Кибер халдлага, гэмтэл хоёрын аль нь байсныг хэлж чадахгүй байна

-Манай улсад өдөрт 30-100 мянга гаруй кибер халдлага, довтолгоо ирдэг-


“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн шилэн кабельд гэмтэл гарсны улмаас “Үндэсний дата төв”-д сервертэйвэб сайтууд руу өчигдөр хэсэг хугацаанд хандах боломжгүй боллоо хэмээн “Үндэсний дата төв”-өөс мэдээлж байна. Өчигдрийн байдлаар тус хоёр байгууллага гарсан гэмтлийг хамтран засварлаж дуустал нөөц сүлжээгээ ашиглан сайтуудын хандалтыг хэвийн байдалд оруулсан хэмээн тус байгууллага нэмж тайлбарласан юм. Гэмтэл гарснаар хэдэн сайтын хандалт зогссон талаарх тоог мэдээлэх боломжгүй ч төрийн байгууллагын бүх цахим хуудас, зарим мэдээллийн сайтууд хэсэг хугацаанд хаагдсан. Үүссэн нөхцөл байдал нь “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 21 аймаг, 227 сум, суурин газарт нөлөөлсөн ч тус компани шилэн кабель гэмтээгүй гэснээс үүдэн цахим аюулгүй байдлын талаарх сэдвийг хөндөхөд хүргээд байгаа юм.

Үүнээс гадна мэдээллийн www.news.mn, www.shuud.mn, www.time.mn, www.gogo.mn сайтуудад халдаж, мэдээллийн гарчгийг бүдүүлгээр сольсон явдал нь улсын хэмжээнд цахим аюулгүй байдлын талаар яриа дэгдэхэд илүүтэй нөлөөлсөн гэхэд болно. Одоогийн байдлаар дээрх сайтуудаас www.news.mn сайтын редакц албан ёсны мэдэгдэл гаргаж, дээрх халдлагыг мэдээллийн агуулгаас үүдсэн байж болзошгүй хэмээн үзлээ.
Ингэхдээ “…зохион байгуулалттай, зорилготойгоор, магадгүй эрх мэдэл ашиглан хийсэн гэж үзэх хандлага бидэнд байгаа…” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Гэхдээ энэ бол баттай мэдээ биш. Хэвлэл мэдээллийнхэн хардах эрхтэй гэсний дагуу л гаргаж буй мэдэгдэл. Юутай ч, нэг өдрийн зайтайгаар мэдээллийн сайтуудад халдсан этгээдийг олохоор хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд эзэн холбогдогчийг тогтоосны дараа зарим сайтууд албан ёсны мэдэгдэл гаргах талаар ярилаа. Тиймээс сайтуудыг хакердаж, мэдээллийн гарчгийг ёс бус үгсээр орлуулан сольсон явдлын зангилаа хакер хийсэн этгээд эсвэл бүлэглэлийг олсны дараагаар олон нийтэд ил болох юм.

“Халдлага байх магадлал өндөр”

Наймдугаар сарын 6-ны өдрийн 15.30 цагт эхний кибер халдлага гарч www.news.mn сайт мэдээллээ дамжуулах боломжгүй болсон. Удалгүй www.shuud.mn, www.gogo.mn сайт түр хугацаанд хандалт авахаа больсон юм. Мөн тухайн өдрийн 23.05 цагт “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлчилгээ тасалдаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанид мэдэгджээ. Ингээд үйлчилгээг нөөц сүлжээнд шилжүүлэн ажиллаж байтал өчигдөр өглөөний 08.55 цагт нөөц сүлжээ нь тасарсан байна. Улмаар төрийн болон мэдээллийн сайтуудын хандалт хаагдаж, хагас өдрийн дараа хэвийн байдалдаа орсон. Үүний дараагаар www.time.mn мэдээллийн сайт кибер халдлагад өртөж, хаагдсан билээ. Харин дээрх асуудалд хоёр янзын байр суур, өөр, өөр таамаг яригдаж байна.
Нэгдүгээрт, шилэн кабелийн гэмтэл. Хэрвээ өчигдөр үүссэн байдлыг гэмтэл гэж үзвэл сайтууд хакердуулсан явдлаас салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ шилэн кабелийн гэмтэл байсан гэдэг албан ёсны тайлбарыг зөвхөн “Үндэсний дата төв”-өөс өгч байна. Тэд мэдэгдэл гаргахдаа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн шилэн кабелийн сүлжээнд гэмтэл гарсан байсныг тогтоож, тус компанийн холбогдох ажилчдад мэдэгдсэн” гэсэн юм. Гэтэл “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Золбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ “Шилэн кабель тасарсан гэмтэл гараагүй. Тийм учраас сайтууд орохгүй байсан нь хакердуулдсан байх өндөр магадлалтай” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгэхээр төрийн болон мэдээллийн сайтууд ажиллахгүй болсон нь кибер халдлага байж болзошгүй гэсэн яриа нь өндөр магадлалтай хэвээр үлдэж байна.
Бид дээрх асуудлын хүрээнд Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газартай холбогдсон ч “Хэрвээ гэмтэл гарсан бол асуудал манайд хамаагүй. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор халдлагад өртсөн гэх сайтууд гомдол санал ирүүлээгүй байна” гэсэн юм.

Кибер орон зай ямар ч хамгаалалтгүй юу

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтуудын дийлэнх нь кибер халдлагад өртөж байсан удаатай. Тэр ч байтугай ЦЕГ-ын газрын вэб сайтыг хакердаж байсан нь саяхан. Үүнээс үзэхэд манай улсад кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил хэрхэн явагддаг нь бараг л тодорхой харагдана. Дээрээс нь өнгөрөгч хоёр өдөр болсон үйл явдлын эзэн, холбогдогчийг өдийг хүртэл олж тогтоогоогүй байна. Хакер сайтуудад халдахдаа, уншигч, ард түмнийг басамжилсан үг хэрэглэн, илтэд доромжилсон нь мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнтэй тэмцэж байдаг хууль, хяналтын байгууллагуудад баригдахгүй гэсэн өндөр үнэмшилтэйгээр хийсэн үйлдэл байж болох талтай хэмээн цахим ертөнцөөр ч шуугиж байна. Нэг ёсондоо дээрх халдлагыг басамжлал хэмээн үзэж байгаа иргэн олон байгаа юм. Манай улсад шууд чиглэлээрээ кибер орон зайгаа хамгаалж байх ёстой“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг газрууд үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ. Гэсэн ч өчигдөр хагас өдрийн турш үүссэн нөхцөл байдлыг төрийн байгууллагуудын аль нь ч тайлбарлан хэлж чадахгүй байна.

Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.assa.mn/content/24208.shtml?alias=social">www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин