Орон сууцны зах зээл эрсдэлд орж болзошгүй тухай онцолжээ
Дэлхийн банк манай улсын эдийн засгийг энэ онд 9.5 хувьтай гарна гэж дүгнэлээ. Өсөлт ингэж буурах болсон шалтгаан нь өнгөрсөн оны сүүлчээс хойш аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт саарсантай холбон тайлбарласан байна.
Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 12.9, бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт 12.2 хувиар тус тус буучээ. Харин эдийн засгийн дээрх өсөлтийн гуравны хоёрыг уул уурхайн салбар бүрдүүлсэн байна.
Тус салбарын өсөлт ийм өндөр хувь эзэлж буй нь “Оюу толгой”-н зэсийн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотой гэж Дэлхийн банкны эдийн засагчид дүгнэв. Түүнчлэн тус банкны уг тайланд банкны актив хөрөнгө суларч байгаа тул хяналтыг бэхжүүлж, сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.
Сүүлийн нэг жилд зээл бараг 50 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар найдваргүй болон хугацаа хэтэрсэн зээл нэг их наяд төгрөгт хүрсэн аж. Харин өнгөрсөн оны мөн үед 464 тэрбум төгрөг байсан байна. Үүнээс гадна орон сууцны зах зээл хэт халах шинж тэмдэг байгааг дурджээ.
Энэ нь улам гүнзгийрвэл банк, санхүүгийн байгууллагын тогтвортой байдалд сөрөг нөлөөлж магадгүй нь. Төрөөс барилгын салбарыг дэмжиж өнгөрсөн онд хоёр их наяд төгрөгийн зээл олгосон. Тэгэхээр орон сууцны нийлүүлэлт огцом нэмэгдэх хандлага бий гэнэ.
Нийлүүлэлт ингэж нэмэгдсэнээр орон сууцны зах зээлд хэт халалт үүсэх магадлал байгаа аж. Иймд орон сууцны зах зээлд нарийн судалгаа хийж хяналт тавьж зохицуулах ёстой гэж Дэлхийн банкнаас үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ