“VIP” такси үйлчилгээнд гарчээ
“VIP taxi service” гэсэн хаяг бүхий тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлжээ. Монголд дээд зэрэглэлийн таксины үйлчилгээ нэвтэрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү тансаг зэрэглэлийн такси үйлчилгээг сонирхохоор зорчигчдод нь саад бололгүйгээр өдрийн турш үйлчилгээнд хамт явахаар жолоочид нь учирлав. 11.15 цаг: Ингээд бидний суусан таксины жолооч эхний дуудлагаа хүлээж авав.
Таксины жолоочийг Ц.Сономцэрэн гэдэг аж. Түүнд төв удирдлагаас нь дуудлагын захиалга өглөө. Учир нь энэ үйлчилгээг “VIP taxi service” ХХК явуулж байгаа аж. Одоохондоо үйлчилгээгээ эхлээд удаагүй байгаа бөгөөд ирэх сараас үйл ажиллагаа нь жигдрэх талаар жолооч ярьж байсан. “Тэнгис” кино театраас “Гранд плаза” төвийн урд буух зорчигч такси дууджээ. Тэрээр дуудлагын дагуу зорчигчоо авах газраасаа суулгаад замдаа гарав.
Зорчигчийг машинд суулгаж өгөхөөс эхлээд “VIP” үйлчилгээ ямар байх ёстой түүнийг гүйцэтгэж харагдав. Зорчигч гэрээсээ гарч ирэнгүүт таксины жолооч маань угтаж аваад шаламгай гэгч нь хаалга онгойлгож өгөв. Хаалга онгойлгож өгөхөд хүртэл олон улсад хэрэглэгддэг стандарт гэж байдаг аж. Тэрээр хаалга онгойлгоод нэг гараараа үйлчлүүлэгчээ суухыг урьж нөгөө гар нь хаалганы дээд хэсэгт зорчигч толгойгоо цохихоос нь сэргийлж гараараа барив. Энэ нь үйлчлүүлэгчид ч ихэд таалагдсан бололтой жолооч руу харж инээмсэглээд “Баярлалаа. Яасан сүрхий хүү вэ” гээд суув. Энэ зорчигч 40 орчим насны эмэгтэй байлаа.
Тэрээр төмөр замд байрлах хүүгийндээ очих гэнэ. Таксинд суунгуут арын суудалд нойтон сальфетик, хуурай сальфетик, бакус, цэвэр ус зэрэг шаардлагатай үед хэрэглэх ахуйн зүйлсийг зорчигчид зориулж бэлджээ. Үүнийг тухайн зорчигч үнэгүй хэрэглэх гэнэ. Нэг удаа уг таксинд зорчигч суухад нь “Хэрвээ шаардлагатай бол эдгээр зүйлсийг үнэгүй хэрэглэж болно” гэсэн чинь “Нээрээ үнэгүй юм уу” гээд бүгдийг нь аваад цүнхэлчихсэн гэнэ. Бас нэгэн үйлчлүүлэгч “Цэвэр усныхаа мөнгийг таксиныхаа төлбөр дээр нэмээд авчих. Хүний юмыг яаж үнэгүй авах юм” гэх хүн ч таарчээ. Харин жолооч энэ бол таньд зориулсан үйлчилгээний нэг хэсэг” хэмээн тайлбарласан байна. Ийн хөөрөлдсөөр зорчигчийнхоо хүрэх газарт ирэв.
Жолооч өмнө суурилуулсан тоолуураас хичнээн км гарсан гэсэн баримт буюу тооцооны хуулгыг гаргаж үйлчлүүлэгчид өглөө. 5200 төгрөг гарсан байв. Өнөөх 50 орчим насны эмэгтэй 10000 төгрөг өгөөд 4800 төгрөгийн хариултаа аваад “Баярлалаа. Эгч нь найдвартай унааг эрхэмлэдэг. Би замын нөгөө талд гарахдаа ч такси барьдаг. Тэгэхгүй бол хэдэн төгрөг өөрөөсөө харамлаж байж амиа алдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай таксины жолоочид замын нөгөө талд эргээд буухад “Та яасан ямбатай юм. Юун ойрхон явдаг юм” гэсэн янзтай уурлаж загнах тохиолдол гардаг. Харин танайх ёстой иргэддээ хүрч ажилладаг юм байна” гээд буув.
Жолооч мөн л өмнөх шиг шаламгай гэгч нь бууж хаалгыг нь онгойлгож өгөв. Ингээд дараагийн дуудлага ирлээ. Тус такси тарифаа километр бус метрээр тооцдог юм билээ. Тодруулбал, 100 метр газар явахад 300 төгрөг гэсэн үг. Нэг км явахад 3000 төгрөг аж. Тансаг зэрэглэлийн үйлчилгээний хувьд боломжийн үнэ аж. Үйлчлүүлэгчид нь үнэтэй байна гэсэн зүйл ярьдаггүй гэсэн. Харин ч үйлчилгээнд сэтгэл хангалуун үлддэг бололтой. Дараагийн дуудлага Aндуудаас Бөхийн өргөө хүрэх байв. Тав орчим насны хүүхэдтэй эмэгтэй суулаа.
Хүүхэд нь таксины жолоочийн өмссөн хувцсыг ихэд гайхаж сонирхоно. Учир нь тус компанийн жолооч нар бүгд нэг өнгийн хувцсаар жигдэрсэн байна. Цагдаагийн малгайтай төстэй хар цагаан өнгийн оруулгатай малгай өмсч, хар өнгийн хослол, цагаан бээлий өмссөн байв. Мөнгөн завъяа орчмын хэсэгт 10 минут түгжрэв. Энэ хооронд жолооч тоолуурын “хүлээлгэ” гэсэн товчлуур дээр дарж км-ын мөнгийгзогсоож харагдав.
Түгжирсэн тохиолдолд км-ын мөнгө гүйхгүйгэсэн үг. Ингээд төв замаар түгжрээ ихтэй байсан учраас жолооч зорчигчийн хүсэлтээр удирдлагын төвтэйгөө холбогдож хаагуур явбал хамгийн хурдан хүрэх газартаа очих талаар зам асуулаа. Ингээд зорчигчийг хүссэн цагт хүрэх газарт нь буулгалаа. Тус компанийн таксинууд бүгд GPS буюу байршил тогтоох төхөөрөмжтэй гэнэ. Мөн дугуйнд нь тусгай мэдрэгч төхөөрөмж суулгасан учраас жолооч тоолуураас илүү мөнгө зорчигчдоос авах ямар ч боломжгүй гэнэ. Ухаалаг тоолуур суулгасан аж.
Заримдаа бид цүнхэндээ бэлэн мөнгөгүй тохиолдолд АТМ хайн таксинаасаа бууж мөнгөө авч өгдөг. Тэгвэл ийм тохиолдолд сандрах хэрэггүй болжээ. Тус такси карт уншигч суурилуулсан юм байна. Удахгүй “WiFi” суурилуулахаар бэлтгэж байгаа аж. Ц.Сономцэрэн жолооч тогтмол цалинтай ажилтан. Зарим таксины жолооч нар шиг таксигаа түрээсээр авчихаад тэр мөнгөө хийхийн тулд хүнээ булаацалдаж, зорчигчийнхоо төлбөр дээр мөнгө нэмж хэлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн.
Удахгүй тус компани хүүхдэд зориулсан “Kids taxi”, эмэгтэйчүүдэд зориулсан “Pink taxi” үйлчилгээнд гаргах юм байна. Таксигаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан тохижилттой, итгэл төрүүлэхүйц эмэгтэй жолоочтой байх аж. Харин хүүхдэд зориулсан такси нь ажлаа амжихгүй эцэг, эхчүүдийн дуудлагаар хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс эхлээд хүссэн газар нь найдвартай хүргэж өгөх юм байх.
Ингэхдээ эцэг, эхчүүд гэрээ байгуулж болох ба гар утас дээрээ хүүхдийг нь авч яваа такси хаана явж байгааг GPS-ийн тусламжтайгаар харж болох гэнэ. Ийм үйлчилгээ удахгүй нэвтрэх аж. Ер нь үйлчлүүлэгчдийн хувьд тав тухыг дээд зэргээр төрүүлэхүйц үйлчилгээтэй юм. “VIP” таксинууд бүгд тас хар өнгийн “соната-7” маркийн машин. Тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Зарим зорчигчид үйлчилгээг үнэхээр мэдрүүллээ хэмээн жолооч нарт гарын мөнгө хүртэл өгдөг гэсэн. “VIP taxi service” компани амралтын газар болон нисэхийн урьдчилсан захиалгат дуудлага, дуудлагын жолооч, албан уулзалт болон хуримын цуваанд үйлчлэх машины түрээс зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргээд эхэлжээ.
Д.ДАВААСҮРЭН
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ