Чиш!!! Барилгын сайд “унтаж” байна
Шинэчлэлийн Засгийн газрын олон нийтээс “коко” үнэлгээ авах гол ажил нь бүтээн байгуулалт. Харин энэ мөчид Барилга, хот байгуулалтын сайд “унтаж” байгаа бололтой. Тэрбээр ганц үг ганхийж олон нийтэд ажлаа тайлбарласан ч үгүй, харагдсан ч үгүй. Эсвэл тийм даруухан, бас “үл үзэгдэгч гар”-аар ажлаа гүйцэлдүүлдэг лидер байв уу гэтэл ажлыг нь харахад тэгж үнэлж боломгүй.
Монголбанк зээлээр таслаагүй, STOP команд өгөөгүй байхад арилжааны банкууд төв банкинд албан ёсоор мэдэгдэлгүйгээр орон сууцны зээлийг зогсоогоод байгаа гэх мэдээлэл дуулдсаар байна. Энэ талаар Монголбанкныханд “ховлож” үзэв. Тэд “Орон сууцны зээл олгохгүй байгаа тохиолдолд бидэнд албан ёсоор мэдэгдэх ёстой. Одоогоор аль нэг банкнаас ийм мэдээлэл ирээгүй. Монголбанкны зүгээс зээлийн урсгалыг огт тасалдуулаагүй. Орон сууцны зээл олгохгүй байна гэсэн гомдол гарсан бол тухайн зээлдэгч шалгуур үзүүлэлтээ хангаагүй гэсэн шалтгаанаар л олгохгүй байж болох юм” гэсэн хариу өгч байна. Тэгэхээр Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмсэн нь зээлдэгчдэд зээл олгохгүй байх ноцтой шалтгаанд хүрэх үндэслэл гэж үзэх аргагүй.
Тэгвэл барилгын ажлын явц нь ямар байна вэ. Яагаад шинэхэн баригдсан “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд эхлээд сугалаа сугалах, аз эзээ үзэхээс эхлээд баахан шоу үргэлжилж байснаа одоо худалдан авагч олдохоо больчихов. Энэ нь барилгын чанартай холбоотой биш үү. Уг нь сугалаанд хожсон азтнуудаас хэн нэг нь татгалзвал дараагийн оршин суугч уухайн тас олдох учиртайсан. Гэтэл цоо шинэ хорооллоос татгалзаад байгаа нь сонирхолтой байгаа биз. Энэ ч бас Барилга, хот байгуулалтын сайдад хамаагүй бололтой.
Барилга барьж буй компаниуд захиалагчдадаа орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадахгүй байгаа шалтгаанаа “Барилгын материалаа Эрээн, Замын-Үүд дээр хүлээж байна” гэдгээр тайлбарлаж байна. Энэ нь тийм ч гарц олдохгүй шалтгаан биш. Нөгөөтэйгүүр барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг байх, ажиллах хүчнээр монгол хүнийг сонгодог байх зэрэг энэ салбарын “мөнхийн сэдэв” болсон асуудлууд өнөөдөр ч хэвээрээ байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэчихээд барилгын материлын үйлдвэрүүдийг дэмжлэг авах компаниудын жагсаалтаас хассан Засгийн газрын 191 дүгээр тогтоол батлагдсан бол энэ цаг үед мөн ч хэрэгтэй байв. Харин салбарын сайд уг тогтоолыг батлуулахын төлөө хэр зүтгэл гаргав. Яагаад үр дүнд хүрч чадсангүй вэ гэдэгт харамсахгүй байхын аргагүй. Тэр ч байтугай үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Мөн энэ жил барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 24 үйлдвэрт олгосноос хоёр нь хятад эзэнтэй байгаа юм. Хэдийгээр хятад эзэнтэй гэж гадуурхах гээгүй ч монгол хүн ажил хайж байгаа шүү дээ гээд бодохоор дуугүй өнгөрөх аргагүй.
Барилгын төсөвт өртөг орон сууцны үнэд хэрхэн нөлөөлж байгааг судалж яавал энэ салбарыг өөд татаж, араг яс шиг кранууд хэрзийх бус ажлын фронт болгох вэ гэдэгт анхаарах цаг нэгэнт болжээ. Тэртэй тэргүй эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, мөнгө хомсдож буй тул дээрх “аюул” ойрхон. Харин ч Монголбанкны удирдлагууд зээлийн бүтцэд “хувьсгал” хийж ихэнх зээлийг орон сууцных болгосон болохоор барилгын салбарынхан энэ боломжийг ашиглаж үр бүтээл ихтэй, ашиг хонжоо арвинтай болох болов уу гэсэн хүлээлт байсан.
Учир нь орон сууцны зээлийг хамгийн найдвартай зээл буюу эрсдлээс ангид гэж үздэг, зээлдэг барагтай л бол амьдрах нөхцлөө алдахыг хүсдэггүй. Иймд “мөнгөөр цангаахгүй гэрээ”-нд Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам хоёр гарын үсэг зурчихсан, “цусны эргэлтийг таслахгүй” гэдгээ Төв банк амласан ховор боломжийг Ц.Баярсайхан сайд ашиглах хэрэгтэй. Үүний тулд овсгоотой байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг салбарынхан нь бухимдан хүлээж байна.
Гэвч “зун ичдэг баавгай” бас байдаг аж. Барилгын ажлын сезоны үеэр ийм унтаа сайдаар удирдуулсан бүтээн байгуулалтын салбар эгзэгтэй үед ховор боломж алдах гээд байх шиг харагдана. Хэрэв тийм бол хөдөлгөөнтэй, сэтгэлтэй дараагийн хүнээр удирдуулж ажлаа дуусгах нь энэ салбарыг мөхлөөс аварна. Шинэчлэлийн Засгийн газрыг шилдэг лидерүүдээр удирдуулсан уу, эсвэл фракц хоорондын албан тушаалын арилжаагаар суудал бөглөв үү гэдгийг харах эцсийн мөч ирээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ