Донецк, Луганскийг чөлөөлөхөөр Киев бэлтгэж байна
Цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа учир террористуудын булаан эзэлсэн Донецк болон Луганск хотын оршин суугчдаас Украины цэргүүдийн нээсэн коридоруудаар дамжин хотоосоо гарахыг Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөл хүслээ.
Энэ тухай Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн мэдээлэл, дүн шинжилгээний төвийн албан ёсны төлөөлөгч Андрей Лысенко мэдэгдсэн юм.
“Террористуудыг устгаж, хотуудыг чөлөөлөх ажиллагаа явуулах гэж байгаа учраас энэ хоёр хотоос түр гарахыг иргэдээс бид хүссэн” гэж Лысенко хэлэв.
Түүний хэлснээр, түр хугацаагаар орон гэрээ орхин явах хүсэлтэй оршин суугчдад туслахад Украины засгийн газрын хүчнийхэн бэлэн байгаа ажээ.
Мөн Украины армийнхан хүн ам оршин суудаг бүсүүдэд цэргийн ажиллагаа явуулаагүй, явуулахгүй гэж тэрбээр дахин хэлсэн юм.
“Кавказад Оросын цэргүүдийн хийсэн шиг зүйлийг бид хийхгүй. ОХУ-ыг цэргүүдээ оруулж, тугаа мандуулахыг харах гэж бид хотуудаа бөмбөгдөхгүй” гэж Лысенко мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ