Үхлийг хуурсан хүүхэд
11 настай жаалхүү аюул ойрхон байгааг маш сонин янзаар мэдрээд үхлийг хуурч орхисон байна. Тэрбээр ээж, аавынхаа өрөөнд унтахыг гуйжээ. Өнгөрөгч ням гаригт Бразилийн зүүн хойд хэсэгт орших Балсас хотод хоёр хөдөлгүүртэй нисэх онгоц осолдсон билээ.
Агаарын хөлөг Марсио Андре, Сабрина Эртелл нарын гэр бүл 11 настай хүү Аугусто Тьягогийн хамтаар амьдардаг байшин дээр унасан байна. Азаар тэд амьд сэрүүн үлдсэн аж.
Тэр осол болдог өдрийн орой Аугусто эцэг, эхийнхээ өрөөнд унтах гэж аавтайгаа ихэд үзэлцжээ. Хүү нь бууж өгөхгүй гэдгийг ойлгоод Марсио зөвшөөрснөөр хүүгээ үхлийн аюулаас аварсан гэнэ. Тэд унтсанаас хойш хэдэн цагийн дараа тэдний байшин дээр нисэх онгоц унаж, 11 настай хүүгийнх нь унтлагын өрөө тэр чигээрээ нуранги болжээ. Үүнийг үзээд эцэг, эх нь зөн гэдэг зүйл байдаг гэдэгт итгэв. Дээд тэнгэр хүүд нь осол ойртож байгааг мэдрүүлээд тэдний өрөөнд унтуулсан гэж тэд үзэж байна.
“Эцэг, эхчүүд заримдаа хүүхдүүддээ буулт хийж байх ёстой гэдгийг энэ явдал харууллаа” хэмээн хүүгийн ээж Сабрина ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ