Б.Наранхүү: А.Дашпэлжээг АЖ болго үгүй бол би 2016 оны сонгуульд чинь дэвшихгүй шүү
-Тэрбээр амлалтаа биелүүлж, 1000 будаа агшаагч тараана-
Дуу хуурын өлгий нутаг хэмээдэг Дундговь аймгаас сонгогдсон төрийн түшээ бол Б.Наранхүү. Хурдан моринд мөнгө цацахдаа гар татдаггүй, газрын наймааг хийхдээ мэргэшсэн гэхээс өөрөөр олны нүдэнд нэг их өртөөд байдаггүй байсан тэрбээр гэнэт л улстөрчөөр тодорч, УИХ-ын гишүүн болтлоо томорсон.
Үүнд мэдэж аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар түрүү бөх болоод аймгийнхаа хурдан буян гэсэн бүхэнд жийп машин бэлэглэж бэл бэнчингээ гайхуулсан нь нөлөөлсөн нь мэдээж. Тэгвэл тэрбээр энэ удаад мөн л аймгийнхаа Сайнцагаан сумын 90 жилийн ойд 90 ширхэг “Ямаха” мотоцикль бэлэглэж “шоуджээ”.
Амласан амлалтаа биелүүлдэг төрийн түшээ гэсэн имиж бүрдүүлэхийн тулд аймгийнхаа төв талбайд 90 ширхэг “Ямаха” мотоциклийг эгнүүлж байгаад л сугалаа суглуулж олны нүдийг орой дээр нь гаргасан юм байх. Үүнийгээ тэрбээр бүтээн байгуулалтад хөрөнгө хаяхаасаа илүүтэй сонгогч түмнийг гартаа оруулах нь зөв гэж шийдсэнийх биз.
Энэ тухай ч нутгийн иргэд нь ярьж, “Эрхэм гишүүн маань тун удахгүй сонгогчиддоо 1000 будаа агшаагч тараахаар болсон” хэмээн дуулгана билээ.Харин хэзээ, хэрхэн тараах нь тодорхой бус байгаа ч сонгогчдын хувьд будаа агшаагчтай болно гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.Сонсоход инээдтэй ч төрийн түшээгийн сонгогчиддоо өгсөн амлалтын нэгээхэн хэсэг нь энэ юм гэсэн.
Уг нь тойргоос сонгогдсон төрийн түшээ нутгаа хөгжүүлж, аймгийн төвөө жишиг хот болгоно, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ, бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэгчлэн олон сайхан амлалт өгсөн.Мөн томоохон барилга байгууламж барина, иргэдээ орон сууцтай болгоход анхаарна гэдгээ ч хэлж байсан.Гэвч өнөөдрийн байдлаар эрхэм гишүүний амлалт түрүү бөх, морь байлахаас гадна мотоцикль, будаа агшаагч тараахаас хэтрэхгүй явцтай байна.
Хамгийн сонирхолтой нь тэрбээр үүндээ сэтгэл хангалуун байдаг бөгөөд өнгөрсөн улсын баяр наадмаар Хүй долоон худагт байрлах галаар нь зочилсон бүхэнд энэ тухайгаа сайрхан ярьжээ.
Мөн тэрбээр “Би амлалтаа биелүүлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач А.Дашпэлжээг ардын жүжигчин цолоор шагнууллаа.Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “А.Дашпэлжээг ардын жүжигчин цолоор шагна.Эс тэгвээс би 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй шүү” гэж хэлсэн.Тэгээд л нутгаасаа ардын жүжигчинг төрүүллээ” хэмээн олны нүдийг орой дээр нь гаргажээ.
Төрийн түшээ нь ийнхүү амлалтаа хэрхэн биелүүлж байгаагаа галаар нь зочилсон зочдод “тайлагнаж” байхад аймгийн төв нь хэмнэлт нэрийн дор цахилгааны хязгаарлалт хийж, түнэр харанхуй байна.Гэтэл хэмнэлтийн бодлого баримталж байгаа аймгийн удирдлагууд нь өөрсдийн орон сууцны тагтыг вакуумжуулахаар төсөвт 50 сая төгрөгийг тусгасан тухай бас нэг дуулиан дэгдэв.
Аймгийн төсвөөс Засаг даргын Тамгын газрын 12 ажилтны орон сууцыг өнгөрсөн сард ашиглалтад оруулсан.Орон сууцны задгай тагт нь оршин суугчдын тааллыг хүлээхгүй байгаа учир төсвөөс дахин 50 саяыг гаргуулахаар хүсэлт гаргасан ч ИТХ-аар 30 сая болгож бууруулан баталжээ.
Эдийн засаг нь элэг дөрвөөрөө хэвтсэн энэ үед хаана хаанаа хэмнэлтийн бодлого баримтлахыг Ерөнхий сайд үүрэгдсэн. Гэтэл Дундговь аймгийн удирдлагууд цахилгааны хязгаарлалт хийж, хэмнэлтийн бодлого баримталж ажиллаж байгаа гэх нэрийн дор өөрсдийн орон сууцны тагтыг битүүлэхээр төсвөөс мөнгө “сааж” байгаа нь хэмнэлт мөн үү.
Уг нь Дундговь аймагт 2012 оны орон нутгийн сонгуулиар МАН олонхи болж, ялалт байгуулсан.Гэвч өдгөө цөөнхийн төлөөлөл болсон С.Од-Эрдэнэ аймгийн удирддаг. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн баруун гар гэдэг бөгөөд эрхэм гишүүний тараасан “Ямаха” мотоциклийн албан ёсны борлуулагч “Total music”-ын эзэн юм билээ.
Засаг ноёны суудалд суусан даруйдаа аймгийнхаа намын хорооны хуралдааныг Улаанбаатар хотноо чимээгүйхэн хуралдуулж, эрхэм гишүүнийхээ баруун гар гэдгээ баталж, хуралд оролцсон гишүүд дундаа азтай үзэгчийн сугалаа гэдэг шиг сугалаа явуулж бэлэн мөнгө, мотоцикль бэлэглэсэн нэгэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ