“Найрамдал” зуслан хүүхдүүдийг хулхидав
А.И.Цэдэнбал-Филатовагийн Монголын хүүхэд, багачуудад зориулан байгуулж өгсөн “Найрамдал” зуслан өдгөө ч өнгө зүсээ алдалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үүний гол гавьяатан нь 1992 оноос хойш саяхныг хүртэл Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн удирдлагаар ажиллаж байсан Т.Түвшин захирал юм. Түүний оронд СТА, жүжигчин Б.Отгонбат тохоон томилогдож, энэ жилээс эхлэн цахим хэлбэрээр амрагчдыг бүртгэх болсон ч “Найрамдал”-д амрах гэсэн хүүхдүүдийн хувьд эрхийн бичиг нь олдохгүй байдаг асуудал ер арилсангүй.
Чингээд зогсохгүй саяхны наймдугаар ээлжээр тооноосоо илүү хүүхэд хүлээн авч, амрагч хүүхдүүдийн сэтгэл санааг унагаж, 30 орчим хүүхэд шөнө дүл болтол амрах эсэхээ мэдэлгүй гадаа хүлээж, эцэс сүүлд нь гэр гэртээ харьцгаасан байна. Ийнхүү хариуцлагагүй байдал гарах болсон нь эрхийн бичгийн олдоц ховор, мөн ар өврийн хаалгаар илүү эрхийн бичиг худалдсантай шуудхан холбоотой ажээ. Үүгээр ч зогсохгүй амарч чадаагүй гэртээ буцсан хүүхдүүдийн эрхийн бичгийн төлбөрийг ч буцааж олголгүй олон хоног өнгөрч байгаа гэнэ.
Саяхан Хятадын Ляонин мужийн 100 орчим хүүхдийг наймдугаар ээлжээр нь амрааж, Ерөнхий сайдыг хүртэл урьж залан шоудаж байсан тус зуслангийн удирдлагууд жирийн амрагч хүүхдүүдийг сэтгэл санаагаар нь хохироосноо юман чинээ бодолгүй бараг л хөөх шахам муухай аашилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ