Н.Энхбаяр Засгийн газрын насжилтыг барьцаалж “Цагаан ордоны” хэргээсээ мултрахаар тохиролцсон уу
“Н.Энхбаяр эх орондоо ирлээ” гэх мэдээ түүнийг БНСУ-д эмчлүүлэхээр одсоноос хойш олонтаа дуулдсан ч төд удалгүй ямар нэг шалтгаанаар ирэх нь хойшлогдсоор буй. Хамгийн сүүлд “Одоо л яг ирнэ” гэцгээж байсан ч “Эмч нь зөвшөөрсөнгүй ээ” гэх инээдтэй тайлбартайгаар бас л “тэнд” үлдэв. Энэ бүхний цаана эрүүгийн хэрэг үүсгэгдсэн нэгэн байшингийн хэрэг, бүр тодруулбал “МАХН-ын цагаан ордон”-той холбоотой асуудал нуугдаж байсан нь тодорхой болжээ.
Н.Энхбаярын “Цагаан ордон”-оо байгуулагдсан түүх 2011 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцсоноор эхэлдэг гэдэг. Тэрбээр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК- ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500.000 ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн Г гэгчид онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Удаан хугацаанд өрөө төлөхийг нь хүлээсэн гадны иргэн арга брахадаа ийнхүү хуулийн байгууллагад гомдол гаргасан гэнэ. Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна.
Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн нь Н.Энхбаярыг эх орондоо ирэхэд саад болоод байгаа аж.
Энэ бүхний эцэст “Сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн урт гартай улстөрч” гэгддэг Н.Энхбаяр Н.Алтанхуягийн Засгийн газрыг барьцаалан “уснаас хуурай гарах”-аар шийджээ. Ингэхдээ “Энэ хэргийг бүдгэрүүлж эх орондоо залрах эрхийг минь нээж өг” гэж тулгасан байна. Түүний өмнөх хамгийн том “бул чулуу” нь ЦЕГ-ын дарга Б.Билэгт байв. Тиймээс Засгийн газар Х.Тэмүүжинд ч олдоогүй шийдвэрээ гэнэт гаргаж Н.Энхбаярын хүсэлт ёсоор Б.Билэгтийг зайлуулав.
Үүний үр дүнд одоо шалгагдаж буй Н.Энхбаярын “Цагаан ордон”-той холбоотой залилангийн хэрэг ч, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр эхэлсэн, охиноор нь үргэлжилж мэдэх “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг ч “хэрэгсэхгүй болгох” арга замаар алга болох нь тохиролцооны гол үр дүн юм. Үүний эцэст нэгэн сонин дүр зураг харагдаж буй нь МАХН-ын дарга Н.Энхбаяр “Алтан гадас” фракцийг дахин“удирдаж” эхэлсэн явдал юм. Дахин гэж онцолсоны учир нь тэрбээр өмнө 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад нь гурван ч удаа Засгийг унагаж байсан түүхтэй.
Тэгвэл энэ удаа Н.Энхбаярт “Алтан гадас” фракцийг далдаас удирдах том “шанс” гарч ирлээ. Энэ нь Ерөнхий сайд Үндсэн хууль, Төрийн нууцын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн явдал болон төрсөн охиных ахлах зөвлөх нь хүртэл хэдэн тэрбумын хэрэгт холбогдож, энэ асуудал зөвхөн Л.Гансүхийн өгөх өчгөөс шалтгаалах болчихоод байгаа нь Н.Энхбаярын хувьд өгөөш болж инээдээ барьж ядан суух учиртай. Гэвч өөрөө бас 148.4 гэгч айхавтар хэрэгт унаж мэдэхээр болоод шалгагдаж буй нь түүнд инээх бус асуудалд алсын хараатай, нухацтай хандахыг шаардаж байна.
Тэгэхээр намын нөхдийнх нь хэлээд байсанчлан түүнд улс төрд орох бус эх орондоо ирэх нь илүү чухал байгаа аж. Үүний тулд хэргээс мултрах хэрэгтэй. Хэргээс мултрахын тулд Засгийн газрыг “базах” хэрэгтэй. Азаар “базах” шалтгаан олдоод байгаа нь таатай байгаа биз.
Уг нь Монгол төрийн бүх өндөр албыг хашиж хүрсэн түүнийг эдүгээ амбицаа дарж албан тушаалын төлөөх шуналаа цэнээсэй гэж хүсдэг хүн олон байдаг. Тиймээс ч журмын ах нь байсан Б.Энхмандах хүртэл “НҮБ-д өндөр алба хаших боломж байсан” гэж нөхөрсгөөр хэлсэн зөвлөгөө нь экс Ерөнхийлөгчийн өмнө агаарт замхарч үлдсэн.
Түүний зөвхөн “Монголын хаан” байх, орчин цагийнхаар бол “Монголын Путин” байх хүсэл хана хэрэм мэт. Гэвч энэ л тэвчээргүй, хорон чанарууд нь “Н.Энхбаяр хэзээ ч Монгол Путин байх боломжгүй” гэдэг теоремийг баталдаг. Дээр нь энэ олон гэмт үйлдлийг баллаж дуусна гэж үү. Одоо түүний хийж буй “сөрсөн базаа”-нд Н.Алтанхуяг танхимтайгаа, бүр “Алтан гадас” фракцтайгаа орчихлоо. Учир нь болзлыг зөвхөн Н.Энхбаяр тавьдаг учраас тэр хүчтэй байдаг.
Эхний болзлоо Н.Алтанхуяг биелүүлж Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь огцрууллаа. Угаасаа Н.Энхбаяр, Б.Билэгт нар хувь хувьсгалын олон сэжмээр өстнүүд гэгддэг. Тиймээс ч Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын сэтгэснээр “Б.Билэгтийг зайлуулж байгаад Хууль зүйн сайд болон танхимын сайдуудад одоо Засгийн газрын нэр хүндийг нэгдүгээрт тавих цаг. Энэ бидний сүүлчийн аврал” гэхэд нь ганхийх ганц сайд олдоогүй аж.
Санасандаа хийж сарвайсандаа хүрдгийн ачаар өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө урамшуулдаг Н.Энхбаяр УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхнийг атгасаар байгаагийн нэгэн баталгаа нь УИХ-ын дэд дарга Л.Цог телевизээр “Засгийн газар өөрсдийнхөө саналаар огцорчих ёстой юм” гэж ярьж суугаа явдал. Тэр бас “Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр яах аргагүй хууль зүйн асар том алдаа гаргасныг баталсан. Энэ нь сайдын суудлаасаа огцрох ноцтой шалтгаан мөн болохыг ч хэллээ. Харин “хөшигний цаана” хэн байв. Нэгэнт эвсчихээд байгаа Засгийн газрынхаа эсрэг ингэж хэлэх зоригийг хэн түүнд өгөв. Арай Н.Энхбаяр биш биз.
Энэ бүхэн нэг л танил сценари биш гэж үү. Сана даа, “Ардчиллынхны ялалтын он жилүүд” гэгддэг 1996-2000 онд Засгийн газар дөрвөнтөө хөрвөөхөд тухайн үед Н.Энхбаяр “Алтан гадас”-ынхны элэг, бөөр мэт салахгүй дагаж явсан гэдэг. Тиймээс ч Ж.Наранцацралт агсны Засгийн газрын үед “Ордны хуйвалдаан”-ы аргаар Засгийн газрын гишүүд гарын үсгээ зуран огцорч байсны тод жишээ нь тухайн үед Хууль зүйн сайд асан Л.Цог.
Тэгэхээр сурцтай “эвсэл задлагч” байгаа биз. Мэдээж үүнийгээ “шударга ёсны төлөө” гэж тайлбарлана. Өнөөдрийг хүртэл Н.Энхбаярыг Л.Цог тэргүүтэнтэй нэгтгэж байсан олон шалтгааны нэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг боомилж, тэр тусмаа Алтангадасынхныг “авран алах”-д л чиглэж байсан юм биш үү. Харж л байя. Бараг л Н.Энхбаяр дохио өгснөөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ерөнхий сайдН.Алтанхуяг, түүний нэр хүнд, гэр бүл, тэр ч байтугай танхимыг нь аварна даа.
Ашиг сонирхлын дараалал талаас нь ингэж өрсөнд гайхах хэрэггүй. Хэрэв дээрх үйлдэл болохгүй бол танхимыг дотроос нь задална. Энэ нь мөн л Н.Энхбаярын дохиогоор болох юм. Намар намарт асуудал үүсгэдэг энэ улстөрч эрхэм яг л шарилж мэт уламжлалт ёсоор харшил өгөөд эхэллээ. Гэхдээ сэжигтэнтэй тохиролцоонд орсон анхны Засгийн газар, анхны Ерөнхий сайд болж балрах вий дээ.
C.Чулуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ