хүмүүсийг дэмжээд өгөөч” гэж гудамжинд яваа хэнд ч хамаагүй хэлмээр санагдсан. Гэхдээ л тус киноны уран бүтээлчид миний энэ сэтгэлийг ойлгоод даруухнаар инээмсэглэн “Нэг юм хийх гэж байна гээд хүн бүрт орилоод явах нь утгагүй хэрэг” хэмээн хэлсэн. Хүүхдийн соёл, боловсролын төлөө санаа тавин даяаршсан, хэн нэгнийг даган дуурайсан соёлыг буцаахаар ажиллаж байгаа тэдэнд дэмжлэг л хэрэгтэй байна. Хүүхдийн уран бүтээл бол гэрэл, гэгээ. Гэхдээ тэр гэрэл гэгээ рүү уран бүтээлчид зориглодоггүй нь хөрөнгө мөнгө аж. Энэ бол ганц байшинд зургаа аваад сарын дотор бүтэж буй арилжааны уран сайхны кинонуудаас тэс өөр ойлголт. Тиймээс л төрийн бодлогоор хүүхдийн уран бүтээлийг дэмжих нь тусгаар улсын мөн чанар баймаар...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ