Зарчим нэхсэн Б.Батзаяаг замын компанийн нууц ноёдын нөлөө, Ерөнхий сайдын гэнэтийн саналаар халжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг огцруулах нь гэсэн сураг дуулдсаар хоёр сар тэслээ. Гэвч сайдыг нь эзгүйд Засгийн газар яаралтай хуралдан огцруулжээ. Түүнийг огцруулсан шалтгаан ньерөөсөө л замын тендерт ялсан компаниудын цаадах улстөрч эздийн шахалт байлаа. Тэдний дундаас гоц ялгардаг нэг л компани бий. Энэ бол “Монроуд” ХХК юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар юм. Автозамын салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Улсын тэргүүний замчин цол хүртэж, Авто замын үндэсний ассоциацийг тэргүүлэх болсон тэрбээр Ардчилсан Засгийн газрын үеийн шувтаргын жилүүдэд буюу 1999-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дэд даргаар ажиллаж байв. УИХ-ын 2000 оны сонгуульд нам нь ялагдсанаас хойш “Монроуд” компаниа байгуулж аваад өнөөг хүртэл тэжээгдсээр АН-ынхан УИХ-д олуулаа болох үед морилон ирж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллах болсон. Бүр тодруулбал УИХ-ын хамгийн чухал хуулиудын ажлын хэсгийг ахлан атгаж, Хөгжлийн банкийг, ЭЗХЯ-ыг ч хүртэл “далдын хүч”-ээр удирдаж суугааг нь бид харж байна.

Үүний нэг жишээ ньУИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараар овоглосон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх50 км урт, хатуу хучилттай замаас болж олон хүн үгээ хэлж байна. Хатуу хучилттай гэж хэлэхэд арай л өрөвдөлтэй дүр төрх.

“Насны зам” ХХК 2004 онд Багануураас Жаргалтхаан хүртэлх замыг, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийх болсон.

“Насны зам” ХХК-ийн хувьд “Монроуд” ХХК-иас гурван жилийн өмнө замаа ашиглалтад оруулсан бөгөөд өдийг хүртэл замд нь эвдрэл, гэмтэл гараагүй.Харин сүүлд ашиглалтад өгсөн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн тавьсан зам нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зам биш харин “там” болж эхэлсэн гэдэг.

Засгийн газрын тогтоол нь, хэн нь хэндээ юу даалгаж, Хөгжлийн банкаар дамжуулан бондын мөнгөөр их бүтээн байгуулалтын ажил хийж хэрхэн завшсан тухай баримтуудыг нээгээд л байх тусам шинэ баримтууд олдоод л байх аж.Энэ талаар бичихээр хэн нэгэн албан тушаалтан, эсвэл компаниас загнаж заналхийлэх хэдий ч тэгэх тусам шинэ факт олон хүсэл сэдэрнэ.Харамсалтай нь битгий олдоосой гэх авч олдоод л байх аж.Жишээ нь өчигдөр “Их Монгол нэгдэл” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж үзэн АТГ-т шалгуулахаар гэж байгаагаа мэдэгдсэн. “Их Монгол нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Болдмандалын хэлснээр Н.Батбаяр сайд Замын-Үүд боомтын 11 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 20 тэрбум төгрөгөөр хийж болохоор судалгаа тооцоо гарсан байтал 33 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны 96 тоот тогтоол гаргуулж “Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүл, зээлийн эргэн төлөлтийг тухай бүрт нь улсын төсөвт тусган төлүүлж бай” гээд Сангийн сайдад үүрэгдсэн байдаг.

Солонготын даваа-Халзанбүргэдэй чиглэлийн 100 км автозамын тухайд бид өмнө нь хангалттай мэдээлж байсан.Холбогдох тогтоол буюу Засгийн газрын 124 дүгээр тогтоолыг ч дэлгэн тавьсан.Хэдийгээр “хүнд байдалд” орсон хүмүүс хамгийн түрүүнд гүтгүүлчихлээ гэж хэлэх дуртай байдаг ч Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын гарын үсэг тэргүүтнийг зохиомлоор үйлдэх аргагүй. ТухайлбалСолонготын даваа-Халзанбүргэдэй чиглэлийн 100 км автозамын 19.4 тэрбум төгрөгөөр ӨМӨЗО-ны барилгын хоёрдугаар корпораци гүйцэтгэж байгаад эдийн засгийн хүндрэлээс болоод 40 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа зогсоогоод буцсан байхад нь үүнийг гүйцээхэд 37.2 тэрбум төгрөг шаардлагатай гээд төсөвт тусгасан байдаг. Энэ төсөвт өртгөөр нь гүйцээхээр гэрээлж авсан “Монроуд” компани хэсэгхэн хугацааны дараа төсөвт өртгийн хэмжээг 46 тэрбум төгрөг хэрэгтэй гэж нэмж батлуулсан.Ганц хоёрхон сарын өмнө 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж болно гэж байсан замыг яагаад есөн тэрбумаар нэмэгдүүлж тогтоол гаргах болов гэж дээрх ТББ-ынхан хэвлэлийн бага хурлын үеэр баримт дэлгэн ярьсан.

Харин Замын-Үүд боомтын 11 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 20 тэрбум төгрөгөөр хийж болохоор судалгаа тооцоо гарсан байтал 33 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны 96 тоот тогтоол гаргуулж замаас 13 тэрбум төгрөг “унагаасан” баримтыг одоо дэлгэе. Үүнд Замын-Үүд хилийн боомтын зам талбайн өргөтгөл болон 11 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гүйцээхээр Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Ордос хотын “Тай Фа Шян группийн барилга угсралтын компан, Монгол Улсын хөгжлийн банк хамтран гэрээ байгуулжээ. Гэрээнд дээрх ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн 31 тэрбум 471 сая 144 мянга 200 төгрөгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Ажлыг дуусгах хугацаа нь Замын-Үүд боомтын 2.3 км замыг 2013 оны зургадугаар сарын 15-ны дотор, 48 мянган м.кв өргөтгөлийг 2013 оны долдугаар сарын 15-ны дотор, 8.7 км замыг 2013 оны аравдугаар сарын 15-ны дотор дуусгахаар талууд санал нэгдэн баталгаажуулсан байна.

Мөн Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн тогтоолд уг хөрөнгийг олгуулахаар зааж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын гарын үсэг зурайж байна.

Ингээд Замын-Үүдийн 13 тэрбум, Солонготын давааны есөн тэрбум гээд нийт 20 гаруй тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй, үгүйдээ гэхэд хариуцлагагүй ханджээ гэх үндэслэл Засгийн газрын тогтоолууд болон АТГ-т шалгуулах гэж буй объектуудын өөрсдийнх нь гарын үсгээр баталгаажаад байгаа юм.



Ингээд асуудал хэвлэлийнхний хүрээнээс хальж АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатөнгөрсөн долдугаар сарын 4-нд сэтгүүлчидтэй уулзаж, олны анхаарлыг татаад байгаа зарим хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа ямар түвшинд байгаа тухай мэдээлэл өгсөн. Түүний дотор Эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар “Эдгээр албан тушаалтнууд Халзан Бүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан 46.3 тэрбум төгрөгийг Монроуд компаний дансанд шилжүүлсэн байгаа юм. Мөн Замын-Үүд боомтын шалган нэвтрэх цогцолборт 8.7 км автозамыг 20 тэрбумаар барьж болох ТЭЗҮ гарсан байхад 33 тэрбум төгрөг болгон нэмж Хятадын хөрөнгө оруулалттай компанид уг санхүүжилтийг олгосон. Энэ хоёр шийдвэр Засгийн газрын нэг хуралдаанаар зэрэг гарсан нь сэжиг бүхий байна.” гэж мэдэгдсэн.Хариуд нь “Монроуд” ХХК-аас “Монроуд” ХХК нь Зам тээврийн яамны захиалгаар 2013 оны 09-р сарын 24-ний өдөр C-АЗ-Б 2013-167-207 дугаартай “Халзанбүргэдэй – Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан уг төслийн ажлыг 46,354,405,757 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж байгаа болно.

Гэтэл уг төсөлтэй холбоотойгоор шалгагдаж буй эрүүгийн хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ манай байгууллагын үйл ажиллагаа, бодит байдлаас зөрүүтэй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна. Уг мэдээлэлд “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй- Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж дурджээ.

Манай компанийн хувьд уг мэдэгдэлд дурдагдсан шиг “мөнгийг шууд шилжүүлээд авчихсан” зүйл огт байхгүй бөгөөд “төсөл эхлэхэд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30% болох 13,906,321,727.00 төгрөг, С-АЗ-Б 2013-167-207/А-98 тоот Нэмэлт гэрээгээр бараа материалын урьдчилгаа 6 000 000 000₮ төгрөгийг МУ-ын Хөгжлийн банкнаас авсан” болно. Энэ талаар Хөгжлийн банкны албан ёсны цахим хуудсанд ч дурьдагдсан байгаа. 2013 оны 10 дугаар сараас уг ажил эхэлж, 2014 оны 06-р сарын 25-ний байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 24 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Гэрээнд заасны дагуу сар бүр гүйцэтгэсэн ажлын тайланг захиалагчид хүргүүлж, түүний дагуу санхүүжилтийг авдаг ба замын асфальт хучилт 2014 оны 07-р сарын 08-ний өдөр эхлэх гэж байна.

Гэтэл хуулийн байгууллагаас ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь харилцагч байгууллагууд болон олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, бизнесийн нэр хүндийг унагаах, төслийн ажил зогсоох хүртэл байдалд тулж, бидний ажилд бодитой хохирол учруулахаар байна” хэмээн мэдэгдэл гаргалаа. Бас л УИХ-ын гишүүний хувийн компани АТГ-ын Мөрдөн байцаах албаны даргын мэдэгдлийг эсэргүүцсэн ёс бус дүр зураг харагдаж байгаа биз.

Үүнээс хойш хэсэг чимээгүй байсны үр дүнд “Ерөөсөө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа л замын бүх компанийг хуулиа дага” гэж зарчим яриад зам дээр хөндөлсөөд байна. Түүнийг зайлуулчихвал болчих гээд байгаа аж. Ингээд сайдыг нь эзгүйд гэнэт ээлжит бус хуралдаан зарлаад хамгийн сүүлчийн асуудлаар Ерөнхий сайд санал болгон оруулж ирээд Б.Батзаяаг халлаа. Оронд нь Засгийн үүргийг дагаж биелүүлж чадах хүнээ ч бэлдчихсэн байж. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ё.Манлайбаярыг төдөлгүй жинхлэх нь тодорхой. Ийнхүү замын салбар улстөрч эзэдтэй компаниудын бизнесийн талбар болсон нь Хөгжлийн банк, ЭЗХЯ, цаашлаад Ерөнхий сайдыг хүртэл цаламдаж чадсаны дүнд зарчим нэхсэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга улс төрийн золиос болж ажлаасаа халагдав. Харин одоо Засгийн газраас өгсөн ил, далд үүрэг бүхнийг ёсчлон биелүүлэх сайн дарга нь замын компаниудад огт саад хийхгүй ажиллах бололтой.

С.Чулуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин