Дайн зарлахад хүргэсэн Америкийн тагнуулын албадын ноцтой алдаанууд
АНУ-ын тагнуулын алба сүүлийн хэдэн жилийн туршид хоёр удаа тун хурц шүүмжлэлийн бай болов. Эхний удаад 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядлагын дараа болсон юм. Хоёр дахь удаа нь Америкийн тусгай албадынхан Иракт олноор хөнөөх зэвсэг баттай байгаа гэж итгэж байсан бөгөөд тэр нь олдоогүй учир бас л баахан шүүмжлүүлэв. Дээрх хоёр тохиолдлын аль алинд нь АНУ дайн зарлаж байсан юм. Тодруулбал, есдүгээр сарын 11-ний дараа тэд алан хядлагатай тэмцэх дайн зарласан бол 2003 онд Иракийн дайныг эхлүүлсэн билээ. Энэ бол АНУ-ын тагнуулын албадын гаргасан хамгийн анхны, хамгийн ноцтой том алдаа биш билээ.
Америкийн нууц албаны томоохон дарга нарын буруутай ажиллагаанаас болж урьд өмнө нь олон удаа цэргийн зөрчилдөөнийг бий болгож байсан билээ.
Operation urgent fury, Гренада. 1983 он
Гренадад хувьсгал болж, үүний үр дүнд засгийн эрхэнд тэндхийн марксист үзэлтнүүд гарч ирсэн юм. Энэхүү жижигхэн арлын орны шинэ Засгийн газар нь Куба болон ЗСБНХУ-ын тусламжтайгаар эдийн засгийн өөрчлөн байгуулалтыг хийхийг оролдож байлаа.
Энэ нь АНУ-ыг их түгшээж байсан нь тэд Кубын хувьсгалыг “экспортолчих вий” гэж ихээр болгоомжилж байсан аж.
1983 онд ерөнхийлөгч Рональд Рейган тус арал руу дайран довтлох тухай тушаал өгчээ. Цэргийн хүч хэрэглэх тухай албан ёсны зөвшөөрлийг Карибын Тэнгисийн Зүүн Хэсгийн Улс Орнуудын Байгууллагаас /Organization of Eastern Caribbean Ocean/ гаргажээ. Рейган Конгрессээс өөрийг нь дэмжихийг хүссэнгүй, харин байлдааны ажиллагаа эхлэхээс нэгхэн өдрийн өмнө Конгрессын удирдагч нартай уулзаж, Америкийн ард түмний амьдрал аюулд ороод байна, тэр тусмаа Гренада АНУ-ын хувьд тун том аюул заналхийлэл болоод байгааг хэлж тайлбарлажээ.
АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэхдээ “Куба-Зөвлөлт хамтран Гренадаг булаан эзлэх гэж байна”, мөн түүнчлэн Гренадад зэр зэвсгийн агуулах байгуулагдаж байгаа бөгөөд түүнийг олон улсын алан хядагчид ашиглах боломжтой хэмээжээ. Дайны ажиллагааг эхлүүлэх зайлшгүй шалтгаан бол Гренадагийн эрх баригчид Америкийн оюутнуудыг барьцаалсан явдал болов. Энэ тухай мэдээлэл тэдгээр барьцаалагдсан оюутнуудаас өөрсдөөс нь ирсэн бөгөөд тэд тэндхийн анагаах ухааны коллежид суралцаж байжээ. Тэд АНУ-д байгаа эцэг, эх рүүгээ утасдаад тэдний дотуур байрыг Гренадын армийн зэвсэглэсэн цэргүүд бүсэлсэн тухай хэлжээ.
Эцэг, эх нь түгшиж улмаар сонингийн редакц, телевизийн компани, төрийн агентлагууд руу утас цохиж эхлэв. Нэг оюутны эцэг, эх тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульцтэй танил байсан агаад хүүхдэд нь аюул заналхийлээд байгаа тухай мэдэгджээ. Шульц ч энэ талаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд болон ерөнхийлөгч Рейганд биечлэн мэдэгджээ. Хэдийгээр Гренадад утсан холбоо ажиллагаатай байсан ч Вашингтонд хэн ч тэдгээр оюутнууд болон тус арал дээр байгаа сэтгүүл, гадаадын дипломатчид руу утасдаж бодит байдал дээр юу болоод байгааг олж мэдэх ухаан төрсөнгүй.
Хожмоо дээрх оюyтнуудад ямар ч аюул заналхийлээгүй байсан нь тодорхой болжээ. Гренадагийн эрх баригчид оюутнуудыг барьцаалж авахыг огт бодоогүй, харин тус арал дээр саяхан зэвсэгт мөргөлдөөн болж, үүнээс болж Гренадагийн марксистуудын тэргүүн Морис Бишоп эх орон нэгтнүүддээ алагдсан явдал гарсан учир тэднийг зөвхөн хамгаалуулахаар цэрэг явуулсан байж. Америкчуудын суралцаж байсан анагаахын сургууль нь гадаад валют олж авах цорын ганц найдвартай эх үүсвэр байсан тул түүнийг нүдний цөцгий мэт хамгаалдаг байж л дээ.
Энэ тухай гренадчууд өөрсдөө мэдэгдэж, түүнийг нь ч Британийн тагнуулын албаныхан давхар баталжээ. ТТГ энэ мэдээллийг баталж, бас үгүйсгэж ч чадахгүй байв. Учир нь Гренадад Америкийн тагнуулын албаны өөрийн гэсэн салбар үгүй байсан агаад нэр хүндээ бодоод Британичуудаас тусламж хүсээгүй аж. (1974 он хүртэл Гренада нь Их Британийн колони байсан)
Гоомой харалган явдал үүгээр дууссангүй. Дайран довтлох ажиллагааг төлөвлөхийн тулд Америкийн тагнуулчид жуулчлалын газрын зургийг ашиглах ёстой болов. Барбадосын эрх баригчид Вашингтонд Гренадагийн болон Кубын салбар цэргүүдийн байрлалын талаарх дэлгэрэнгүй тодорхойлолтыг гаргаж өгчээ.
Гэвч америкчууд Барбадосын тусгай албадад итгэдэггүй байсан тул түүнийг нь ашигласангүй. Довтлох хэсгүүдэд “барьцаалагдсан хүмүүс” нэг байшинд хоригдож байгаа хэмээн бодит байдлаас ташаа мэдээллийг өгсөн байлаа. Арлыг эзлэн авсаны дараа цэргийн агуулахууд нь дандаа Зөвлөлтийн хуучин зэвсгээр дүүрэн байгаа нь тодорхой болжээ. Довтлохоос өмнөхөн АНУ тус арал дээр 1.2 мянган Кубын коммандос байрлаж байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл дараа нь 200 хэтрэхгүй тооны Кубачууд байсан агаад тэднээс гуравны нэг нь мэргэжилтэн иргэд байсан нь тогтоогджээ.
Тус дайнд нийтдээ АНУ-ын 8.8 мянган цэргийн албан хаагчид оролцжээ. Гренадчуудтай дайтах явцад 19 америк цэрэг алагдаж, 119 хүн шархадсан юм. Гренада болон Куба нийлээд 70 хүнээ алдаж, 417 хүн шархаджээ. Тус ажиллагааны нийт өртөг нь 88.6 сая доллар болсон байна.
“Майягуас” ажиллагаа (Mayaguez) 1975 он
1975 оны дөрөвдүгээр сард Америкийн зэвсэгт хүчний хамгийн сүүлийн хороод Өмнөд Вьетнамыг орхин гарсан билээ. Вьетнамын дайн дуусав.
Гэвч 1975 оны 5-р сард Камбожийн эрэг хавиар хөдлөж байсан Америкийн контейнер зөөгч Mayaguez-ыг “улаан кхмерууд” (Камбож дахь засгийн эрхийг эзэлсэн Маоист бүлэглэл) булаан эзэлжээ. Камбож нь тус хөлөг онгоцны багийг тус улсын нутаг дэвсгэрт хамаарагдах ус руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх үндэслэлээр багийн 40 гишүүнийг баривчилсан байв.АНУ-ын тагнуулын алба Цагаан ордонд мэдэгдэхдээ тус хөлөг онгоц болон багийн гишүүдийг дипломат шугамаар суллахыг оролдсон ч ямар ч үр дүнд хүргэсэнгүй, тиймээс энэ асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх тушаал өгсөн гэжээ. Үүндээ тусгай салааны цэргүүдээс бүрдсэн десант бүхий байлдааны нисдэг тэргүүдийг ашиглав. Mayaguez багийнхан Камбожийн эрэг хавийн нэгэн арал дээр байрлаж байгаа гэж тагнуулчид алдаатай ташаа мэдээлэл хүргэснээс тус ажиллагаа бүрэн тасалдах аюулд оржээ. Дараагийн шөнө ажиллагааг ахин давтав. АНУ-ын байлдааны нисдэг тэрэг ашиглан далайн явган цэргийн хүчин улаан кхмеруудын цэргүүдтэй тулалдсан бөгөөд тус ажиллагаанд оролцсон найман нисдэг тэрэгнээс гурав нь сүйрчээ. Усан цэргүүд хуурай газар дээр тулалдаж байх хооронд ямар ч хамгаалалтгүй байсан Mayaguez хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны онгоц эзлэн авав.
Гэвч эцэст нь тус ажиллагаа ямар ч утга учиргүй байсан гэдэг нь тодорхой болжээ. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагааг явуулж байгааг мэдээгүй байсан Камбожийн эрх баригчид бүр урьд өдөр нь Mayaguez-ыг суллах шийдвэр гаргасан байжээ.
Баривчлагдсан далайчдыг суулгаж, цагаан туг хатгасан завь Камбожийн эрэг хавиар эргэлдэж байсан Америкийн том хөлөг руу дөхөж очихдоо золтой л буудуулчихсангүй. Тагнуулын албаны гоомой алдаанаас болж Америкийн цэргүүд 41 цэргээ алдаж, 50 хүн нь шархаджээ. Камбож хэр хохирол амссан нь одоо болтол тодорхойгүй.
Тонкин булангийн будилаан, Вьетнам. 1964 он.
1964 оны наймдугаар сард Вьетнамын эрэг хавьд Тонкиний буланд байсан АмерикийнMaddox онгоц нь америкийн радиотагнуулын ажиллагааг гүйцэтгэдэг байжээ. Тус хөлөг Хойд (коммунист) Вьетнамын радио мэдээллийг шүүрэн авч түүнийг Өмнөд Вьетнам руу дамжуулдаг байж. Түүнчлэн Хойд Вьетнамын эрэг хавийн батлан хамгаалалтын талаарх мэдээллийг цуглуулдаг байв. Барьж авсан нэгэн мэдээний учрыг тайлахдаа тэд америк хөлөг онгоцуудын эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлэх тухай тушаал байна гэж ойлгож.Шөнө нь хойд Вьетнамын хэд хэдэн онгоцMaddox-д дөхөн очиж, хөлгийн багийн тушаалаар том оврын калибрын пулемёт болон хөвөгч бөмбөгөөр галлажээ. Нөхцөл байдал тун хачирхалтай эргэж нэг ч сум онгоцыг оноогүй байна.
Maddox хариу гал нээсэнгүй, харин тус булангаас явж, харин дараагийн шөнө нь Turner Joy гэх огт өөр хөлөг онгоц дагуулан эргэн иржээ. Turner Joy-ийн радиацын дэлгэцэн дээр Хойд Вьетнамын онгоцууд тэдэн рүү дайрахаар бэлтгэж байгааг илтгэх дүрс гарч ирэв. Америкчууд ч дайснуудын зүг гал нээж, удалгүй байлдааны талбараас тун хурдан арилжээ. Тус хэргийн мөрдлөгөөс харахад Turney Joy-н радар нь эвдэрхий байсан агаад буруу байг онилсон байжээ.Америкийн албан ёсны мэдээнд Хойд Вьетнам урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу АНУ-ын хөлөг онгоцыг довтолсон гэнэ. Хойд Вьетнамэнэ буруушаасан явдлыг огт үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ. Гэсэн ч хэдэн өдрийн дараа ерөнхийлөгч Линдон Жонсон “Тонкиний шийдвэр”/The Gulf of Tonkin Resolution/ нэртэй бичиг баримтанд гарын үсгээ зурснаар бараг л АНУ, Вьетнамтай дайн эхлүүлэхэд хүргэсэн байх юм.Үүний гамшгаар АНУ 51 мянга гаруй эр цэргээ алдаж, 153 мянган хүн шархадсан юм. Зүүн Вьетнамын хохирол ч мөн 1.4 сая хүнээ алдсан гэж тооцогддог. Вьетнамд явуулсан дайны зардал АНУ-ын хувьд 826.8 тэрбум доллар болсон юм.
Перл Харборын довтолгоо. 1941 он
Перл-Харбор дахь АНУ-ын усан цэргийн флотын Номхон далайн хамгийн гол бааз руу агаараас болон тэнгисээс довтолсон явдал АНУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцоход хүргэсэн бөгөөд Америкийн тагнуулын хамгийн ноцтой алдаанд тооцогддог билээ. Тус арал руу гэнэтийн дайралт хийх боломжтой хэмээх тагнуулын мэдээ дайралт болохоос бүр гурван жилийн өмнө гарч иржээ.
Энэ мэдээг дан ганц Америкийн тагнуулын албад ч биш, бас Британийн FECB олж авч улмаар АНУ-д дамжуулжээ. Британичууд ч Японы радиограммыг олзлон авч дүн шинжилгээ хийснийхээ дарааЯпон улс АНУ руу довтлох нь зайлшгүй болоод байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр радио мэдээнд Америкийн далайн эрэг хавьд ойрхон байрлаж байгаа Японы бүх хөлөг онгоцууд 1941 оны арван хоёрдугаар сарын эхний долоо хоногийн сүүлчээр боомтдоо эргэн ирэхийг даалгасан байлаа. Дараа нь Америкийн мэргэжилтнууд Японы кодуудын зарим нэгийг нь эвдэж чадсан бөгөөд тус довтолгооны гол бай бол Перл-Харбор болох юм хэмээн тогтоожээ. Вашингтонд энэ ажиллагааны талаарх салангид бүхий л мэдээллийг олж авсан ч тэднийг нэгтгэж чадах мэргэжилтэн олдоогүй хэмээн хожим нь судалгаагаар тогтоогдсон юм.
2001 онд ч гэсэн 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааны урьд өдөр ч мөн л иймэрхүү зүйл тохиолдож байсан билээ. Дайралт болохоос хэдхэн хоногийн өмнө Токио дахь АНУ-ын Элчин сайдын яам Япон АНУ-д дайн зарлах гэж байна гэсэн мэдээлэл иржээ. Дайралтаас хэдхэн цагийн өмнө Америкийн нууц үг тайлагч мэргэжилтнүүд Японы радио мэдээг уншиж чадсан юм. Тэнд дайралт тун ойрын хугацаанд болно гэсэн байлаа. Вашингтоноос Перл-Харбор руу флотыг байлдааны дээд зэргийн бэлэн байдалд байлга гэсэн нууц тушаал илгээгдэв. Гэвч хожимдсон байлаа. Японы агаарын нисэх хүчнийхэн цохилтоо өгсөн байлаа. Байлдааны үр дүнд 3.6 мянган хүн нас барж, хүнд шархадсан, долоон линкор, гурван том хөлөг онгоц, гурван шумбагч, өөр найман онгоцусанд живж, 188 онгоц сөнөсөн билээ. АНУ-ын Номхон далайн флотын бараг тэн хагас нь энд үгүй болсон юм.
Циммерманы цахилгаан утас буюу Дэлхийн нэгдүгээр дайн. 1917 он
Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд эхэлсэн. АНУ хэдийгээр Антантын (Их Британи, Франц, Орос) улс орнуудад нууцханаар тусалж байсан ч 1917 он хүртэл дэлхийн байлдааны зөрчилдөөнөөс холхон байв. АНУ-ын хүн ам дайнд оролцох явдалд сөрөг байдлаар хандаж байв. 1916 онд Вудро Вильсон салан тусгаарлах уриаг ашиглан байж сонгуульд ялж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдов.
Гэвч 1917 оны нэгдүгээр сард бүх зүйл өөрчлөгдөв. Британийн тагнулын алба АНУ-д долгионоор барьж авсан цахилгаан утсыг дамжуулсан байна. Цахилгаан утсыг Германы Гадаад хэргийн сайд Артур Циммерман АНУ дахь Германы Элчин сайд гүнтэн Бернсдорфд явуулсан байлаа. Герман Антантын хөлөг онгоцуудын эсрэг усан доогуурх дайн эхлүүлэхээр бэлтгэж байгаа, гэхдээ Германы шумбагч онгоцнуудын дайралтаас Америкийн далбаа бүхий онгоцууд өртөн сүйрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. АНУ-ын идэвхгүй байдлаа алдах шалтгаан гаргахгүйн тулд. Хэрэв Вашингтон ямар ч байсан дайнд оролцох шийдвэр гаргавал Мексик дэх Германы Элчин фон Экхардад Мексикийн ерөнхийлөгчтэй холбоо барьж тус улсыг АНУ-ын эсрэг Герман, Австри-Унгар, Туркийн “гурвалсан нэгдлийн талд” байлдааны ажиллагаа эхлүүлэхийг ятгах даалгавар өгөгджээ. Үүний оронд Герман улс дайны дараа Мексикт урьд нь АНУ-ын өөрийн болгосон –Техас, Нью-Мексико, Аризон зэрэг шинээр бий болгосон мужуудыг өгөх болно хэмээн амлажээ. Тус цахилгааныг Америкийн хэвлэлд нийтэлснээр америкчуудын унтууцлыг төрүүлэв. Сарын дараа АНУ-ын Конгресс Германд албан ёсоор дайн зарлаж, улмаар Америкийн экспедицийн хэсэг Европт буув.
Олон судлаачдын үзэж байгаагаар Циммерманы цахилгаан утас Британийн тусгай албадын бэлтгэсэн хуурамч бичиг байх магадлал өндөр ажээ. Их Британи ийм маягаар АНУ-г дайнд татан оролцуулжээ. Цэрэг байлдааны ажиллгаааны хувьд тус цахилгаан утсанд дур,дагдсан Германы төлөвлөгөө ямар ч утга учиргүй байв. Мексик улсыг тэртээ тэргүй иргэний дайн нь доройтуулж, эдийн засаг нь навс унаж, арми нь цэргийн олигтой хүч үгүй, тэр байтугай хангалттай хэмжээний сум, зэвсэггүй байлаа. Түүнээс гадна АНУ-ын армийн хэсгүүд бараг л өөрсдийн ажиллагааг Мексикийн нутаг дэвсгэр дээр явуулж байв. Тэд Америкийн фермүүд болон Техас дахь хотууд руу үе үе халддаг Мексикийн дээрэмдийн толгойлогч /эсвэл хувьсгалч/ Панчо Вильяг барихыг оролдож байв. Америкийн тагнуул болон сөрөг тагнуулынханд тэр үед хангалттай хэмжээний мэргэжилтэн үгүй байсан тул энэ залийг таамаглаж чадаагүй ажээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын 320 мянга гаран хүн нас барж, шархадсан юм. Дайны зардал 555 тэрбум доллараас хол давсан ажээ.
"Maine" хуягт онгоцны сүйрэл буюу Америк-Испанийн дайн. 1898 он
1895 оноос тэр үед Испанийн колони байсан Куба улсад дайн болж байлаа. Кубачууд Испанийн колоничлогчдын эсрэг тэмцэж байлаа. АНУ-ын олон нийтийн санаа сэтгэгдэл босогчдын талд байлаа. 1897 онд АНУ-ын усан цэргийн командлал Испанитай хийх болзошгүй дайндаа бэлтгэж эхэлжээ. 1898 онд Гавана дахь АНУ-ын Элчин сайдын консулын хүсэлтээр Maine хуягт онгоц “Америк иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах” зорилгоор боомтын харуулд зогсчээ. Maine 20 хоногийн турш Гаванад нам тайван өнгөрүүлсэн ч хоёрдугаар сарын 15-ны шөнө гэнэт дэлбэрчээ. Ингэснээр тус хөлгийн 266 гишүүн амь үрэгдэв.
АНУ-ын усан цэргийн флот нь комисс цуглуулж, улмаар хоёр долоо хоног хэлэлцсэний дараа тус хөлгийг испаничууд дэлбэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. АНУ-ын тагнуулын алба ч мөн ийм дүгнэлтийг гаргаж. Комиссийн шийдвэр хэвлэгдээгүй байхад АНУ-ын ард түмэн испаничууд буруутай гэдэгт итгэлтэй байсан бөгөөд АНУ ч хэдийнэ дайнд бэлтгээд эхэлсэн байлаа. Байлдааны онгоцыг дэлбэлсэн нь дайн эхлүүлэхэд хамгийн тохиромжтой шалтгаан байсан бөгөөд тус дайны үр дүнд АНУ Куба, Филиппин, Пуэрто-Риког эзэлсэн билээ.
Америкийн болон Кубын мэргэжилтнүүдийн явуулсан сүүлийн үеийн судалгаанаас харахад ямар ч мин байгаагүй бололтой. Харин нүүрстэй буруу харьцсанаас л дэлбэрэлт болсон байж магадгүй аж. Тус хөлгийг тун ч амжилтгүй зохион бүтээсэн аж. Учир нь нүүрсний нүх нь зэр зэвсгийн агуулахтай зэргэлдээ байх агаад тэднийг хооронд нь ердөө нарийхан модон халхавч тусгаарладаг байв. Өдгөө судлаачдын таамаглаж байгаагаар тус хөлгийн машины хэсэг дэх нүүрсний хонгилд гал гарч хэдхэн минутын дараа зэр зэвсгийг дэлбэлэхэд хүргэсэн байна.
Л.Отгонбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ