Хайранд бүүвэйлэгдсэн Цэдэнбал эгнэгт одов
удахгүй уншигчдад очих “Жамбын Батмөнх” номын хэсгээс
Нэг сарын драм өндөрлөлөө. Одоо түүнийг албажуулах л үлдлээ. Хүсэл хясал тээсэн “1984.08.23” тулж ирлээ. Одоо хэрхэн албажуулах вэ? Мэдээж МАХН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлыг зарлан хуралдуулна. Дараа нь АИХ-ын ээлжит бус чуулган залгана. Тэр бүгд хурал, чуулганы уур амьсгал ямар байх нь тодорхой. Улс төрийн Товчооныхон нь өөрсдөө “уруу царайлсан”, “хамгаас илүү сандарсан”, “бүх хүн их гутарсан шинжтэй” угтан авсан Кремлийн тэр шийдвэрийг одоо бүгд хурлын гишүүн 200 гаруй хүнд, мөн АИХ-ын депутат 400 орчим хүнд дуулгах гэж байгаа хэрэг шүү дээ. Намын Төв Хорооны гишүүн, тэр үед Москвад сууж байсан Элчин сайд Ц.Гүрбадам дурсаж бичиж байна. Тэрээр“Түүхэн үнэний тухай бодрол, УБ, 1994” номынхоо “Дүлий дүмбэ” оргисон дүнсгэр бүгд хурал хэмээх бүлэгт Намын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлыг:
-Урьд өмнө нь хэзээ ч ийм чимээ аниргүй, гунигтай байдалд болж байсангүй.
-Моломжамц гуайн хоолой үе үе зангиран Ерөнхий нарийн бичгийн даргын олон жилийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн магтахыг сонсож суухад нас нөгчсөн хүний оршуулган дээр хэлж байгаа үг шиг.
-Үгээ хэлж дууссаны нь дараа нь танхимд нэг хэсэг чив чимээгүй болов. Нэг ч хүн нэг ч үг дуугарсангүй.
-Тэр өдрийнхөө үдээс хойш АИХ-ын чуулган чуулж тогтоол гарган Ю.Цэдэнбалыг биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан өөрийн нь зөвшөөрснөөр...
-Чуулган бас л гунигтай байдалд болж нэг ч хүн юм асууж, үг хэлсэнгүй. Үүгээрээ чуулган бүгд хуралтай ихэр юм шиг адилхан, үг хэл нь хадны цууриатай төсөөтэй байж билээ.
-Гэхдээ нэг л ноцтой ялгаа байсныг Батмөнх, Моломжамц, Рагчаа, Намсрай дөрвөөс өөр хэн ч олж харсангүй. Чандлан нууцалж байсан болохоор мэдэх ч аргагүй байсан биз. Тэр нь Цэдэнбалыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолд “өөрийн нь зөвшөөрснөөр” гэсэн тодотгол санаанаасаа нэмж оруулсан явдал юм.
-Тэр “зөвшөөрөл” гэдэг нь чухамдаа Намын Төв Хороонд гаргасан албан ёсны хүсэлт, өргөдөл биш, ер нь “зөвшөөрөл” гэхэд хэцүүхэн зүйл, өөрөөр хэлбэл нутгийнхаа нөхөрт бичиж өгсөн зурвас цаас л байсан хэрэг. Тэр мөчид өөрөө зөвшөөрсөн гэдэг ам яриа байснаас бус тэр зурвасыг хэн ч үзээгүй.
-Д.Моломжамц – Зөвшөөрөх нь зөвшөөрч байсан. Гэхдээ бичиж өгөөгүй. Зөвхөн амаараа л “Батмөнхийг миний оронд тавьж болох юм” гэж байсан.
Тэгвэл тэр хоолойгоо зангируулан эмгэнэлийн бичиг уншиж байсан Моломжамц нь чухам юу гэж ярьсан юм бэ? Хэлсэн үгийг үзвэл хоёр хүний нэр дээр шувтан магтаал урсгасан байна. Эхлээд Цэдэнбалын тухай ярьжээ. Эрүүл мэндийн байдал нь цаашид ажил хийх алба хаших бололцоогүй болгож байна, эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж өөрийн нь зөвшөөрсний дагуу МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил болон Улс төрийн Товчооны гишүүнээс чөлөөлөх саналыг бүгд хуралд оруулж байна гэж хэлээд араас нь магтаалаа урсгажээ. “Бүгд хурлаас түүнд талархал илэрхийлэх нь зүйтэй гэсэн саналтай”, “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэв”, “Нөхөр Ю.Цэдэнбал өөрийн оргилуун эрч хүч, арвин баялаг мэдлэг, туршлага, шавхагдашгүй авьяас билэг, цуцашгүй бүтээлч хөдөлмөрөө нам ард түмэндээ үнэнчээр зүтгэх ариун үйл хэрэгт зориулж байлаа”, “түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн”, “марксист-ленинист сургаалийг Монгол орны нөхцөлд бүтээлчээр хэрэглэхийн үлгэр дууриалыг үзүүлж байв”, “марксизм-ленинизмийн цэвэр тунгалаг байдлын төлөө туйлбартай тэмцэж”, “манай намын онолын сэтгэлгээний хөгжилд их хувь нэмэр оруулсан”, “намын эгнээний нэгдэл нягтралыг бэхжүүлэх, нам олон түмний холбоог зузаатгах, намын байгууллагуудын дайчин чадвар, коммунистуудын манлайллыг өндөржүүлэхэд байнга анхаарал тавьж”, “манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, БНМАУ-ын батлан хамгаалах хүч чадлыг зузаатган бэхжүүлэхэд цэргийн том зүтгэлтэн, Батлан хамгаалах Зөвлөлийн дарга маршал Ю.Цэдэнбалын гүйцэтгэж ирсэн үүрэг”, “Коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, тууштай коммунист, интернационалч” ... гэхчлэн коммунист дэглэмийн үеийн зусардлын уйтгартай үгс сонины нэг буланг дүүргэжээ.
Хожим Д.Моломжамц өөрөө тэр үгээ хэрхэн залруулав? Мэдээж тэрээр өөрийнхөө бодлыг сэтгэлээрээ илэрхийлээгүй, цаанаас бичиж өгсөн цаасыг зөвхөн унших үүрэг ногдсон гэж үзэж байна.
МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурал дээр Та үг хэлж Ю. Цэдэнбалын гавьяа зүтгэлийг өндөр үнэлсэн байдаг. Та түүнийгээ аль хэр шударга дүгнэлт гэж боддог вэ?
-Үзэл суртлын хэлтсийн Түмэндэлгэрт би үүрэг өгч урьд нь Ю. Цэдэнбалд шагнал, цол хэргэм гардуулахад өгч байсан албан ёсны баримтад заасан үнэлэлт дүгнэлтийг түүвэрлүүлсэн. Түүнийг үндэс болгон өгөх дүгнэлтийг гаргаж Улс төрийн Товчоогоор хэлэлцүүлж тохирсон. Тэгэхээр тэр үнэлэлт миний хувийнх биш гэдэг нь ойлгомжтой.
Моломжамцын илтгэлийн гуравны хоёр нь Цэдэнбалыг магтахад, гуравны нэг нь шинээр сонгогдох Батмөнхийг магтахад зориулагджээ. “Манай нам, ард түмний өмнө нөхөр Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа зүтгэл мартагдахгүй” гэсэн тангарагийн гэмээр үгсээ залгаад миний энэ зохиолын баатрыг магтжээ.
-Нөхөр Ж.Батмөнх ажил амьдралын их туршлагатай, манай нам, төрийн нэртэй зүтгэлтний нэг гэдгийг та бид сайн мэднэ.
-Нөхөр Ж.Батмөнх сүүлийн арав гаруй жил нөхөр Ю.Цэдэнбалтай хамт ажиллан манай намын дотоод, гадаад бодлого, улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэхэд биечлэн оролцож байлаа. Тэр бүхий л хүч чадал, мэдлэг, туршлагаа намын нийгэм-эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, монголын ард түмний сайн сайхан аж байдлыг дээшлүүлэхэд бүрэн зориулж ирлээ.
-Тууштай коммунист, интернационалч нөхөр Ж.Батмөнх ЗХУ болон ах дүү социалист бусад оронтой тогтоосон манай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, социалист эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэх үйлсэд хүч, анхаарлаа тавьж байдаг билээ.
-Нөхөр Ж.Батмөнх манай нам, төрөөс империализм, харгис хүчний эсрэг, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө явуулж байгаа бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
-Нөхөр Ж.Батмөнхийн хөдөлмөрийн хүний төлөө тавьж байдаг байнгын анхаарал халамж, хүмүүст хандах хандлага, намч, зарчимч өндөр шаардлага, зохион байгуулах авьяас чадвар болон өөрийнх нь ажилч хичээнгүй чанар, эелдэг зөөлөн, энгийн шударга зан байдал нь хамт ажилладаг нөхдийнх нь болон коммунистууд, хөдөлмөрчдийн хүндэтгэлийг хүлээж байдаг юм.
-Нөхөр Ж.Батмөнх намаас итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг биелүүлж, МАХН, ардын төрийн улс төрийн чиг шугамыг хэрэгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн юм.
-Нөхөр Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр албан тушаалд ажиллаж манай намын дайчин штаб– Төв Хороог нэр төртэй удирдаж чадна гэдэгт Улс төрийн Товчоо бат итгэж байна.
Энэ үгэнд хэд хэдэн далд санаа цухалзжээ. Нэрлүүлэгч Батмөнх нь 10 гаран жил Цэдэнбалын нөмөр нөөлгөнд явж, цаадхи нь дагуулж хөтлөн халамжилсаар улс төрч болгожээ гэсэн санаа цухалзав. Тууштай коммунист, интернационалч нөхөр Ж.Батмөнх гэж Монголын гадаад харилцааг нэвт шувт мэдэгч байсан юм байна. Империализм, харгис хүчний эсрэг тэмцэлд оройлон оролцжээ. Ажилч хичээнгүй чанар, эелдэг зөөлөн, энгийн шударга зан байдал гэсэн нь өмнөх 2 дугаар бүлэгт нэг бус удаа дурдагдсан “томоотой гэхэд дэндүү томоотой”, “даруу гэхэд дэндүү даруу” гэсэн тодорхойлолтыг хэлсэн бололтой. Улс төрийн Товчоо бат итгэж байна гэсэн нь бүгд хурлын гишүүдэд өөр сонголт байхгүй шүү, сонгохоос өөр замгүй шүү гэсэн тулгалт ч юм шиг.
Нийтлэлч Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ